Монгол ЗАХ ЗЭЭЛ
Капиталистууд хөгжлөөрөө гайхуулж хүнснээсээ илүү, илүүдэл жингээ хасахад мөнгө зарцуулж байна. Харин коммунизм байгуулж байсан монголчууд 50 сая малтай байж мах идэж чадахгүй байгаа бол коммунизм байгуулж байгаа ар Солонгосын хүүхэд өвс идэж байгааг CNN мэдээлсэн. Хачирхалтай нь өрнөдөд ялгуусан амжилтад хүрсэн капитализм буурай хөгжилтэй орнуудад авлига, ядуурал, гэмт хэргийн голомт болж хувирч байгаа тухай олон баримт бий. Эндээс капитализм гэж юу вэ гэсэн асуулт гарна. Капитализм гэдэг нь К.Марксын капитал буюу нэмүү өртгийн тухай онолоос гаралтай үг гэнэ. Гэхдээ одоо ч капитализмын үндсэн хэрэглэгдэхүүн болж байгаа энэ онол социализмд орж ирэхдээ нэмүү өртөг нийгмийн доод давхаргыг шулан, мөлжих хэрэгсэл хэмээн томьёологдсон аж. Эндээс социалистууд нэмүү өртөггүй бараа, үйлчилгээгээр ард түмнийг жаргаах онол бодож олжээ. Тэдний онолоо хэрэгжүүлэх гэсэн оролдлого нь 40 жил ч (1945-1980) насалсангүй. Өнөөгөөс 250 жилийн өмнө Америкийн улстөрч А.Жефферсон “Хүн бүр бурхны өмнө тэгш эрхтэй” гэж тунхагласан бол Английн эдийн засагч А.Смит “хувь хүний шунал нь” улс орныг хөгжүүлдгийг онолоор баталжээ. Энэ нь америкчууд тэгш эрх, англичууд эдийн засгийн эрх чөлөөг эдлэх замыг нээснээр таргаа дийлэхээ больсон өндөр хөгжилтэй орны иргэдийг төрүүлжээ. Харин саяхны нэгэн баримтаар бол хүний тэгш эрх, эдийн засгийн эрх чөлөөг XIII зуунд нөхөр Чингэс хаан нээсэн гэнэ. Судлаачдын баталж буйгаар бол Чингэс хаан ард олондоо бүх шашин шүтэх эрх, торгоны замаар дайсандаа ч наймаа хийх эрх олгодог байсан. Энэ бүхэн нь хүний тэгш эрхийг хангаж, хувь хүнд эдийн засгийн эрх чөлөө олгосон анхны тохиолдол аж. Орчин цагт хүний тэгш эрх гэдэг нь иргэн бүр аливаа эрхээ үзэл бодол, өмч, албан тушаалаас үл хамааран шударга шүүхээр хамгаалуулна. Үүний хамгийн том жишээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, дадлагын оюутан Моника Левинскийд ялагдсан явдал тооцогдоно. Харин эдийн засгийн эрх чөлөө гэдэгт туркууд долоон доллараар компани байгуулах эрхтэй болсон тэр явдал хамаарна. Тэд компани байгуулсан л бол ямар ч тендер, зөвшөөрөл авах эрхтэй. Эдгээрээс харвал капитализм гэдэг нь хувийн өмч, хувь хүний эрх чөлөөн дээр л оршин тогтнох аж. Мөн капитализмд төр хэрэгтэй юу гэсэн асуулт гарна. Тэгш эрхтэй иргэдийн байгуулсан төр Үндсэн хуулиар эрхээ хязгаарлуулж, шүүхээр иргэдийн тэгш эрх, цэрэг зэвсгээр нийгмийн аюулгүй байдлыг хангаж, хувь хүнийг хүчин мөхөсдөх нийгэмд шаардлагатай аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
УИХ ТӨСВӨӨР ДААЛУУДАВ
Дээр өгүүлснээр капитализм нь хувь хүний өмчин дээр оршин тогтноно. Гэхдээ “Би улс орноо хөгжүүлэхийн тулд компани байгуулсан” гэж ярьдаг нэг ч тэрбумтан одоогоор төрөөгүй. Бүх хөрөнгөтнүүд өөрийн гэр бүлийн сайн сайхны төлөө шургуу хөдөлмөрлөсний хүчинд асар их хөрөнгө хуримтлуулж чадсан. Харин тэдний өөрийнхөө төлөө шургуу тэмцсэн амьдралынх нь үр дүн үр хүүхдээр нь зогсохгүй улс орноо хөгжүүлэх үндсэн хөшүүрэг болжээ. Тэдний хүрсэн амжилтын үндэс нь төрөөс гаргасан элдэв хууль тогтоомж, заавар зөвлөмж биш. Төрийн үүрэг болсон “Бусдын эрхийг хохироохгүйгээр өөрийн ашгийг ол” алтан дүрэм. Монголчуудын 40 шахам хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа баримт бий. Удахгүй манай улс нэг хүнд ноогдох баялгаараа Кувейт, Катарын дараа орно. Эдгээр орнуудын дээдсүүд шонхроор наадаж, доодчууд үр хүүхдээ хүмүүжүүлж дэлхийн байгалийн гайхамшигт газруудаар аялж насаа элээнэ. Харин гуравдагч тэрбумтан монголчууд хэзээ тэдний зиндаад очих бол гэсэн таамаг дэвшүүлье. Яг өнөөгийн мөрдөж байгаа хуулиар бол өнөө маргаашдаа иргэдээ баяжуулдаг зах зээлийн эдийн засагт орохгүй гэж хэлж болно. Учир нь манай үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг. Гэхдээ амьдрал дээр бол шонхор шувуу, ямаа хоёр монгол хүүхдээс давуу эрхтэй нь харагдана. 500 гаруй хүүхэд орц, траншейгаар тэнүүчилж байхад 5000 шонхорт камертай үүр барьж өгнө. 500 гаруй мянган хүүхэд эмзэг бүлэгт хамрагдаж байхад тансаг хэрэглээ болсон ноолуурт хэдэн тэрбумаар мөнгө хаяна. Түүгээр ч зогсохгүй ямааны сүнс хил давахгүй байх нь чухал гэж үзнэ. Зүй нь малчид ямаа үхрээ зарж л байвал ашиг орлоготой болмоор юм. Харамсалтай нь удахгүй хууль гарч хэн, хэзээ, хаана, хаана, хэдэн кг юуны мах зарахыг төр зааж өгөх нь. Эрх баригчдын энэ үйлдэл ямаа, шонхор хоёрт ахиухан мөнгө зарвал, тэд нь бизнес хийж Монгол орныг хөгжүүлэх мэт ойлголт төрүүлнэ. Саяхан болсон дэлхийн санхүүгийн хямралын үеэр өндөр хөгжилтэй орнууд асар их мөнгөөр аварга корпорациудаа дэмжсэн. Хэдийгээр хямралын оргил үе өнгөрсөн боловч америкчууд дахин хэдэн тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргаж байна. Гэтэл манайд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нэрийн дор 40-өөд тэрбум төгрөг гаргасныг эс тооцвол үйлдвэрлэлд оруулсан гэх хөрөнгө оруулалт алга. Төсвийн бүтэц, хуваарилалтаар бол энэ их мөнгөний 70 хувь нь Хятадын Эрээн хотын эдийн засгийг дэмжинэ. Зах зээлийн эдийн засагтай орнууд өөрийн үйлдвэрлэлийг дэмжихэд татвар төлөгчдийн мөнгийг зориулдаг бол манай УИХ-ын саяхан баталсан төсвийн хуулиар татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн тал нь халамжинд, үлдсэн нь дарга нарын унаа, ширээнд зарцуулагдана. Гэхдээ халамжинд олгохоор баталсан их хэмжээний мөнгө хаа яваа нь тодорхойгүй. Энэ нь улсын төсвөөр эрхэм гишүүд даалуу тоглож байгаатай адил хэрэг юм.
МОНГОЛЧУУД ЗАХ ЗЭЭЛД ОРСОН УУ?
Гадаадын олон дарга нар Монгол орон зах зээлд шилжсэн тухай магтан дуулдаг. Үнэн хэрэгтээ энэ нь манайхны ярьдгаар “манжилж” байгаа хэрэг. Тэд хэрэв өөрийнх нь улсад манайтай адил эдийн засгийн тогтолцоо байсан бол хойт насандаа ч хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, коммунзм байгуулсан хэрэгт эрх баригчдаа яллана. Гадныхан биднийг зах зээлийн орон гэж рекламдах нь тэдний улс төр, эдийн засгийн зорилгод л хэрэгтэй аж. Зах зээлийн эдийн засаг нь цэвэр өрсөлдөөн, иргэн, аж ахуйн нэгжүүдийн тэгш байдлаар баталгаажна. Өнөөгийн нөхцөлд төр дэд бүтцээс өөр санхүү, эдийн засгийн харилцаанд оролцох шаардлага байхгүй. Хийсэн бүтээсэн бүхнээс арван хувийн татвар аваад явахад хангалттай төсөв бүрдэх боломжтой. Харамсалтай нь монгол төр өнөөдөр хамгийн том бизнесийн машин болсон бөгөөд хамгийн том зах зээл УИХ өөрөө болж хувирч байна. ДНБ-ий тал хувийг төр эзэмшиж байгаа тохиолдолд хувь хүн, компаниудад бизнес эрхлэх ямар ч орон зай үлдэхгүй. Энэ нөхцөлд бизнес хийснээс төрийн халамж хүртэх нь илүү ашигтай болж таарна. Нэгэнт дотоодод бараа, үйлчилгээ байхгүй тохиолдолд уул уурхайгаас орсон асар их мөнгө Хятадын эдийн засгийг бүхэлд нь сэргээхгүй ч, хойт бүс нутагт дорвитой хандив болж хувирах юм. Эрх баригчид өглөөнөөс орой болтол зах зээлийн эдийн засгийн тухай номлож байгаа боловч иргэдийн тал хувь ядуурна. Хэргийн учир эрх баригчид зах зээлийг эдийн засгийг номлоод байгаа боловч хэрэгжүүлэхийн төлөө чихээ ч хөдөлгөхгүй байгаад гэнэ. Бизнес хийхэд саад болсон 300 даргын гарын үсэгний 100-г нь байхгүй болгосон тухай эрх баригчид мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ үлдсэн 200 бүү хэл, хорин гарын үсэг бизнесийг боомилж чадна. Учир нь аливаа бизнес хийхтэй холбоотой гарын үсэг цөөн өндөр албан тушаалтанд үнэгүй боловч жирийн иргэдэд бол дааж давшгүй их мөнгө. Иргэд ядуу байгаад эрх баригчид гайхдаг. Тэдний үзэж буйгаар иргэдэд тэвнээс эхлээд сансрын хөлөг үйлдвэрлэх эрх байгаа гэнэ. Гэтэл иргэд маань зүгээр сууж байгаад мянган ногоон авах гээд залхуураад суугаа аж. Харин гадны орнуудын компанийн эзэд монголчуудыг хөрвөх чадвартай ажилчид гэдэг. Тэд монголчуудад ажиллах нөхцөлийг хангаад өгвөл юу ч хийх чадвартай гэж үнэлж байна. Байраа зараад гадаадад ажилласан монгол залуус байртай, машинтай, компани байгуулах хөрөнгөтэй болоод ирж байна. Харамсалтай нь гурван жил бололгүй хөрөнгөө шавхаад буцна. Зах зээлийн эдийн засагтай оронд хөдөлмөр мөнгө болж хувирдаг. Харин Монголын эдийн засгийн тогтолцоо нь Эрээний барааны борлуулагч болж амиа зогоох ганц эрх монголчууддаа үлдээнэ.
Х.БАТТӨГС
URL: