Утаснаас аргамжаатай амьдрал ба аюул
Гар утасны хор хөнөөлийн тухай дэлхий нийтээрээ ярьж байна. Өнөөдрийн байдлаар хоёр тэрбум гар утас идэвхтэй ашиглагдаж байгаа гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь гар утас ашиглаж байгаа юм.
Харин Монгол Улсад 1.776.034 хүн гар утас ашиглаж байгаа тухай судалгааг 2015 онд хийж байсан. Энэ тоо өнөөдөр улам өссөн. Гар утас нь өнөөдрийн нийгмийн гол харилцаа холбооны хэрэгсэл болж байгаа боловч нөгөө талаараа сөрөг нөлөөллийнх нь тухай маш олон судалгаа олон нийтэд ил болж эхэлсэн.
Тамхи жилд таван сая хүний амийг авч оддог бол гар утас түүнээс ч илүү аюул учруулна
Хамгийн анх Австралийн мэдрэлийн эмч, хавдрын шинжээч Вин Кураны гар утас ашигласнаар ямар сөрөг нөлөөтэй болохыг судалж, олон нийтийг цочирдуулж байсан юм. Түүний судалгаагаар гар утас нь тархины хорт хавдар үүсгэж, 10 жилийн дотор тухайн хүнийг үхэлд хүргэх аюултай нь тогтоогдсон байна. Куран “Тамхи жилд таван сая хүний амийг авч оддог бол гар утас түүнээс ч илүү аюул учруулна” гэжээ. Учир нь гар утас хэрэглэгчдийн тоо өнөөдөр тэрбумаар тоологдож байгаа нь тамхинаас гурав дахин илүү хор хөнөөл учруулах магадлалтай аж.
Гар утсаар удаан ярьснаар юу болдог вэ
Израилийн Реховот хотын Вайзманы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хавдар судлаач профессор Рони Сегер гар утасны туяа хортой болохыг судалгаагаар баталжээ. Тэрбээр энэхүү судалгаагаа хархнууд дээр хийжээ. Тэдгээр амьтанд утсаар ярьж байгаа хүнийг бодвол арав дахин бага тунг өгчээ. Өөрөөр хэлбэл, хархнууд гар утсаар яривал ямар хариу үйлдэл үзүүлж, тэдэнд ямар шинж тэмдэг илэрч байгааг судалсан гэсэн үг. Судалгааны явцад гар утсаар “ярилцсан” хархны тархи хариу үйлдэл үзүүлсний улмаас эсийн хуваагдал идэвхжиж эхэлсэн байна. Харин хүмүүсийн хувьд хяналтаас гарсан ийм үйл явцын улмаас хавдар бий болдог аж. Ингээд таван минутын “ярианы” дараа хархны эс нь хавдар үүсгэдэг эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг бодис ялгаруулж эхэлсэн байна. Энэ судалгаанаас үзэхэд удаан бөгөөд тогтмол ярих нь тархинд нөлөө үзүүлдгийг баталсанд эрдэмтдийн судалгааны гол утга учир оршиж байгаа юм. Үүнээс өмнө Финландын эрдэмтэд туяа нь тархины цусны судсанд нэвтэрдэг болохыг нотолсон юм. Дараа нь Шведийн эрдэмтэд гар утсыг бараг 10 жил хэрэглэж буй хүмүүс сонсголын эрхтний хавдраар хоёр дахин өвчлөх эрсдэлтэйг баталжээ. Финландын эрдэмтдийн нотолсноор гар утаснаасаа өдөр, шөнө ч ялгаагүй тасралтгүй харилцдаг хүмүүст харилцуураа аль талдаа барьж ярьснаас хамааран тэр талынх нь сонсголын мэдрэлд хавдар үүсэх магадлал бусад хэрэглэгчээс 39 хувиар илүү байдгийг тогтоожээ. Энэ мэтчилэн гар утасны хор уршгийн талаар хийсэн эрдэмтдийн судалгаа маш олон.
Ирээдүйд учрах бодит аюул эдүгээ чимээгүй гэтэж явна
Гар утаснаас ялгарах цацрагт туяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд маш хортой нь тогтоогджээ. Учир нь баг насны хүүхдийн гавлын яс сайн бэхжээгүй болохоор гар утасныаас ялгарч буй цацрагт туяаны 30 гаруй хувийг шингээж авдаг байна. Энэ нь цаашдаа ямар ч эрсдэл үүсч болохыг харуулж байгаа юм.
Мэдээжийн хэрэг өнөөдрийн нийгмийг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ гар утасны хэрэглээгээ зөв зохицуулахгүй бол ирээдүйд учрах бодит аюул эдүгээ чимээгүй гэтэж байж ч болох юм.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
URL: