Гурван хүүхдээ гэрт нь цоожилсноос ГАЛД ӨРТӨЖ амиа алджээ

6120

Өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 1.7-5 настай гурван хүүхэд галд өртөж амиа алдсан хэрэг гарчээ.

14:22 цагт “айл шатаж байна” гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

Гэвч дээрх гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар  өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд ийнхүү галд өртжээ.

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны  хүүхэд байгаа юм.

Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Иймд, иргэд гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх,  халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах,  хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эзэнгүй  гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

http://news.gogo.mn/r/198396


URL:

Нэр: зочин Огноо: 1 January 2017

хайран хүүхдүүд даан ч дээ????? эцэг эхчүүдээ???

Сэтгэгдэл бичих