Виз гаргах нэрийдлээр 32 сая төгрөг залилсан этгээдүүдийг саатуулжээ

527-14821371298_59Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар үйлдэж, виз гаргах нэрийдлээр иргэдийг залилсан хоёр хүнийг баривчилжээ.
Хэрэг үйлдсэн А, У нар нь олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн утга бүхий  зар тарааж,өөрсдийгөө Чехийн Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлжээ. Улмаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол хүсэлтийг буцаана хэмээн сүрдүүлж, 35 иргэнээс 32 сая төгрөг авсныг тогтоосон байна.
Сэжигтэн А болон У нар нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ. Одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар /компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэдний хийсэн хуурамч хаягийг устгасан байна.
Иргэдийн цахим хуудсанд хамтран ажиллах санал, хүсэлт ирсэн тохиолдолд холбогдох байгууллагад хандан тодруулсны дараа харилцахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих