АН-ын ТАВАН ӨНГӨ

15577891_1463926546952582_4706787147949765887_oНайман жилийн дараахь VI Их хурлын уур амьсгал, 250 сая төгрөгийн босго тойрсон шүүмжлэл, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний М.Чимэддоржийг өрсөлдүүлэхээс татгалзсан тухай маргааныг эс тооцвол Ардчилсан намын даргын сунгаа албан ёсоор зхэллээ. Сунгаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ҮИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, сайд асан Л.Гантөмөр нарын таван хүн өрсөлдөх бол тэдгээрийн аль нэг нь ирэх сарын 29-нд АН-ын даргаар тодрох учиртай.

Нэг үгээр хэлбэл, Д.Дорлигжав (2000-2002), М.Энхсайхан (2002-2005), Р.Гончигдорж (2005-2006), Ц.Элбэгдорж (2006-2008), Н.Алтанхуяг, (2008 – 2014), З.Энхболд (2014 оноос хойш) нарын дараа АН-ын долоо дахь дарга болж, тамга атгах юм.

АН-ын дараалсан ялагдалд цэг тавих, шинэчлэлийн салхи оруулах, фракц тойрсон эрх мэдлийн хуваарилалтыг халах замаар намаа дахин “эх барьж”, 2020 оны сонгуульд ялалт байгуулах гээд нэр дэвшигчдээс хүлээх зүйл гишүүд, дэмжигчдэд нь олон бий. Тэр тусмаа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг хэн хэрхэн удирдаж орохоос 2020 оны УИХ-ын сонгуулийн хар зургаа ноороглох учраас нэгдүгээр сарын 29-ний санал хураах өдөр хүртэл нэр дэвшигчдийн дунд томоохон өрсөлдөөн өрнөхөөр харагдаж байна.

Н.АЛТАНХУЯГ

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос 2008 онд АН-ын даргын халааг авч байсан тэрбээр намдаа шинэ биш хуучин фигур. Намын даргаар ажилласан зургаан жилийн хугацаандаа Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр, УИХ, нийслэлд нэг удаа АН ялалт байгуулсан нь түүнтэй салшгүй холбогддог. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ АН-аас хамгийн түрүүнд мэдэгдэж, нам дамнасан бүлэглэлийн эсрэг тэмцэхээ удаа дараа илэрхийлснийхээ хувьд тэр АН-д шинэ өнгө бичихээр хичээж явна.

Нэгэнт цагт АН-ын чигийг зааж явсан, одоо ч өөрийн гэсэн нөлөөтэй “Алтангадас” фракцыг үүсгэн байгуулагчийн нэг тэрбээр АН-ын түүхэн дзх хамгийн удаан Ерөнхий сайд, намын даргаар ажилласан туршлагатай. Нөгөө талаас 2004-2012 оныг хүртэл Засгийн газарт МАН-тай хамтарч эрх барьсан АН-ын түүхэнд цэг тавьж хоёр дахиа засаглах эрхтэй болсон нь Н.Алтанхуягийн гавьяа. Гэвч АН эрх барьсан 1996-2000 оны түүх Н.Алтанхуягийн Засгийн газрыг тойроогүй дайрснаар тэрбээр 27 дахь Ерөнхий сайд албаа, намын даргын хамт өгсөн билээ.

Гагцхүү Ерөнхий сайд болсон хийгээд бууснаас нь хойш өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага ялангуяа Авлигатай тэмцэх газрынхан түүнийг боорголох болж, ахлах зөвлөх асанд нь хүртэл шүүхээс ял ногдуулаад буй. Одоо ч Н.Алтанхуягийн ойр тойрныхныг хууль хяналтын байгууллагынхан шалгасан хэвээр байгаа юм. Гэхдээ АН-ын даргад хоёр дахиа нэр дэвшихээр болсон Н.Алтанхуяг долоо дахь удаагийн сунгаанд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байх болов уу.

С.ЭРДЭНЭ

“Баянгол”-ын хэмээх тодотголтой тэрбээр АН-д “Алтангадас”-ын дараа орох “Шонхор” фракцын харьяалалтай.

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон ч Ч.Сайханбилэгийн танхимд үлдсэн хоёр сайдын нэг. Өдгөө үнэмлэхүй олонхийг сөрөх, ард түмний нүд чих болох учиртай сөрөг хүчний Бүлгийн даргаар ажиллаж байна. Харин өнөөдөр АН-д жин дарахуйц хэмжээний нөлөөллөө тогтоосон “Шонхор” фракцынхаа квот, дэмжлэгээр намын даргад хүч үзэх гэж байна.

Д.ЭРДЭНЭБАТ

АН-ын нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга, төрийн сайд болтлоо дэвшсэн түүний хувьд “МҮДН” фракцынх. Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж байх үед ерөнхий нарийн бичгийн даргын албатай явсан тэрбээр энэ удаад З.Энхболдын халааг авахаар эрмэлзэж эхэлсэн нь энэ. Хэлье гэснээ шулуухан хэлчихдэг, хэнтэй ч ам зөрчихдөг басчхүү шазруун зан нь түүнийг Бүлгийн бусад найман гишүүнээс нь ялгаруулж харагдуулдаг. АН-ын VI Их хурлын өмнөхөн хуралдсан ҮЗХ-ны хорооны хурлаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүнийг намын даргаар жинхлэх тухай яриа гарсан ч дараагийн хүнийг тодортол З.Энхболдыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ орон нутгийн сонгуульд АН-ыг удирдан оролцож, 104 сум, гурван дүүрэгт ялалт байгуулсан нь энэ удаагийн сунгаанд түүнд нэмэх оноо болж буух нь тодорхой.

Ж.БАТЗАНДАН

Шар бүч, хар польтотой залуус Төв талбайд жагсаал зохион байгуулж, Төрийн ордныг гороолж эхэлсэн үеэс тодорхой түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр АН-ын даргад өрсөлдөхөө хамгийн түрүүнд илэрхийлж, Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдэж байсан нь саяхан. Мөн АН-ын даргын сунгаанд нэр дэвшихийн 250 сая төгрөгийн босго тогтоосныг олон нийтэд хамгийн түрүүнд мэдээлсэн билээ. Өнгөрсөн парламентын үед “Нэг ардчилал”-аас “Шонхор” фракц руу буурь сэлгэж явсан Ж.Батзандан өдгөө аль нэгэн фракцын харьяалалгүй болж Н.Алтанхуягийн адил нам дамжсан бүлэглэлийн эсрэг тэмцэхээ илэрхийлэх болсон юм.

Л.ГАНТӨМӨР

Нэгэн цагт АН-ын УИХ дахь бүлгийн хэсэг залуус нэгдэн “Нэг ардчилал” фракцыг байгуулж байв. Бүрэлдэхүүнд нь нам дотроо залууд тооцогдох басчхүү боловсролтой хэсэг нь багтдаг байлаа. Тэдгээрийн нэг нь Л.Гантөмөр. АН эрх барьсан дөрвөн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр хариуцсан салбаргаа чамгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Хэдийгээр VI Их хурлын өмнөхөн “Нэг ардчилал”-ынхан татан буугдсанаа зарласан ч нэгэн цагт нэг малгайн дор явсан нөхөд нь дэмжлэг үзүүлэх нь мэдэзж. Нөгөө талаас АН-ын ялагдлын шалтгаан фракцуудын тэмцлээс болсон учир “Нэг ардчилал”-ыг татан буулгасан хэмээсэн нь энэ удаагийн сунгаанд нэмэх оноо болж мэдэх юм.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих