Ямар улсад амьдраад байгаагаа ч мэдэхээ байлаа
За нээрээ үнэхээр юу гэж ч хэлмээр юм бэ дээ. Бухимдаад өөрийн эрхгүй нулимс гараад байх юм. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань ханиаднаасаа хоёр цагийн дотор л хатгаа болж шилжиж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг хүүхэд маань л гэхэд 10 гаруй удаа хоёр уушиг нь хоёулаа хатгалгаа гээд эмнэлэгт хэвтсэн. Миний хүүгийн уушиг өөрөөрөө амьсгалж чадахгүй нэмэлт аппрат зүүдэг. Хүчээр хүчилтөрөгчөөр амьсгалж байна.
Цэцэрлэгт явдаг байхдаа би лав ханиад хүрээд эмнэлэгт хэвтэж байснаа санахгүй байна. Гэтэл бяцхан зулзаганууд 9 сараас 11 сарын хооронд 3-4 удаа эмнэлэгт хэвтэж байна. Цэцэрлэгт ороод ханиад хүрнэ гэдэг энгийн үзэгдэл болчихжээ. Ямар аймар юм бэ?
Хүйтрээд ирэхээр нүүрс түлж агаарын бохирдол ихэссэнээс болж бяцхан үрсийн уушиг дийлэхээ байлаа. Тэдэнд дархлаа ч тогтож амжихгүй байна. Тэдний амьсгалж чадахгүй байхыг харах тийм амар гэж бодож байна уу? Уушиг нь амьсгалж чадахгүй болохоор зүрхнийх нь ачаалал нэмэгдэж зүрх нь цээжнээсээ гарч ирэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байна. Ингээд зүрхний үйл ажиллагаанд доголдол үүснэ.
Ямар улсад амьдраад байгаагаа ч мэдэхээ байлаа.
ЭРХ БАРИГЧИД АА! /үе үеийн эрх баригчдад аа/ намчирхаж улс төржихөө зогсоогоод улс эх орон чинь юу болж байгааг сэтгэл гарган ганцхан минут нэг хараач.
Бидний ирээдүй болсон үр хүүхдүүд минь өнөөдөр эмнэлэгт хэвтэх гээд очер дараалал үүсгээд оргүй гээд коридорт хэвтэж байна. Ямар муухай эмгэнэлтэй дүр зураг вэ? Ханиад нь хатгаа болж. Хатгаанаасаа болж жилд 500 гаруй хүүхэд нас барж байна. Олон ээж үрээ алдаж, олон ах эгч дүүгээсээ хагацаж, анхны ач зээгээ тэвэрсэн эмээ өвөө үр залгах удамгүй болж байна. Энэ жижиг асуудал уу?
Ямар гээчийн шунаг сэтгэлтэн улс эх орныг маань ийм болгоод байгаа юм бэ? Утааны асуудлыг шийдэх мянга мянган шийдэл байна. Төслийг хэрэгжүүлж чадах олон чадварлаг залуус, боловсон хүчин байна. Би бүүр нэр дурдаад ч хэлж чадна. Та нар мөнгө хараагүй байсан бол өнөөдөр тэд маань эх орныхоо эрүүл мэндийг хамгаалахаар олон сайхан зүйлсийг бий болгох байлаа. Тэд өнөөдөр мохож байна. ЭРХ БАРИГЧИД аа! Та нар өнөөдөр асуудлыг шийдэх боломжтой залуусыг унтрааж ҮГҮЙ хийж байна.
Бид өнөөдөр гурван саяуулаа. Сайхан амьдарч болох байгалийн нөөц баялагтай. Бид дэлхийг байлдан дагуулж чадах оюуны чадавхитай. Эрүүл саруул байх нөхцөл боломж байгаа. Гэтэл ийм цөөхөн ард түмнийг сайхан амьдруулаад, эрүүл саруул байлгаж чадахгүй ямар арчаагүй юм бэ?
Та нар агаарын бохирдлоос болоод гэр бүлээ гадагшаа явуулдаг, Агаарын бохирдлоос болоод өөрсдөө хотын захад амьдардаг. Агаарын бохирдлоос өчнөөн сая төгрөг халаасандаа хавчуулдаг. ИЧЭЭЧ.
Төрд гарсан хүмүүс эх орноо, ард түмнээ зөв залахын тулд БОДЛОГО боловсруулдаг гэсэн. ЗӨВ ЗАЛАХ чадвар хэрэгтэй байна. ЗӨВ гэж юу гэсэн үг вэ? өөрсдөөсөө нэг асуучихаарай.
Хэдий болтол бид дуугүй суух юм бэ? Одоо чадахгүй гэдгээ би хэлчихье. Өөрийн зүгээс албан ёсоор энэ байдалтай тэмцэнэ. Өргөх бичиг барина. Доривтой шийдвэр гартал явна. Өөртэйгээ санаа бодол нийлэх хүмүүстэй нэгдэнэ.
ЭЭЖ АППЛИКЕЙШН албан ёсоор ЭРХ БАРИГЧИДАД “эхний удаад” өргөх бичиг барина. Нэгдэх хүмүүс байвал коммент хэсэгт өөрсдийн санал хүсэлтээ бичээрэй.
Иргэн О.Ундрам
URL: