АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨССӨӨР БАЙХ УУ, БУУРАХ УУ
Эсрэг тэсрэг байр суурь
Н.БАЯРТСАЙХАН: ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ БОЛОМЖУУД НЭЭГДЭЖ БАЙНА
/Монголбанкны Ерөнхийлөгч/
-Бидний өдөр тутамд мөрдөж ажилладаг Монголбанкны тухай хуулинд Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчим баримтална гэж заасан байдаг. Бидэнд төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тэнцвэртэй хөгжил маш чухал. Валютын асар их нөөцтэй улс оронд бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол түвпшнд барьж чаддаг. Гэхдээ одоогоор их ховор тохиолдол юм.
Ихэнх улс оронд ханштай холбоотой асуудал үүсч л байдаг. Манай улсын хувьд мэдээж валютын нөөц хязгаарлагдмал, дээр нь зах зээлийн зарчимд тулгуурласан чөлөөт эдийн засагтай, хөрөнгийн урсгал хөдөлгөөн нь чөлөөтэй байдаг улс юм. Ийм нөхцөлд валютын ханшийг тогтмол барих гэж оролдох нь зөв бодлого биш. Ингэвэл байгаа гадаад валютын нөөцөө богино хугацаанд шавхаж дуусгахад хүрнэ. Энэ нь эцэстээ огцом савалгааг үүсгэж, эдийн засгийг хүчтэй уналтанд оруулах уршигтай.
Тиймээс Монголбанк ханшийг тогтмол барих гэж оролдох нь оновчгүй сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин богино хугацаанд үүссэн огцом савалгааг зогсоохын тулд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Дээр нь 2017 онд Монголбанк валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод байдлыг хангасан шинэ тогтолцоо бий болгохын төлөө ажиллахаар зорьж байна. Энэ нь валютын ханш огцом савлах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Үүний тулд мэдээж, хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх учиртай.
Ер нь валютын дотогшлох урсгалыг сайжруулах, эдийн засагт орох валютын хэмжээг нэмэгдүүлэхийг бүх л улс орон эрмэлздэг. Энд ширүүн өрсөлдөөн явагддаг. Дэлхий бол өрсөлдөөний том талбар. Манай орны хувьд экспорт бол валютын хамгийн том эх үүсвэр. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, аялал жуулчлалаа сайжруулвал боломж бий. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад мөнгөө барьж ирээд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж өгөх нь валют олох бас нэг чухал суваг юм. Мөн хямд зээл авах, санхүүгийн зах зээлээс мөнгө татах арга байж болно.
Нөгөө талаар бодлогын хүүгээ нэмсэн буруу гэх шүүмжлэлийг ойлгож хүндэтгэж байгаа. Нээлттэй нийгэмд шүүмжлэл сонсдоггүй хэн байх билээ. Энэ шийдвэр бол валютын нөөцөө л хамгаалах арга гэдгийг онцлох нь зүйтэй. Бид байгаа нөөцөө хямгадах, хамгаалах хэрэгтэй болсон. Монгол Улс 2017 онд нэлээд хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нөөцтэй байх хэрэгтэй биз дээ? Нөгөө талаар Монгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, төгрөгийг үнэ цэнтэй мөнгө байлгах алхам байсан. Төгрөг бол үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт байх ёстой. Бодлогын хүүг өсгөсөн нь нэг талдаа төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж, харин нөгөө талдаа валютын хадгаламжийг хязгаарлах зах зээлийн зарчимд суурилсан арга байсан. Монголбанк валютын нийлүүлэлт хийж байгаа, худалдан авалт ч бас хийж байна. Долоо хоногг хоёр удаа валютын дуудлага худалдааг Төв банк явуулдаг. Эрэлт хэрэгцээнээс хамаарч долоо хоногт 30-70 сая ам.доллар гаргадаг. Түлш шатахууны болон Монгол улсад зайлшгүй шаардлагатай бусад чухал бараа бүтээгдэхүүний импортын хэрэгцээг хангахад юуны түрүүнд анхаарч ажиллалаа.
Харин сүүлийн үед гарч байгаа нэг сайхан хандлага бол банк, аж ахуйн нэгжүүд валютаа бидэнд худалдаж эхэлсэн явдал. Хувийн хэвшлийн амаргүй хүнд нөхцөл байдлыг ойлгож, хамтдаа даван туулах алхамаа ийн эхлүүлж байгаад талархаж байна. Энэ бол яах аргагүй эх оронч сэтгэлийн илэрхийлэл гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Нөгөө талаар манай экспортод жин дардаг зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэнтэй холбоотой боломжууд нээгдэж байна.
Н.ДАШЗЭВЭГ: ГАДААД ЗЭЭЛИЙН ДАРАМТ БАГАСТАЛ ТӨГРӨГ УНАСААР БАЙХ БОЛНО
/Эдийн засагч/
-Ханш тогтворжлоо гэдэг нь түр зуурын үзэгдэл байх аа. Гадаад зээлийн дарамт багастал, валютийн нөөц бүрдтэл, төсвийн алдагдал тэглэтэл төгрөг унасаар байх болно. Гол нь төв банкны мөнгөний, ханшийн бодлого зөв болтол ханш унасаар байх болно. Миний хувьд валютын нөөцгүй байгаа энэ үед валют, алт хоёр дээр онцгой зохицуулалт хийе гэсэн санал дэвшүүлж байгаа юм. Ингэвэл төгрөгийн ханш уналт их хэмжээгээр явагдаж буй нь зогсоно. Валютын наймаачид, арилжааны банкууд ашиг олох гээд дураараа ханш тогтоож буйг болиулмаар байгаа юм. Монголын олборлож буй алт 15 тонн уу, 30 тонн уу гэдгийг төр засаг хянаж чадахгүй байгаа юм. Ялангуяа валютын нөөцгүй энэ үед ийм байж болохгүй.
Л.ОЮУН: ИНТЕРВЕНЦ ХИЙГЭЭД УРТ ХУГАЦААНДАА ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ
/МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор/
-Төгрөг, долларын ханшийг зохицуулдаг нэг арга нь интервенц шүү дээ. Интервенц нь Ревальваци, Девальваци гэж хоёр хэлбэртэй байдаг. Ревальваци нь төгрөгийнхөө ханшийг зориудаар өндөр болгож, эсрэг талд нь долларын ханшийг буулгах арга хэмжээ. Үүний гол хэрэгсэл нь бол зах зээлд долларын нийлүүлэлтийг нэмдэг. Үр дүнд нь валютын нийлүүлэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад ханш нь буудаг. Энэ аргыг хэрэглэж байна л даа. Гэхдээ энэ арга нь дунд болон урт хугацаандаа үр дүн өгөхгүй.
Ер нь Монгол Улсад доллар төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгах бодлого баръя гэвэл өөр арга хэрэглэх хэрэгтэй. Нэгдүгээрт, долларын нийлүүлэлтийг дотооддоо оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг оруулж ирдэг ганц суваг нь экспортоо нэмэгдүүлэх. Түүнээс Монголбанк шиг зүгээр л зах зээлд доллар нийлүүлээд ханшийг тогтворжуулна гэж байхгүй. Энэ түр зуурын гал унтраах л арга. Хоёрдугаарт, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын бараагаа бууруулах арга. Ингэхийн тулд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Нөөц нь байсаар байтал бид эцсийн бүтээгдэхүүнийг өртөг өндөртэй авсаар байна шүү дээ.
Сэтгүүлчийн дүгнэлт
МОНГОЛБАНКНЫ БУРУУ, ҮГҮЙ ЗАСГЫН ГАЗРЫНХ
Ам.долларын ханш арваннэгдүгээр сард гэнэт огцом савлаж, зарим нэг хүн цус харвах дөхсөн. Тэр дундаа ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүдийн зүрхэнд шар ус хуруулсан болов уу. Гэхдээ л гэнэт дээшээ хөөрсөн ам.долларын ханш одоогоор 2500 төгрөг хавьцаа тогтоод байна. Гэхдээ энэ бол тийм бага ханш биш шүү дээ. Ам.долларын ханш 2000 төгрөг боллоо, юу болоод байна, аюулын харанга дэлдлээ гээд л саяхан амтай болгон хашгирч байсан. Гэтэл өнөөдөр 2500 төгрөгт хүрчихлээ. Бүр 3000 руу гэтэж байсныг эс тооцвол арай л дээр гээд л сууж байх уу. Энэ Монгол Улсад эзэн гэж байна уу энэ чинь. Асуудлыг хэн шийдэх ёстой вэ. Ажлаа хийж, асуудлаа шийдэх ёстой хүмүүс нь хуралдаа ч суухгүй, хувийн ажлаа хөөцөлдөж, “хор”- оо найруулж гүйцгээгээд л. Ард нь ард түмэн “ноён ногоон”-д дарлуулж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрч байна.
Засгийн газар нь Монголбанк руу буруугаа чихнэ. Төв банк буцаагаад Засгийн газар ажлаа хийхгүй байна гэж зовлон тоочино. Нэг иймэрхүү л байдалтай өдөр хоногийн өнгөрөөж байна. Одоо бид ам.долларын ханш 2500 төгрөг хавьцаа тогтож байгаад баярлаад суух ёстой болох нь. Энэ чинь арай дэндэж байгаа хэрэг биш үү.
Өнгөрсөн сард ам.долларын ханш баахан савлахад Монгол банкнаас зүгээр л хөөс, улирлын чанартай, буурна гэсэн мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь буурч алсангүй. Үгүй ээ яахав, тухайн үедээ 2700 давж байсныг бодвол ч буурчихсан. Гэхдээ 400-500 төгрөгөөр гэнэт нэмэгдээд, 200 төгрөгөө эргэж буураад л байж байна. “Аан чи тавлаж байна уу” гэдэг шиг л юм болж байгаа биз дээ.
Төв банкинд үнэндээ бодлогын хүүгээ нэмэх, интервенц хийхээс өөрөөр ам.долларын ханшийг хазаарлах арга байхгүй. Ядаж байхад валютын нөөц нэг тэрбум руу ороод ирлээ. Одоо үүнээс цааш нөөцөө буулгах арга Монголбанкинд байхгүй болсон. Арваннэгдүгээр сард 650 сая ам.долларын өртөг 17 тонн алт зарсан байсан. Удахгүй мөнгө болоод, валютын нөөц дээр нэмэгдэх байх. Тэгвэл зах зээлд ам.доллар нийлүүлж, ханшийг нь жаахан буулгах гэж оролдож магад. Гэхдээ 2016 онд аль хэдийнэ 1.291 тэрбум ам.доллараар интервенц хийчихээд байгаа. Үр дүнд ам.доллар 2500 төгрөг дээр тогтож байх шиг байна. Өөрөөр яах ч билээ.
Өчигдөр төв банк бодлогын хүүгээ нэг нэгжээр буулгаж, 14 хувь болголоо. Ингэсгээд л тэдний хийх ажил дуусч байгаа юм. Харин Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийв. УИХ юу хийж амжуулав. Төв банк руу баахан дайрсан гишүүд л байгаа. Өөрөөр юу ч хийгээгүй. Өнөөдрийг болтол манай улсын томоохон төслүүд хөдлөх эсэх нь таамаг хэвээр байна. Ганц нэг уулзалт хийсэн болоод байж байгаа. Ер нь Засгийн хийж цөөн хэдэн ажлын үр дүн тодорхой биш. Бүтэх ч юм уу, бүтэхгүй ч юм уу, бүү мэд. Тэгээд чаддаг нь төв банк руу дайрах л болчихсон.
Яриа хэлэлцээрээ хурдан хийгээд, үр дүн байдаг бол үзээч ээ, нөхөд өө. За тэр гаднаас зээл авах. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах энэ тэр бол манайхаас хамаарахгүй л байх. Хүлээх ёстой бол хүлээж л таарна. Харин тэр нүүрсээ зарах, алтаа ухах гээд манайхаас илүүтэй хамаарах ажлаа жаахан түргэлчихвэл яасан юм бэ. Нэг л их худлаа ард түмэвдээ хайртай царайлсан, шударга ёс ярьсан, зурагтаа гарахдаа уран цэцэн үг хэлсэн хүмүүс л байх юм. Тэгж байх зуур чинь төгрөг цаас болж, ам.доллар манайхыг эзэллээ байна.
Н.Пунцагболд
URL: