18 жил илрээгүй С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг энэ онд эцэслэгдэх үү?
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хорих 461-р ангид болно. Яг долоо хоногийн өмнө шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх хурал 10.00 цагаас Цагдан хорих 461 дүгээр анги дахь Шүүх танхимд эхэлнэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дуулгаад байна. Шүүх бүрэлдэхүүн хурлын эхлэл болоод шийдвэр танилцуулах хэсгийг олон нийтэд нээлттэй мэдээлэх бөгөөд хурлын явцыг хаалттай үргэлжлүүлэх юм. Шүүх хурлыг өмнө нь нэр өгч, сурвалжилсан 50 сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах боломжтой гэж байгаа юм.
Ямартай ч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнөөдөр шүүгдэх нь ээ. Долоо хоногийн өмнө шүүгчид хурлыг хойшлуулсан шийдвэрээ хавтаст хэрэгтэй нэмж танилцах, зарим хүнийг шүүх хуралд гэрчээр оруулах гэсэн өмгөөлөгч, шүүгдэгчдийн саналтай холбон тайлбарлаж байсныг эргэн сануулъя.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ямар ч байсан Монголын шүүхийн хаалгыг татаад байгаа. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн найман зүйл ангиар буруутгаж байгаа уг хэрэг долоо хоногийн дараа буюу энэ ондоо багтаж, шийдвэрлэгдэх үү гэдэг асуулт хариулт нэхэж байна. Эдгээр хүмүүсийг хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчлээд байгаа юм. Түүнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг улстөрийн аллага биш гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: