Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт мөнгөний төлөө хэт шуналтаж, үндсэн үүргээ умартсан уу?
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэж байгууллага уг нь нягтлан бодогчдыг сургаж, хөгжүүлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллах ёстой. Гэвч мөнгөний төлөө хэт шуналтаж, тун хариуцлагагүй байдлаар үйл ажиллагаа явуулж ирлээ гэх мэдээллийг нэгэн иргэн манай сайтад хандаж ирүүлсэн юм. Ингээд эх сурвалжийн ирүүлсэн мэдээллийг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэж байна.
“Би Монголын мянга, мянган нягтлан бодогч нарын төлөөлөл болон энэхүү захиаг бичиж байна.
Монголын мэргэшсэн нягтлан бодогч гэсэн мэргэжлийн зэрэг байдаг. Энэ зэргийг зөвхөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт олгодог билээ. Энэ зэргийг анхны удаад авахад 4 жилийн хүчинтэй бөгөөд дараа нь ахин сургалтанд сууж, шалгалт өгч байж хугацаагүй эрхтэй болдог. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 6 сард, 12 сард гээд жилд нийт 2 удаа авдаг. Мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт авах шалгалтын хугацаа нь өөр байдаг. Хөдөө орон нутагт арай эрт авах бөгөөд шалгалтын агуулгын хувьд бага зэрэг хялбар байдаг. Улаанбаатар хотод нэг удаадаа нэг шалгалтыг нь ойролцоогоор 1000 орчим хүн өгдөг юм билээ.
Энэхүү зэргийг авахын тулд эхлээд сорил шалгалтууд өгөх ёстой. Сорил шалгалт өгөхөд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Сорил шалгалтууд нь:
- Компьютерийн мэдлэг
- Нэгдсэн цогц бодлого
- Мэргэжлийн ёс зүй гэсэн 3 шалгалтаас бүрдэнэ. Эдгээрээс мэргэлжийн ёс зүйн шалгалт өгөхийн тулд институцийн сургалтанд заавал суусан байх шаардлагатай бөгөөд сургалтын төлбөр нь 60 000 /Жаран мянган/ төгрөг. Энэ сургалтаар багш нар нь ёс зүй заах биш өөрсдийнхөө аудитын компаний рекламыг хийсээр байгаад таардаг.
Дээрх 3 сорил шалгалтанд тэнцсэний дараа эрх олгох шалгалтаа өгнө. Нягтлан бодогч албан тушаалд 2 жил, өөр өлбан тушаалд 4 билүү 5 жил ажилласны дараа зэрэг авах шалгалтуудаа өгөх эрх үүсдэг. Эрх олгох шалгалтууд нь:
- Мэргэжлийн англи хэл /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр нь 7500 төгрөг/
- Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага /Сургалтын төлбөр 180 000 төгрөг, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
- Санхүүгийн тайлагнал /Сургалтын төлбөр 180 000 төгрөг, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
- Аудит ба баталгаажуулалт /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 7500 төгрөг/
- Санхүүгийн менежмент /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
- Хууль эрх зүй, татварын бүртгэл /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/ байдаг.
Эдгээр бүх хичээлийн хүрээнд жил бүр шинээр ном гаргана, гаргасан номнуудын тест бодлого дандаа алдаатай байдаг. Нэг номны үнэ дунджаар 15 000-40 000 төгрөгний үнэтэй. Дараа жил нь засварласан хэвлэл гээд ахиад ном гаргаад зарна. Хүмүүс шалгалтандаа бэлдэхийн тулд ахиад авна.
Дээрх шалгалтууд нь нэг удаа өгөөд тэнцсэний дараа 18 сарын хүчинтэй байдаг. 18 сарын дотор бусад шалгалтаа өгөөд тэнцэхгүй бол эхнээсээ тэнцсэн шалгалтууд нь хүчингүй болоод, ахиад эхлэх шаардлагатай болдог гэсэн үг юм.
Улаанбаатар хотын шалгалт.
Улаанбаатар хотод ажилладаг болон хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс өгч болдог.
Англи хэл, аудит, хуулийн шалгалт нь харьцангуй боложмийн, хүмүүс хувиараа бэлдээд тэнцчихдэг.
Харин санхүү өртөгийн шалгалт нь хүндрэлтэй. Хүмүүс хувиараа бэлдээд тэнцэх нь ховор, сургалтанд нь суугаад ч заримдаа нэмэргүй, багш нар нь өөрсдөө ч хичээлийн агуулгаа бүрэн ойлгоогүй, бодлогуудаа боловсруулаагүй байдаг. Шалгалт нь ч мөн адил маш асуудалтай болдог. Нийт 100 онооны шалгалтын 70 оноо нь энгийн тест болон бодолттой тест, 30 оноо нь 5 бодлогоос бүрдсэн байдаг. Шалгалтанд ирсэн тест, бодлогууд нь дандаа алдаатай, шаблон нь мөн эргэлзээтэй байдаг. Улаанбаатар хотод шалгалт өгч буй хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л тэнцдэг.
Шалгалт авах дүрмээ баримталдаггүй, зарим хүмүүс шалгалтын дундуур 10-аад удаа гарч орно, хүмүүсийн бичиг баримтыг шалгахгүй шалгалтаа авах тохиолдол олон.
Шалгалтанд үнэхээр шударгаар тэцэж байгаа хүмүүс тун ховор, танил талаараа болон хахууль өгч байж тэнцсэн хүмүүс харин ч олон доо. Хахуулийн мөнгө хэдэн сая л гэж ярьна шүүдээ.
Шалгалтын дүндээ эргэлзээд материалаа үзье гэсэн хүсэлт тавихаар үзүүлдэггүй юм билээ, маш их асуудалтай болохоор л тэгдэг байх. Ийм санал хүсэлт тавьсан хүнийг цаашдаа хэдэн ч удаа хичнээн сайн шалгалт өгсөн тэнцүүлдэггүй гэх яриа байдаг юм билээ. Олны үг ортой л байлгүй дээ.
Хөдөө орон нутгийн шалгалт.
Хөдөө орон нутгийн шалгалтыг зөвхөн хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс л өгнө. Улаанбаатар хотод ажилладаг хүн өгч болохгүй. Нэг аймгаас нөгөө аймаг руу очоод өгч болно, аймгуудын шалгалтын хугацаа зөрдөг тул нэг хүн хэдэн ч удаа шалгалт өгч болдог. Уг нь ингэж болохгүй мэт боловч хүмүүс танил талаараа ингээд л өгөөд байдаг.
Шалгалтуудын бүтэц Улаанбаатар хотынхтой ижил боловч агуулгын хувьд бага зэрэг хялбар байдаг. Бүх аймгуудад нууц байх ёстой шалгалтын материал нь шалгалтын өмнөх өдөр задарчихдаг, заримдаа бүр хариутайгаа задарчихдаг. Хөдөө орон нутагт шалгалт өгч буй хүмүүсийн 70-80 хувь тэнцдэг гэх юм билээ.
Шалгалтын материал нь алдаатай байхад хэн хэрхэн тэнцэх билээдээ? Шалгалтаа нэг өгөөд унана, дараа нь бүр сайн бэлдээд, баахан ном худалдаж аваад өгөөд унана, тэгэхээр нь сургалтанд нь сууна, ахиад хэдэн ном худалдаж авна, зааж байгаа багш нь заах хичээлээ мэдэхгүй, ахиад шалгалт өгнө, ахиад унана. Уг нь хүн чинь өөрөө би иймэрхүү хийлээдээ, гайгүй хийсэндээ эсвэл тааруу хийлээдээ гэсэн баримжаатай байгаа шдээ. Гэтэл илүү сайн бэлдэх тусам улам муу дүн аваад л байна.
Энэ дүр зураг аль 10 гаран жилийн өмнө ийм л байсан, одоо ч ийм байна гэдгийг олон жил нягтлан хийсэн хүмүүс хэлж байна. ММНБИ нь нягтлан бодогчдыг сургаж, хөгжүүлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллах ёстой байтал мөнгөний төлөө хэт шуналтаж, ийм нөхцөл байдалд хүрлээ.
Сүүлийн үед мэргэшсэн нягтлан бодогч гэсэн зэргийг байгууллагын удирдлагууд нэг их ойшоохоо больсон, учир нь энэ мэргэжлийн зэрэг үнэгүйдэж байна гэсэн үг юм аа. Өнгөрсөнд ийм байсан, одоо ийм байна, ирээдүйд яах бол гэдэг их чухал юм.
Энэ дүр зургийн дагуу хэнд хандах ёстойгоо мэдэхгүй тул ийнхүү захиа бичлээ. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахаар бол Монголын мянга мянган нягтлан бодогчид нэгдэхэд бэлэн гэдэгээ илэрхийлсэн билээ.” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tiim shu unen arai denduu shuu mnb