Ирээд буцсан хүүгийн гуйлт
Хугацаа нь болоогүй байхад буцаад тэнгэртээ оджээ
Хүүхдийн өрлөг дагина хүүгээс ийн асуув:
Баярлаж хөөрөөд нисч явсан бяцхан минь
Буцаад хүрээд ирдэг нь яаж байгаа билээ
Надаас гуйн байж чамайг дуудсан гэр бүл
Нүгэл хураан байж хөөрхий чамайг минь голоо юу?
“Хүү хариулав”
Үгүй дээ дагина минь тэднийг бүү буруутга
Үйлийн үр нь ингэж л таарах тавилан байж
Ямар их баярлаж, яаж намайг хүлээснийг
Яг одоо ч би тодоос тод санаж байна
Ээжийн минь аялдаг бүүвэйн дуу намайг уярааж
Эцгийн минь урладаг модон эмээл намайг яаруулж
Хэт их догдлол, хөөр баяр сэтгэлийг минь дүүргээд
Хэмжээлшгүй их хайр, уярал энэрэл зүрхийг минь булгилуулаад
Цагаа ололгүй би л тэднийгээ нулимстай үлдээгээд
Цайруулах аргагүй томоос том нүглээ өөрөө үүрээд ирлээ
Би л яарч, ээжийгээ зөндөө сандаргаж уйлуулаад
Биелэх ёстой тавилан төөргөө хугаслаад ирчихлээ
Зүрх нь муу ч үрээ төрүүлэхээр шүд зуун тээсэн
Зүйрлэхийн аргагүй сайхан ээжийгээ уйлуулаад ирлээ
Ханьдаа, үрдээ бүхнээ зориулахаар сандран гүйсэн
Хайртай аавынхаа хатан зүрхийг шимшрүүлээд ирлээ
Эвий дээ одоо тэдний минь сэтгэл урагдан шаналж
Элдэв буруугаа өөрсдөдөө тохон уйлж суугаа
Үрээ хамгаалж чадаагүй гэж өдөр шөнөгүй гуниглаж суугаа
Үйлээр учирсан хөөрхий намайг санаж суугаа
Дагина минь, нялх нь танаас сөгдөн гуйя
Далай мэт хайраа тэднээс минь бүү харамлаарай
Шаналал зовлондоо автаад итгэл нь алдрахаас өмнө
Шив шинэхэн амийг тэдэнд минь буцаагаад өгөөрэй
Хүү нь эндээс тэднийхээ инээхийг хараад
Хүний орчлонд төрсөн юм шиг баясахыг хүснэ
Дэндүү сайхан аав ээждээ буцаад очсон юм шиг
Дэргэд нь торниод хайр энэрлийг нь хүртсэн юм шиг баярлахыг хүснэ
Хүн болон төрж чадаагүй хүүхэд бүр гомдолтой байдаггүй юм
Хүсээд, хүлээгээд тосож суусан аав ээж бүхэн буруутай байдаггүй юм
Дагина бодов:
Эргэж ирсэн нялх бүрийг гологдсон гэж боддог минь эндүүрэл аж
Эвий дээ, тэднийг минь гуйсан томчууд бүрийг буруутан гэж боддог минь андуурал аж
Ийм уярам гуйлтыг яаж биелүүлэхгүй байх вэ дээ
Их удахгүй тэдэнд чиний дүүг илгээнэ ээ…
Зохиолч: Г. Болормаа
URL: