Б.Батбаяр та, өөрөө өөртэйгөө л өрсөлдөж Хөгжлийн банкны захирал болов уу?

6091

Төр засгийн хариуцлагатай албан тушаалтнуудыг томилохдоо эхлээд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилдог нэг моод тогтчихсон. Төрийн албаны зөвлөлийн шалгуур сэлтийг давах эсэх нь тодорхойгүй байхад, шууд л үүрэг гүйцэтгэгчээр суулгаж, эрх олгосныхоо бүр дараа нь л жинхнээс нь томилдог. Энэ нь нэг талаас тактик юм шиг байгаа юм. Тэгвэл засгийн хуралдаанаар Хөгжлийн банкны захирлыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд, хэдийнэ захирлаар ажиллаад эхэлчихсэн байсан Б.Батбаярыг захирлаар томилох шийдвэр гаргаад байгаа. Үндэслэлээ “Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв.” гэжээ. Тэгэхээр хэдийнэ захирлаар ажиллаад эхэлчихсэн Б.Батбаяр гэгч нь хэзээдээ хэнтэйгээ өрсөлдөөд сонгон шалгаруулалтад ялалт байгуулчихсан юм, бүү мэд. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөө юу гэлтэй.

Дашрамд өгүүлэхэд, Хөгжлийн банкны удирдлагууд хийгээд эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой асуудал нам жим талдаа байгаа. Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман хэлэхдээ  “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна.Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон”  гэж байсан. За харин Н.Мөнхбатын өмгөөлөгч нь хэлэхдээ үйлчлүүлэгч нь огт буруугүй гэж байсан.

За харин Хөгжлийн банкны шинэ захирал Б.Батбаяр гэж нөхөр ч Н.Мөнхбатыг төдийлөн буруутгахгүй байгаагаа хэвлэлд илэрхийлсэн байсан. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа бүх асуудал хууль эрх зүйн орчинтой холбоотой гэжээ. Мөн тэрбээр Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын хэлж ярьсныг ч үгүйсгэх янзтай байна. Б.Энхбаяр дэд сайд хэлэхдээ “Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа” гэж байсан. Тэгвэл Б.Батбаяр “Алдагдал энэ хэмжээнээс бага. Ханшийн болон хүүгийн эрсдэлтэй зээл авснаас болоод багагүй алдагдал хүлээсан тохиолдлууд бий. Тухайлбал, иенийн бондын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүйгээс шалтгаалан бондын бодит зардал нь 40-50 хувийн өртөгтэй байгаа. Мөн 11-12 хувийн өртөгтэй ам.долларын зээл аваад 6-7 хувьтай дамжуулан зээлдүүлж хүүгийн алдагдал хүлээж байсан тохиолдлууд ч гарсан. Дээрээс нь зээлийн чанар муудах гэх мэт  олон хүчин зүйлс алдагдалд нөлөөлж байна” гэжээ.

За харин нэлээд хэл амтай газарт удирдлагаар очсон тэрбээр экс удирдлага шигээ элдэв асуудалд орох вий гэдэг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Хувь хүнийхээ хувьд надад ямар нэгэн болгоомжлох, айх асуудал алга. Хардлага сэрдлэг байж болно, гэхдээ асуудал гарч болзошгүй цоорхойг нөхөх нь хамгийн түрүүнд хийх ажил гэж бодож байна. Энэ хүрээнд банкны хууль эрх зүйн орчинг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Хууль эрх зүйн орчин, засаглалаа сайжруулаагүй тохиолдолд хэн ч Хөгжлийн банкны захирлаар томилогдлоо гэхэд бусдын хардлага сэрдлэг гарсаар байх болно.Яагаад гэвэл Хөгжлийн банк бие дааж өөрийн зарчим, зорилгод нийцсэн шийдвэрээ гаргахаас илүү улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрүүдийг биелүүлж ажилсан. Эндээс нэг сөрөг үзэгдэл харагдсан л даа. Хөгжлийн банк өөрийн бүрдүүлсэн эх үүсвэрээс даруй хоёр их наяд төгрөгөөр илүү гарсан төслийг санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг юм билээ. Энэ дотор хуульд нийцээгүй ч шийдвэрүүд гарсан нь эхнээсээ шүүх дээр тогтоогдоод цуцлагдаж эхэлж байна. Тиймээс тухайн төслийн захиалагч болон дээрээс өгсөн даалгавраар Хөгжлийн банк  өөртөө байхгүй мөнгөө өгнө гээд зээлийн шийдвэр гаргаад эдийн засагт хүлээлт үүсгэчихсэн байна.

Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин бүрэн бус байгаатай холбоотой. Ямар зээлийг санхүүжүүлэх вэ, өөрийн хөрөнгөний хэдэн хувьтай тэнцэх зээл гаргах ёстой вэ, төслийн сонгон шалгаруулалтыг яаж хийх вэ, үнэлгээг хэрхэн бодитой тооцох вэ, УИХ, Засгийн газартай ямар нөхцөлөөр ажиллах ёстой вэ гээд шийдэх асуудал олон байна.  Нэг ёсондоо УИХ, Засгийн газрын мөнгө өг гэсэн төсөл болгоныг санхүүжүүлэх ёстой юу гэдгээ хуулиар тов тодорхой болгох ёстой л доо. Ийм байдлаар санхүүгийн хүндрэлд орж татан буугдаж, шинэчлэгдэн байгуулагдаж байсан олон улсын хөгжлийн банкнуудын жишээ цөөнгүй байдаг. Хүсэлт гаргасан хүн болгонд хяналтгүй мөнгө өгсөөр байгаад Хөгжлийн банк өөрөө хүнд байдалд орсон байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо тов тодорхой болгох ёстой. Банкны ажлыг аваад хуулийн төслийг шинэчлэх талаар саналаа боловсруулаад бэлэн болгосон. Одоо Сангийн яаманд хүлээлгэж өгнө. Одоо боловрсуулсан байгаа хэлбэрээрээ УИХ-аар батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны засаглал сайжирна, үйл ажиллагаа нь тодорхой болно, дунд хугацаанд хөрөнгө оруулагчдад нээлттэй болох юм.   Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ оролцоо ямар байх вэ, Засгийн газрын оролцоог хэр байлгах вэ, төслийн сонгон шалгаруулалтын зарчим, эргэн төлөлтийн нөхцөл ямар байх вэ гэх мэт олон асуудал хуульчилагдан шийдсэний дараа хариуцлагын тогтолцоо ч амар болно.” гэхчлэн хэлж ярьжээ.

Б.Батбаярын тухайд одоо ингээд хэлж ярьж байгаа шигээ, Н.Мөнхбат шиг улстөрчдийн утсан хүүхэлдэй болчихгүй байх хууль эрх зүйн орчин эхлээд хэрэгтэй аж. Мэдээж тэр орчныг нь хууль тогтоох дээд байгууллага бий болгож өгөх ёстой.

Тэрбээр өөрийгөө  хэн нэгний хүн биш гэж хэлсэн байна лээ. Тийм бол мэдээж сайн хэрэг.  Бас тэр өөрийгөө “Хөгжлийн банкны хувьд шинэ хүн биш. Хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахад би гар бие оролцож явлаа. Тэр  үед би Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газрын дарга хийдэг байсан юм. Анх Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулалцаж, үүсгэн байгуулагдахад анхны дүрэм, журмыг боловсруулж, тодорхой хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ч ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны анхны бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжиж, мөнгө босгох ажлыг ч хариуцаж явлаа. Харин ч анхны шанг нь тавилцаж, таталцаж явсан хүний хувьд таван жилийн дараа эхлүүлсэн том ажлынхаа бодит байдалтай танилцах бололцоо олдсон гэж харж байна. Түүнээс том банкны захирал болчихлоо гээд баярлаад байсан юм алга.” гэж ярьсан байдаг.

Уг нь өнөөдрийн хууль эрхзүйн орчныг чичлээд байгаа Б.Батбаяр дарга Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд  нэлээдгүй л оролцоотой байсан гэж ойлгогддог. Гэвч асуудал болгоныг хууль эрхзүйн орчин руу чихэж эхнээсээ хариуцлагаас бултах арга барилаар ажлаа эхэлсэн нь харамсалтай юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: ШИНЭ ОН Огноо: 19 December 2016

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих