Оготны дуу тэнгэрт хүрэх цаг айсуй
Олон намын системд шилжсэн энэ цаг үед бид олон сонгууль өнгөрүүлсэн ч олж, онож өгсөн нь цөөхөн санагдана. Бидний монголчууд ардчилал, хүний эрхийн шүхэр толгой дээрээ барьсан төр нийгмийн зүтгэлтнүүд олон жил улс орноо хэрхэн яаж удирдахыг үзэв. Өнгөрсөн 26 жилд Монголын ардчилсан төр хүн ардын маань нүдийг нээж, нийгмийн сэтгэл зүй хийгээд иргэний боловсрол, хүний эрхийн хувьд багагүй зүйл ард олондоо өгч, харанхуй бурангуйг гийгүүлж гэрэлтүүлсэн.
Гэсэн ч бид өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө, газар нутгаа гадаадынханд алдах цаг ойрхон ирэв.
Гадаад өр зээл хэн хүний толгойд байтугай тооны машинд багтахаа болив. Гэртээ суугаа монгол хүн бүү хэл гэдсэнд байгаа хүүхэд хүртэл төрсний гэрчилгээ авахын оронд өрийн данс гардах цөвүүн цаг айсуй. Багаар бодоход 2030 он хүртэл манай үндэсний үйлдвэрлэгчид төгс төгөлдөр сэргэж компани, аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч монгол мөнгө толгойгоо өндийлгөх чадваргүй болсон учраас ард иргэд хувьцааны ногдол ашиг хүртэх тухай бодохын ч хэрэггүй мэт.
Аймаг, хотуудын удирдлагуудын эрх мэдэл, төсөв, орлогын эх үүсвэр хумигдаж Засаг дарга гэдэг хүн засаатай ухна ишигнээс үнэгүй болов.
Учир юу хэмээвээс ноолуурын үүлдрийн ухна ишгийг өөд нь татаж үржүүлж чадвал нэг өрх айлыг байтугай нэг хэсэг аймаг, сумыг өр зээлнээс нь салгаж чадна. Гэтэл дээрх дарга нарт тамга, машин хоёроос өөр юм алга. Юунаас болоод монголчууд бид ийнхүү нохой явган, гахай нүцгэн болов гэвэл УИХ, төрийн толгойд эх оронч бус янз бүрийн үзэл бодол, ашиг сонирхолтой хүмүүс олон жил дараалан цөөнгүй тоогоор гарч ирснээс улсын сан хөмрөгийн уутны амыг уруу нь харуулж сэгсэрчээ.
Ардын нам, Ардчилсан нам хоёрыг ээлжилж сонгосоор ард түмэн үнэнд гүйцэгдэж бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч боллоо.
Ямар сайндаа л
Сангийн яамаар шагайсан чинь
Санхүү мөнгөний дайн
Саарал ордноор орсон чинь
Сандал ширээний дайн
Сайд нарын II эмнэлгээр орсон чинь
Саахар, шижингийн дайн гэсэн шог шүлэг гарахав дээ.
Эцэг эхээс бус төрөөс төрсөн тэрбумтан, хууль бусаар хөрөнгөжсөн гайхлууд, улсын хөрөнгө мөнгийг шамшигдуулан завшигчид төрийн өндөр албанд олноороо шургаснаас ард олны амьдрал сүүлийн 10 жилд илэрхий доройтлоо. Төрийн болон боловсон хүчний бодлого алдагдсанаас жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд математикийн багш хүн эх барих эмэгтэйчүүдийн эмч болж, мал зүйч автын механик, инженер хийж өнгөрсөн хэдэн жил намын харьяаллаар муур, хулгана болж тоглосны гайгаар төгсгөл үгүй төрийн алба хот, хөдөөгүй самуурсан. Жалга довны үзэл газар авч сонгогчдын боловсрол орхигдов. Хүмүүс өнөөдөр мөнгөнд бүү хэл, амлалтад хууртаж “Аз жаргалын алтан одыг алган дээр чинь тавина гэж хэлсэн захын хэн нэг луйварчныг гар өргөн УИХ-д уухайлан сонгоход бэлэн болжээ. Тэгээд эцэст нь сонгогч, сонгогдогч хоёр бие биеэ олохоо больдог. Өнгөрсөн 26 жилд эрдэмтэй номтой олон хүнийг УИХ-д сонголоо.
Гэвч тэгтлээ гэгээрсэнгүй. Авлига авдаггүй, өгдөггүй хэмээн хөрөнгө мөнгөтэй баян тарган хүмүүсийг сонголоо. Гэвч улсын сан хөмрөг арвижсангүй. Хууль барьсан хүний өмнө хутга барьсан хүн хүчгүй гэж үг байдаг .
Шударга, шулуун юм гээд хуульчдыг сонголоо. Гэмт хэрэг төдийлөн буусангүй ээ. Зарим газар хуульч, хулгайч хоёр ханцуй дотроо наймаалцдаг болов.
Арга ядахдаа дан, давхар дээлтэй олон сайд дарга нарыг сонголоо. Улс орон маань гавьтай хөгжсөнгүй ээ. Одоо тэгээд хэнийгээ УИХ-д сонгох вэ.
Энэ хүнд байдлаас гарах цорын ганц гарц, хамгийн сүүлчийн найдвар бол эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өглөө оройгүй залбирч суудаг лам, хуврагуудаа сонговол яасан юм бэ. Тэд бидэнтэй л адилхан сонгох, сонгогдох эрхтэй Монгол Улсын иргэд…
Тэд сүм хийдийн жавдан дээр жанч нөмрөн сууж өөрсдийгөө номхотгосон бурхны шавь нар тул эд хөрөнгө, эхнэр хүүхэн, архи дарс, алиа цэнгэлд сэтгэл нь хорогдохгүй ертөнцийн тоосноос тасарсан гэгээнтнүүд билээ. Тэд бурхан шиваашидийн төв таван ухаанд боловсорч хэдэн даачаа тэрэг судар, сүмбэн цээжилж гэгээрсэн номын мэргэд мөнөөс мөн учир хуулийн зүйл, заалтыг ширхэгчлэн биелүүлнэ гэдэгт найдаж болно. Тэд элдэв нам, эвслийн гишүүнчлэлгүй учраас эрх ямба хэргэм зэрэг, сандал ширээний төлөө хэзээ ч тэмцэлдэхгүй. Ямар нэг фракц-д хуваагдаж намчирхаж хагарахгүй.
Тэд уул ус, лус савдгаа шүтэж аргадаж тахидаг учраас газар шороо хөндөж эх орон, нутаг усаа харийн хүмүүст худалдахгүй. Сахил санваар хүртсэн хуврагууд эхнэр хүүхнүүдтэй доошоо орж, айл гэр үймүүлэхгүй. Тэд шунал, тачаалаа аль эрт бага залуу насандаа ард хувцастайгаа хамт тайлсан тул улсын мөнгө хөрөнгөнд хуруу дүрэх хомголзох сэтгэл үгүй билээ. Учир иймээс 2020 оноос эхлэн лам, хуврагуудаа төрийн сэнтийд залж, хуучны ёс уламжлалаа сэргээвэл дээр биш үү. 1921 онд Ардын засгийн анхны сайд дарга нар шашин, төр хоёрыг тусгаарлаж Богд гэгээний эрх мэдлийг хязгаарласан тэр цагаас хойш манай улс гадаадын том гүрнүүдийн тусламж, заавраар төрийн хэргийг хөтөлж ирлээ. Ардын засгийн анхны дарга сайдуудын дотор лам Бодоо, шанзав Бадамдорж, Да лам Цэрэнчимэд, Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар, Егүзэр хутагт Галсандаш тэргүүтэй лам хуврага олон байсан уламжлал бий. Тэглээ гээд муу юм болоогүй ээ. Би гэрээ төвхнүүлж төдийлөн амжаагүй байж болох ч төрөө эртхэн төвхнүүлээсэй гэж санаа зовж суудаг иргэн хүний хувьд энэхүү бяцхан өгүүлэлийг тэрлэж сууна. Өнөөдрийн нийгмийн эрх ашгийн дарааллаар яривал гэрээ биш төрөө элбэн тохинуулах нь чухал болоод байнам биш үү. Аль эрт 10, 20 жилийн өмнө зах зээл эхлэхэд дутуугаа гүйцээж дундуураа дүүргэн орон гэрээ тохижуулж хөрөнгө мөнгөтэй болчихсон ихэс дээдэс маань өдий болтол төрөө төвхнүүлэх сэтгэл нь илэрхий дутаж байгааг хараад би бээр арга ядахдаа ийнхүү лам хуврагуудаа дэмжье, дэвшүүлье гэж анх удаа ам нээж байна. Түүнээс биш аргаа барж аашаа эвдэж марзаганаж хошигнох гэхдээ ийнхүү уншигч таны цагийг барж, цаас цоохорлосонгүй ээ. Монгол үндэстний ёс уламжлал, эрдэм оюуны их өв соёлыг тээж авч явсан үе үеийн элит-үүд бол лам хуврагууд байсан гэдгийг эдүгээ нэг эргэн санахад илүүдэх юун билээ. Хэдхэн хоногийн өмнө Далай лам ирж X Богдыг Монголоос тодруулаад буцлаа. Энэ нь алсдаа бурхан шашны төв Түвд, Энэтхэгээс төв Азийн өндөрлөгт шилжин ирэхийн эхний дохио биз ээ. Манай бүх аймаг хутагт, хувилгаадынхаа хойд дүрийг аль эрт тодруулж, олонх нь эдүгээ Далай багшийн дэргэд Дарамсалад ном үзэж байгаа энэ үед монголчууд Утай, Гүмбэн, Улаан-Үүд рүү тийм ч олон жил цувахгүй болов уу. Молхи миний бие мунхаглан бодохуй дор магадгүй, ирээдүйд Далай ламын хойд дүр ч Монголоос тодрохыг үгүйсгэхгүй ээ. Энэ цаг дор 30 хэдэн онд дотоод яамны ногоон малгайтнуудын устгаж, шатаасан нөгөө 700 гаруй сүм хийд тоо ёсоороо босч аймаг, хот бүр хоёроос доошгүй хуврагыг УИХ-д илгээх энх амгалангийн цаг ирэх ч юм бил үү. Төрийн хар хүн нь төрийн хар хүн шиг байж чадахгүй, улааныг үзэж урваад, шарыг харж шарваад байвал худал хэлж хулгай хийдэггүйгээр нь хэдэн хуврагатаа төрийн алтан жолоог шилжүүлсүгэй хэмээн энэхүү өгүүлэл мэтийг тэрлэн уншигч авхай та бүхний гэгээн оюунд толилуулж байна.
Хоосон чанарын ертөнцөд нэвтэрсэн лам хуврагууд хэзээ ч хорвоогийн хойд, урд туйл дээр гартлаа туйлшрахгүй. Туйлшрал гэдэг бол дундуур боловсрол, дутуу сэтгэхийн тодотгол. Энэ замбуулин хийгээд ард олныхоо амар амгалангийн төлөө залбирч суудаг бурхны шавь нар хэзээ ч бусдыг “гол гаргаж” хуурч хулхидахгүй. Хэзээ ч улсын мөнгийг идэхгүй, хэзээ ч эх орон ард иргэдээ худалдахгүй, хэзээ ч үзэл бодлоосоо урвахгүй, хэзээ ч хулгай хийхгүй, хэзээ ч хурлаа таслахгүй.
Хэзээ ч хань ижил, алба ажлаасаа уйдахгүй, хэзээ ч эх орон эгэл түмнээсээ урвахгүй. Хэзээ ч анд нөхөд, ах дүүдээ атаархаж өөрийгөө шатаахгүй. Хэзээ ч …
Оготны дуу тэнгэрт хүрч олон түмний тааллыг хүртэх болтугай.
Балжирын ДОГМИД
/Ардын уран зохиолч/
URL: