Тэрхийн цагаан нууранд аврах ажиллагаа явууллаа
Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа.
Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живсэн байна.
Осол болсон газар нь Тэрхийн цагаан нуурын хойд хэсэг Шанаатын овооны ойролцоо нуурын эргээс нэг километр зайд 6 метр орчим гүнд осолджээ.
Онцгой байдлын газрын усчин аврагчид хоёр өдөр ажиллаж осолдсон хоёр иргэний цогцсыг олж гарган ар гэр, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн хэмжээнд цаг агаарын байдал харьцангуй дулаан, гол нуурын мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд нуур, голын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
URL: