Сурагчид нь нэгнийхээ хоолойг зүсчихээд байхад “БИД ХАРААГҮЙ” гэх тайлбар хийж байгаа “Улаанбаатар Эмпати” сургуульд хариуцлагын тухай хичээл заах уу, Боловсролын сайд аа?
Хүүхэд гэр бүлийн орчноос, мөн сурч боловсорч байгаа сургуулийнхаа орчноос төлөвшил, хүмүүжлээ олдог. Тиймээс ч хүүхдэд эрдэм номын боловсрол олгох үүрэгтэй боловсролын байгууллага сургуулиуд хариуцлагатай ажиллах ёстой. Хувийн хөрөнгө оруулалттай гэх тодотголтой сургуулиуд хүүхдүүдийн эцэг эхээс өндөр төлбөр мөнгө авч байгаагийнхаа хэрээр хүүхдүүдийг аюулгүй эрсдэлгүй байлгахад анхаарах ёстой баймаар. Гэтэл тэгж дийлдэггүй бололтой.
Тухайлбал, Турк сургууль гэх нэрээр нь Монголчуудын сайн мэдэх Улаанбаатар Эмпати дунд сургууль 1994 онд байгуулагдсан байдаг. Харамсалтай нь, уг сургуулийн сурагч нэгнийхээ хоолойг зүссэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 8-р хороо Офицеруудын ордны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Турк” сургуулийн 10 болон 11-р ангийн 17 настай А, 16 настай Б нар хоорондоо маргалдаж байгаад нэгнийхээ хоолойг зүссэн хэрэг гарчээ. Уг хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Мэдээллээс үзэхэд эцэг эхчүүд хүүхдээ Турк сургуульд сургахын тулд чамгүй мөнгө жилдээ зориулдаг байна. Тодруулбал, сургуулийн жилийн төлбөр долоон сая төгрөг. Нэг ангид 20-25 хүүхэд суралцдаг. Шилжиж ирсэн хүүхэд эхний жилээ заавал 3 450 000 төгрөгийн өртөг бүхий дотуур байранд амьдрах журамтай гэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ боловсролтой сүрхий хүн болгох гээд баахан мөнгө төлөөд, үнэтэй сургуульд сургаж байгаа ч, хүүхэд нь хүмүүжил төлөвшлийн хувьд хэн болох гээд байгааг, тэрэнд нь сургуулийнх нь дотоод орчин хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг дээр төдийлөн анхаарч байна уу гэдэг асуудал гарч байна.
Сургуулийн удирдлагын зүгээс ч хүүхдүүдийн аюулгүй байдалд сайтар анхаарах учиртай. Хариуцлагатай хандах ёстой. Гэтэл хариуцлага алдсанаа ухаарсан шинжгүй тайлбарыг хэвлэлд өгсөн байх юм. Тус сургуулийн зүгээс мэдэгдэхдээ “Олон хүүхэд байгаа юм чинь тэр болгонд хараад байх боломжгүй” гэжээ. Ийм тайлбар өгөөд сууж байдаг сургуулийн удирдлагууд байж болох уу.
Хэрэвзээ золгүй байдал болоод хоолой нь зүсэгдсэн хүү амиа алдсан бол яах байсан юм бэ. Бид хараагүй ээ гээд сууж байх уу. Ер нь өндөр төлбөр мөнгөөр хүүхдүүдийг сургадаг сургуулиудад салбарын яамнаас анхаарал хандуулдаг уу. Мөнгө авч байгаа юм чинь чанартай л боловсрол олгодог гэж итгээд суудаг уу. Тэднийг хариуцлагатай байх ёстой гэдгийг хэн тэгээд хэлж заах ёстой болж байна вэ. Салбарын яам үүн дээр анхаарах хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: