Шүүх хурал гараа үдээсээр боолгосон цорын ганц гэрчгүйгээр маргааш үргэлжлэх үү?

mo2016121405010.jpgС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн сүр дуулиантай эхэлсэн шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл хойшлоод байгаа. Өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй хангалттай танилцах хугацаа шаардлагатай, мөн зарим хүнийг гэрчээр оруулах саналыг гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж ийнхүү маргааш хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурал хойшилсон долоо хоногийн хугацаанд шүүх хурлын эргэн тойронд юу өрнөв өө?

Хуулийн байгууллагын ахмад ажилтнууд үгээ хэлж эхэллээ. Өөрийгөө мөнхийн хохирогч хэмээн зарласан С.Зориг агсны дүү С.Оюун шүүх хуралд оролцохгүй, энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган хуралд гэрчээр байлцахгүй гэх мэдээллүүд ч гарч эхэллээ.

Шүүх хурлын талаар Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан, тагнуулын хурандаа Ш.Тогтох хаалттай явуулах нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Шүүх хурлыг хаалттай хийж болно. Ийм хуулийн заалт бий, улсын нууцтай холбоотой, байгууллагын, хувь хүний нарийн ширийн юм байлгүй яахав. Хэргийг шийдвэрлэхэд ашиглах баримтыг бас тухайн үед шүүгч, өмгөөлөгч, яллагч прокурорууд нийтэд задалж болохгүй янз бүрийн нөхцөл байдлууд байж болдог. Үүний улмаас шүүх хурлыг нууцлахыг шийдэж зохицуулдаг. Хурлын процессыг бүхэлд нь бичнэ. Тэр бол шүүх хурал болоод дууссаны дараа нууц биш болдог” хэмээн хэвлэлд ярьжээ.

Тэгвэл олон жил шүүгч хийсэн, ахмад хуульч Л.Бор хэмээх эмэгтэй арванхоёрдугаар сарын 15-нд Ньюс агентлагт өгсөн ярилцлагадаа “Нээлттэй, хаалттай явуулах тухайд маргах зүйлгүй. Үүнийг хуулиар зохицуулдаг. Хэн нэгний хүслээр шийддэг асуудал биш. С.Зориг агсны хэрэгт төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтууд авагдсан бол шүүх хуралдааныг хаалттай явуулах ёстой. Шүүх нээлттэй болсон гэдгээр хаалттай явуулах ёстой хуралдааныг нээлттэй явуулах гэвэл хууль зөрчинө. Шүүх хууль хэрэглэдэг субъект учраас хууль зөрчих эрх тэдэнд байхгүй” гэсэн байна.

Хуулийн байгууллагынхан шүүх хурлыг хаалттай явуулж байгаад дургүй байгаа нийгмийн сэтгэл зүйг тайвшруулах хандлага эдгээр ярилцлагаас илт цухалзаж байна.

Нийгмийг цочирдуулж, олон жил дуулиан дагуулсан, олон ч хүний амьдралд хар толбо үлдээсэн аймшигт хэргийн жинхэнэ эзэд хуулийн дагуу зохих ялаа эдлэх үү, эсхүл хавтаст хэргийн маш нууцын зэрэглэлтэй баримтуудын цаана гэм зэмгүй иргэд хэлмэгдэж, хууль, хүчний байгууллагууд улстөрчдийн шүдний өвчин болсон энэ хэргийг илрүүлж, шийдвэрлэсэн нэр зүүгээд үлдэх үү гэдэг нь шийдэгдэх гэж байгаа.

Үүнтэй холбогдуулж шүүх хурлыг нээлттэй явуулахад үгээ хэлэхийг бидний зүгээс Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд уриалсан боловч О.Баасанхүү гишүүн дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсч Улсын Дээд Шүүхэд албан тоот илгээснээс өөр зүйл болсонгүй.

Харин хохирогчдын төлөөлөл болох С.Зориг агсны дүү С.Оюун шүүх хурлыг нээлттэй, нууцлалгүй явуулж өгөх хүсэлт шүүхэд гаргасан боловч хэрэгсээгүй. Улмаар долоо хоногийн өмнө нээгдээд хойшилсон шүүх хуралд хохирогчоор оролцох ёстой байсан УИХ-ын гишүүн асан ирээгүй билээ. С.Оюун хавтаст хэрэгтэй танилцчихаад “Би мөнхийн хохирогч, энэ хэргийг шийдвэрлэхэд би оролцохгүй” хэмээсэн тухай Өдрийн сонинд бичжээ.

Хэрэг гарах үед гараа үдээсээр боолгосон гэж мэдүүлсэн гэгддэг Б.Булган шүүх хуралд ирээгүй нь онцгой анхаарал татаж байна. Энэ хэргийн цорын ганц гэрч болох Б.Булган шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байж магадгүй мэдээлэл ч тархаад байна. Б.Булганыг жил гаруйн өмнөөс л хуулийн байгууллага яллагдагчаар саатуулан шалгаж байсан. Тэгвэл саяхан прокурорын байгууллагаас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тийм ч учраас тэрээр шүүх хуралд очоогүй гэх мэдээлэл цацагдсан. Гэсэн хэдий ч Б.Булганыг гэрчээр оролцуулах ёстой гэсэн хүлээлт шүүхийн шударга шийдвэрийг хүлээж байгаа олон нийтийн дунд давамгайлж байгаа юм.

Одоогоор хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа гурван иргэн болох Орхон аймгийн харъяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын тухай олон мэдээлэл бий. Ц.Амгаланбаатар нь 2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргээр ял эдэлж байгаа бөгөөд энэ хэрэгтээ Эрдэнэтийн шүүхээс цаазын ял сонсож байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачлага гаргаснаар, бүх цаазын ялтай хэрэгтнүүдийн нэгэн адил Ц.Амгаланбаатарын ял 25 жил болж хувирсан байдаг. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Б.Содномдаржааг хэрэг гарах үед гэртээ байсан гэдгийг ээж нь хэвлэлийнхэнд ярьж байгаа. Тэрээр “…тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан” хэмээсэн. Тэгвэл мөн л хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Чимгээ нь амаржаад удаагүй байсан ба харин Ц.Амгаланбаатар өөрөө тэр үед хот ч орж үзээгүй  16 настай жаахан хүү байсан тухай эгч нь ярьсан юм.

Энэ мэтчилэн үйл явдлууд, мэдээллүүд шүүх хурлын эргэн тойрон өрнөж, олны сонорт хүрсээр байна. Нэгэн хэвлэлд, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа Э.Бат-Үүл, Б.Булган нарыг гэрчээр байлцуулахыг хүссэн байж мэднэ гэсэн таамаглал гарчээ. Энэ таамаг бодитой байх магадлалтай.

Шүүх бүрэлдэхүүн 18 жилийн өмнө алуурчдад гараа үдээсээр боолгож, угаалгын өрөөндөө цоожлогдсон гэх талийгаачийн эхнэр Б.Булганыг гэрчээр дуудах уу, ямар нэг цагаан малгайнаас болж байн байн хардагдаж сэрдэгдэж ирсэн улсын баатар Э.Бат-Үүл шүүх хуралд оролцох уу, Б.Булганы мэдүүлгээр чулуу хөөлгөсөн олон олон “Батаа, Оюунаа” нар одоогийн сэжигтнүүд болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай яаж тохирч байгааг ямар нотлох баримтуудаар хэрхэн тайлбарлах вэ зэргээс шүүх хурал шударга явагдаж байгаа эсэх нь олон талаар хамаарах байх.

Эсвэл гэрчгүй, хохирогчгүй шүүх хурал 18 жилийн турш улс төрийн аллага гэсэн нэр зүүж явсан гэмт хэргийг ахуйн шинжтэй хүн амины хэрэг болгоод, ядарсан иргэдэд ял тохоод өнгөрөх эмгэнэлт жүжиг болон хувирах уу гэдгийг бид маргааш үргэлжлэх хурлаас харах нь.

Уг шүүх хурал  Монголын шүүх хэр шударга ажилладгийн томоохон шалгуур болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих