Тогтолцооны гажуудлын магадлал

8c8bca073a73c83cbigХүүхдээ эмээр бөмбөгдөх бус уръдчилан сэргийлэх нъ чухал

Танил эмэгтэй маань 2-5 насны хоёр хүүхэдтэй. Өвлийн улиралд байсхийгээд л ханиад хүрч, эмэнд чамгүй мөнгө зарцуулдаг. Тиймдээ ч 0-5 насны хүүхдийн эмний мөнгийг төрөөс даадаг болж байгаа нь сайн хэрэг хэмээн олзуурхав.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эмийн зардлыг Нийгмийн даатгалын сангаас төлөх шийдвэр гаргасан нь ийн олны чихэнд хүрчээ. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болгохоор шийдсэн юм. Хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй энэ шийдвэрийн талаар өрхийн эмч нар янз бүрийн санаа бодолтой байна.

“Мөнх-Үйлст” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч “Хүүхдийн эмийг даатгалаас дааж байгаа нь зөв зүйл. Гэхдээ эмчилгээний чанар сайн, хяналт чанга байх ёстой” гэлээ. Мөн хүүхдийн эмч Ч.Цэцгээ “Уг нь эм, тариа гэхээсээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зүгээр санагддаг. Өвчилснийх нь дараа эм, тариагаар бөмбөгдөх нь тийм ч зөв зүйл биш. Манай улсад өвчлөл нэмэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх бодлого хаягдсантай холбоотой” хэмээв.

Монголын эмийн замбараагүй хэрэглээ цэгцрэхгүй байгаа нь хүмүүсийн хандлагаас үүдэлтэй гэж дүгнэх эмч ч таарлаа. Эмэнд элдэв хөнгөлөлт, үнэгүй үйлчилгээ үзүүлэх нь эргээд хэрэглээг дэмжсэн шинж чанартай болох магадлалтай байдаг талаар эмийн хяналтын байцаагч анхааруулав.

Үнэхээр ч ийн болгоомжлохоос аргагүй. Амьдралын боломж хомс хүмүүст сайн мэдээ байж болох ч саар зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Учир нь манай улсад эм, тарианы замбараагүй хэрэглээ газар авсан. Төр бодлогоор зохицуулах гээд хүч хүрэхгүй байгаа юм. Төр эмчилгээний зардлыг даалаа гэхэд хатуу хяналт тавих хэрэгтэй. Ингэхгүй бол үнэгүй зүйлд шуурдаг хүмүүс хүүхдээ хий ханиах төдийд эм, тариагаар угжаад байх вий.

ЭМИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ БОДЛОГО

Уг нь эмийг хор гэдэг өнцгөөс нь харж хэвшвэл зүгээрсэн. Засаг нь багачуудаа эм, тариагаар дайлахаас ил үүтэй эцэг, эхчүүдэд урьдчилан сэргийлэх сэтгэлгээ суулгахад анхаарал хандуулбал хавьгүй илүү хөрөнгө оруулалт болох байсан бус уу.

Нөгөөтэйгүүр даатгалын хөнгөлөлтөөр өгдөг эмүүд голдуу Болгар, Унгар, Малайз, Индонезийн үйлдвэрийнх. Эдгээр улсад хуурамч эм үйлдвэрлэдэг байгууллага үй олон байдгийг дэлхийн хэмжээнд ярьдаг, анхааруулдаг. Гэхдээ хуурамч эм даатгалаар өгөх нь хэмээн гөрдөх гэсэнгүй. Эмчилгээний зардлыг даатгалаас гаргана гэсэн нэрийн доор чанар муутай, үйлчилгээ сул эм, тарианы бизнес газар авч, сүүдэрт нь багачууд өртөх вий гэсэн болгоомжлол тээсэндээ ийн өгүүлж байна.

Жишээ татъя, цахим мэдээллээс харахад Монголын эмийн зах зээлийн багагүй хувийг бүрдүүлдэг Малайз улсын эмийн үйлдвэрлэл сүүлийн үед байнга өсөлттэй байдаг өөдрөг дүнг үзүүлжээ. Болгар ч мөн ялгаагүй. Эмийн зах зээл жижигтэй ч борлуулалт нь үргэлж өсөлттэй гардаг байна. Гаднын эмийн зах зээлийг тэлэхэд бид багагүй хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Мөн хуурамч эм ч нэлээд илрэх болсон. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй эмийг мэргэжлийн хяналтынхан хурааж, устгасан талаар байсхийгээд л мэдээлдэг. Сонирхуулахад, 2015 онд олон улсын байгууллага дэлхий даяар хуурамч эмтэй тэмцэх аян өрнүүлсэн. Энэ үеэр нийтдээ 81.1 сая ам.долларын 20.1 сая бүртгэлгүй, баталгаагүй эм хураасан тухай мэдээ цацагджээ. Хуурамч эмийн үйлдвэрлэлээр Малайз улс нэлээд дээгүүрт бичигддэг. Тус улсад хуурамч эм зардаг бараг 300 орчим сүлжээ байдаг аж. Энэ бүхэн манай улсад ч хамаатай. Монгол нэгэнт импортлогч орон гэсэн шошго зүүдэг. Энэ ч утгаараа эм, тарианы хэрэглээг бодлогоор дэмжих, урамшуулах нь эрсдэлтэй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна. Эмийн гаж нөлөөг эмчлэхэд амаргүй гэж эмч нар ярьдаг юм билээ. Антибиотикоос үүдсэн мөөгөнцөр, харшил, шүдний паалангийн үхжилт гээд олон сөрөг нөлөө бага насныханд ч тохиолдох болсныг хүүхдийн эмч нар ярьж байсан.

НЯНГИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар монголчуудын 61.3 хувь нь нянгийн эсрэг бэлдмэлийг зохисгүй хэрэглэдэг гэсэн байна. Түүнчлэн эмч нарын өөрсдийнх нь мэдлэг дутмаг байдаг нь судалгаанаас харагджээ. Тухайлбал, эмийн үйлдэл, харилцан үйлчлэлийн талаар эмч нарын 57 хувь нь хагас дутуу мэдлэгтэй байдаг гэжээ.

Эмийн хяналтын тогтолцоог төр, засаг хэдийнэ хөсөр хаясан
Сүүлийн үед нийгмийн даатгалаар хөнгөлдөг эмийн тоо улам л нэмэгдэж байгаа. Өвчлөл өндөр болохоор төрөөс хөнгөлж байгаа нь нэг талаар авууштай. Гэхдээ эм идээд бай гэсэн ойлголтыг төрүүлж буйгаас ялгаа алга. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг гуравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Тус жагсаалтад 404 нэр төрлийн эм багтжээ. Эдгээрт хүүхдэд өгдөг олон төрлийн эм, витамин орсон байдаг. Дархлаа дэмжих, өсөлт сайжруулах витаминаас эхлээд барагцаагаар 100 гаруй эмийг даатгалын хөнгөлөлтөөр авч болно гэсэн тайлбарыг “Цахиур төмөр” эмийн сангийн эмзүйч өглөө.

АЛДААНААС АВАХ СУРГАМЖ

Манай улс шиг төр нь хөнгөлөөд иргэд нь эм идээд байдаг орон дэлхийд ховор. Хэрэв бага насны хүүхдийн эмчилгээний зардлыг даатгалаас даавал тэр хэрээрээ хамгийн чанартайг сонгох нь чухал. Өмнө тохиолдсон хатуу сургамжийг мартаж болохгүй. Хэргийг сөхвөл, 2014 оны наймдугаар сард ЭХЭМҮТ-д эмчлүүлж байсан 23 хүүхэд фенабарбитал эмэнд хордож дуулиан дэгдсэнийг мартах учиргүй. Тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй энэ эмэнд хордсон зарим хүүхдэд одоо ч гаж нөлөө илэрсээр байгаа.

Манай улс өндөр хөгжилтэй орон шиг эмчилгээнд төгс хяналт тавьж чаддаггүй гэдгийг дээрх түүх баталж өгсөн. Эмийн хяналтын тогтолцоог төр, засаг аль хэдийнэ хөсөр хаясан. Тиймээс л өнөөдөр монголчууд эмийг чихэр шиг идэж байна.

Уг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт том ахиц гарсан. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж, мянганы хөгжлийн зорилтоо биелүүлж, олон улсын байгууллагаас өндөр оноо авсан, бид. Харин одоо урьдчилан сэргийлэх бодлогод анхаарал хандуулж, эмийн хэрэглээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод “Эмийн зохицуулалт. хяналтын үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангаж, бэхжүүлнэ’ гэж заасан байдаг. Гэвч энэ нь биеллээ олоогүй.

Эрүүл мэндийн яам төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, хэлэлцүүлж эхэлсэн. Энэхүү баримт бичигт эмийн хяналт зохицуулалтын талаар оновчтой зүйл тусгахгүй бол ирэх 10 жилд замбараагүй хэрэглээ цэгцрэхгүй нь хэмээн салбарын зарим мэргэжилтэн сануулж буй. Энэ мэтээр эрсдэл дагуулж болох эмийн хэрэглээг хязгаарлах, хянах талаар засгаас ямар нэг ажил зохион байгуулахыг, энэхүү баримт бичигт анхнаас нь тусгах маш чухал асуудал болоод байна.

 

Б.Гандолгор /ЗГМ/

@gandolgorZGM


URL:

Сэтгэгдэл бичих