С.Баярцогтын 9,2 сая долларыг Монголын төр дахин ХААЦАЙЛАХ УУ

rgrgСангажавын Баярцогт гэж чухам хэн бэ?

Тэрбээр зарим нэгнийх нь хувьд залуугаараа УИХ-ын гишүүн болж, төрийн өндөр албуудыг хашиж явсан сүйхээтэй нэгэн. Харин заримынх нь хувьд төрийн албанд ажиллахдаа олсон хууль бус мөнгөө гадны банкуудад нуусан луйварчин. Аль нь ч байлаа гэсэн тэр бол Швейцарийн “Credit Suisse” банкинд 9,2 сая доллартай, тэрбумтан хүн.

С.Баярцогт чухам яаж, ямар аргаар тэрбумтан болсон нь яг одоогоор таамаглал төдий л зүйл. Түүнийг Монголын урдаа барьдаг бизнесмэнүүдийн нэг болох “Женко” Х.Баттулга, “MCS” Ж.Оджаргал, “Апу” Г.Батхүү, “Ажнай” Б.Бат-Эрдэнэ, “Мон-Уран” Б.Наранхүү нартай эн дүйцэхүйц, бүр заримаас нь илүү гарах ийм их хэмжээний хөрөнгийг насаараа цуглуулсан эсвэл хөдөлмөрлөсөн гэвэл итгэх хүн ховор. Ингээд түүнийг ямар замналаар өдий хүрсэн намтрыг дор хүргэе.

Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1989 онд Москва хотын Улсын их сургуулийг Эдийн засагч, багш мэргэжлээр,
  • 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр,
  • 2002 онд АНУ-ын Колумбийн Их сургууль,
  • 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

  • Олон улсын эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга,
  • 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч,
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат,
  • 1991-1997 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч,
  • 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-1999 онд МСДН-ын дэд дарга,
  • 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд,
  • 2000-2004 онд “Товхонхан” ХХКомпанийн зөвлөх,
  • 2002 онд Олон Улсын Валютын санд шинжээч,
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга
  • 2014 оноос ЗГХЭГ-ын дарга

Шагнал:

  • 1997 онд Алтангадас одон
  • 1999 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Энэ бол түүний Википедиад бичигдсэн намтар. Эндээс харахад тэрбээр:

  • 23 насандаа Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат,
  • 29 насандаа Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 31 насандаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд,
  • 37, 47 насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 41 насандаа Сангийн сайд,
  • 45 насандаа УИХ-ын дэд дарга зэрэг төрийн томоохон албуудыг хашиж явжээ.

Энэ хугацаанд тэрбээр дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сайдын алба хоёр удаа хашиж, хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар томилогдож, нэг удаа УИХ-ын дэд даргын суудалд заларсан байна.

Түүнийг үеийнхэн нь албан тушаалын одтой гэлцдэг нь худал зүйл биш юм. Ямар сайндаа түүнийг Америкт суралцаж ирсний дараахан “Эх орон-Ардчилал” эвслийн нүүр царай болсон М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар“Ардчилсан нам зовж явахад одоо сайдын суудалд залраад байгаа залуучууд хаана явсан юм бэ” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гомдоллож байсан гэдэг.

Түүнийг сайн ах, сайн найзын буянаар өндөр албан тушаалаас огт буудаггүй гэлцдэг. Харин зарим нэг нь С.Баярцогтын гадаад дотоодын их сургуулиудад эзэмшсэн боловсрол нь төрийн дээд албыг хашихад тохиромжтой төдийгүй мэдлэг, боловсролоороо хэнийг ч дагуулахгүй гэлцдэг байсан. Гэвч тэрбээр 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа буюу “Оюу толгой”-н гэрээг үзэглэх явцдаа  телевизийн шууд эфирээр 20 мянган хувьсагчтай тоо ярьснаар боловсролын хэмжээгээ харуулаад авсан.

Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Бямбасүрэн “Энэ гэрээг яагаад чиг  ийм байдлаар байгуулж болохгүй. Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал талаасаа байж болохгүй гэрээ. С.Баярцогтын хэлээд байгаа 20 мянган хувьсагч гэдэг нь энэ тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл юм биз дээ. Гэхдээ 20 мянган хувьсагчтай загвар бодоогүй гэдгийг би баттай ойлгож байна. Яг 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангаж болохгүй. Монголд тийм боломж ч байхгүй” хэмээн тухайн үед хэлж байсан.

Зарим нэг нь С.Баярцогт Оюутолгойн гэрээ байгуулснаараа Монголын төрд гавьяатай гэлцдэг. Тэдний үзэж буйгаар “С.Баяр, С.Баярцогт нарын чадварлаг хүмүүс хийсэн тулдаа Оюутолгойн гэрээ энэ зэрэгтэй байгаа юм. Хэрэв Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Ж.Батзандан мэтийн хуурмаг ардчилал яригч нар, хэт радикал, неонацист этгээдүүд гэрээг хийсэн бол Монгол өнөөдөр Оюутолгойгоо хэрхэн ашиглах талаар хэрэлдэхээс өөр ахицгүй суух байсан” гэнэ. Тэгэхээр энэхүү гэрээ Монгол Улсад ашигтай үгүй нь хамаагүй, байгуулсан нь л  чухал бололтой.

Оюутолгойн гэрээнээс С.Баярцогт 9,2 сая доллар завшсан уу?

“Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд соёрхон баталж, гарын үсэг зурснаар уурхай барихад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн юм.

Харин Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооны мэдэгдсэнээр С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн ”Credit Suisse” банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа ажээ.

Энэ талаар МБОТХХ-ны дэд тэргүүн Ц.Туяацэцэг “2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг “Credit Suisse” банканд нэг сая доллартой оффшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл гарсан.

Тухайн үед Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос энэ хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан. Гэвч Авлигатай Тэмцэх Газараас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан.

Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан байгаа.

2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна.

Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байсан.

Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учраас илүү их мэдээллийг өгөхгүй. Гэхдээ бидэнд мэдэж байгаа зүйл илүү их байгаа. Энэ хэргийг илүү нягталж, тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэнэ. С.Баярцогт гэдэг хүний араас олон хүн ил болно” гэсэн юм.

С.Баярцогт оффшор бүсэд нэг сая доллар нуусан тухай мэдээ өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэлтэй. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдээлсэн хэмээн түүнийг 2013 онд УИХ-ын дэд даргын албанаас нь чөлөөлж байсан. Тухайн үед УИХ-ын Ёс зүйн дэд хороо 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж С.Баярцогтыг хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх шаардлагыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж, нэг зөрчилд давхардуулж хариуцлага тооцохгүй гэдгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

2011 онд буюу Сангийн сайд байхдаа тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээ ийн гаргаж өгчээ. Гэр бүлийн болон өөрийнх нь жилийн орлого, эд хөрөнгө нийлээд нэг тэрбум 830 сая орчим төгрөг. Жилд 191 сая 499 мянган төгрөгийн орлоготой. Энэ нь УИХ-ын гишүүний цалинг жилд 7.200.000 гэж үзвэл 26 дахин их гэсэн үг. Гэр бүлийн хүний жилийн орлого дөрвөн сая 590 мянга. Гурван орон сууц, нэг барилга байгууламж байдаг ба тэдгээр нь нийлээд 391 сая 323 мянган төгрөг.

Мөн түүний гаражид “Лексус LX 470”, “Лексус GX 470” жиип, сүүлийн үеийн загварын Бенз 240 тус бүр нэг бий. Эдгээр автомашинуудаа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Харин түүнд нэг ч толгой мал байхгүй. Хадгаламжинд нь 57,8 сая төгрөг байдгаас гадна 986 сая төгрөгийн хөрөнгөтэй “Нидо” ХХК байдаг хэмээн мэдүүлжээ.

Харин түүний нуусан гэх 9,2 сая доллар анх нэг сая доллар байсан юм. Тэрбээр оффшор дансны тухай дуулиан дэгдэж эхэлсний дараахан “Өөрийн гурван найзын хамт нийлж байршуулсан” хэмээн үнэнээ өчсөн. Хэзээдээ энэ нэг сая доллар 9,2 сая доллар болж өссөнийг бид мэдэхгүй.

Швейцарийн банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задлах боломжтой юу?

С.Баярцогтыг шалгаж байгаа гэх мэдээллийг сонссон зарим хүмүүс Швейцарийн банк яагаад алдартай болсныг сана гэцгээж байна. Мөн “Энэхүү мэдээлэлд итгэхгүй байна, Цэнхэр үст Цэрэн бас л попдож байна”хэмээн цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ ч бас бодох л асуудал. Олон Улсад нууцын зэрэглэлээрээ нэрд гарсан Швейцарийн банк яагаад С.Баярцогтын дансанд 9,2 сая доллар байгаа хэмээн дэлгэчихэв.

Тэгэхээр С.Баярцогт чухам ямар банкинд мөнгөө хадгалж байсан бэ гэдэг хамгийн чухал асуудал юм.

Өнөөгийн Швейцарт нийлбэр дүнгээрээ ойролцоогоор 52 тэрбум ам.долларын татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй 400 орчим банк үйл ажиллагаа явуулдаг тухай судалгаа байдаг.

Баримт-1: Өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Авлигатай тэмцэх газрын дэд дарга Захарченкогийн эцэг Викторын нэр дээр бүртгэлтэй оффшор компаниудын дансны бичиг баримтыг цагдаа нар олсон тухай Росбалт агентлаг мэдээлж байсан. Түүний эцгийн нэр дээрх Швейцарийн банкны данснуудаас нийт 300 сая евро ($330 сая орчим) илрүүлсэн байна. “Ротчильд” болон “Дрезднер” банкуудад байгаа зургаан данс тус бүрт 45-47 сая евро хадгалагдаж байсан гэнэ. Үүнийг ОХУ-ын цагдаагийн газар илрүүлсэн байдаг.

Баримт-2: 2010 онд АНУ-Швейцарийн банкны хооронд татварын асуудалтай холбоотой нэлээд нухацтай гэрээ байгуулах тухай саналыг авч хэлэлцсэн ч Швейцарийн парламентын доод танхим дэмжихгүй байх шийд гаргасан тухай “BBC” агентлаг мэдээлж байсан билээ. АНУ-ын тавьсан шаардлага хэрвээ дэмжигдсэн бол Швейцарийн банкны гигант “UBS” дансны талаарх мэдээллүүдийг АНУ-ын татварын албаны эрх баригчдад өгөх байсан аж. Тухайн үед АНУ-ын 4,450 иргэн Швейцарийн “UBS” банкинд нууц данстай бөгөөд тус банкны менежерүүд АНУ-ын иргэдийг татвараас зайлсхийхэд тусалж байна гэж хардаж байсан юм.

Энэ бүгдээс харахад дансны мэдээлэл задрах эсэх нь төрийн оролцоотой шийдэгддэг асуудал бололтой. С.Баярцогтын 9,2 сая доллар төвлөрүүлсэн гэх “Кредит Суисс” банк 1856 онд Цюрих хотноо байгуулагдаж байсан Швейцарийн эртний банкуудын нэг юм. Тэдний зүгээс яагаад С.Баярцогтын дансны мэдээллийг дэлгэх болсон талаараа нэг ч мэдэгдэл гаргаагүй байна.

ОХУ болон АНУ-ын төр оффшор бүсэд данс эзэмшигчидтэйгээ хатуу тэмцэж, тэднийг илрүүлж, татвар төлөхгүй байгааг нь хууль бус хэмээн үзэж, ял оноогоод эхэлжээ. Харин манайд жирийн иргэн, төрийн бус байгууллага төрийн өндөр алба хашиж байсан хүний татвараас зайлсхийсэн мөнгөний араас өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулж буй нь туйлын харамсалтай. Тэд өөрсдийн олж ирсэн баримтаа АТГ-т өгсөн хэмээсэн. Хэрэв энэ удаа С.Баярцогтыг хэн нэгэн хаацайлвал шударга ёс хаана байгаа тухай ард түмэн эргэлзэж эхлэх нь дамжиггүй.

Залуугаасаа төрийн алба хашсан хүн төдий хэмжээний хөрөнгөтэй байна гэдэг боломжгүй хэмээн олон нийт үзэж байна. Насаараа бизнес эрхэлсэн хүнээс хэд дахин илүү хөрөнгөтэй байгаа нь олон нийтийн зүй ёсны хардах шалтгаан мөн билээ. С.Баярцогт нэг сая доллар нууцаар хадгалуулснаа хүлээн зөвшөөрсөн, одоо Монголын төр, цагдаа, шүүхийг л хэрхэн ажиллахыг харах үлдлээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 January 2017

Хурц дарга явж энэ нохойн толгойг баривчилж ирэхгүй юм байх даа

Сэтгэгдэл бичих