Улс орны амин чухал салбар нь эрүүл мэндийн салбар

148185049858533e82c928fУлс орны хамгийн үнэт капитал нь хүн өөрөө билээ. Тиймээс ч хүний амь, нас, эрүүл мэндийг юугаар ч сольшгүй. Нөгөөтэйгүүр улс орны амин чухал салбар нь эрүүл мэндийн салбар мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Даяаршиж буй шинэ зууны хөгжлийг дагаад аливаа салбарт шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт эрчимтэй нэвтэрч, хүний нөөц, чадавх өсөн дээшилж, өргөжин тэлж байна.

Иймд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийг урагшлуулахад шинжлэх ухааны ололт амжилт, тэргүүний техник, технологийг эзэмших, түүнийг эх орондоо нутагшуулах, хүн амд ойртуулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд түүний нэг нь өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн хэд хэдэн томоохон төсөл бий. Тэдний нэг бол одоогоос 3 жилийн өмнө хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-1,2, 3” төсөл юм. Энэхүү төсөл хөтөлбөрийн гол зорилт нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийг зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажил байлаа. Эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эмчилгээ, оношлогооны чанар сайжирч, хүн амыг эрүүлжүүлэх ажилд мэдэгдэхүйц ахиц, дэвшил хөгжил гарсан гэж албаныхан дүгнэсэн байдаг. Төслийн хүрээнд нэн шаардлагатай 19-38 нэр төрлийн гурван тэрбум 365 сая төгрөгийн өртөг бүхий багаж, тоног төхөөрөмжийг таван аймаг, нийслэлийн хоёр дүүргийн нийт долоон нэгдсэн эмнэлэг, 90 сумын эмнэлэг болон 60 өрхийн эрүүл мэндийн төвд нийлүүлжээ.

Монгол хүний эрүүл мэндийн төлөө Монгол Улс өөрөө зүтгэж, зөв залуурдан явах ёстой гэсэн үүднээс авч үзэж, уг төслийг хамгийн ашигтай хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх нь бидний тулгамдсан зорилт байх бөгөөд цаашид үргэлжлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг үе үеийн сайдууд нь хүлээсэн гэж хэлж ойлгож болно. Тиймдээ ч өнөө жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл болон орон нутагт эмнэлгүүд барих ажлыг нааштайгаар шийдвэрлүүлж чадсан нь салбарын ахицтай том ажил юм. Салбар бүр сайн муугаар хэлэгддэг. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар шүүмжлэлийн “бай” болж багагүй асуудалд орооцолдсон. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарыг бизнес эдийн засаг, ашиг хонжооны салбар болгож, мэргэжлийн бус хүнийг сайдаар нь томилдог жишиг тогтлоо хэмээн хэсэгтээ л “балбасан”. Гэвч салбарын үүх түүх, сайд нарынх нь ажилласан байдал, ажил мэргэжлийг нь эргээд хараад үзэхээр мэргэжлийн хүмүүс энэ салбарыг удирдаж байжээ. Харин өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн үр дүнд Мэргэжлийн Засгийн газар эмхлэн байгуулагдаж, эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдаж эхэлсэн нь зөв ч хэрэг олны сэтгэлд ч хүрч чадсан гэж хэлнэ. Салбар удирдаад таван сар болсон сайд А.Цогцэцэг хийсэн ажилтай хэлсэн үгтэй, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй ажиллаж сууна.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарыг өөд нь татах үүрэг хүлээсэн туршлагатай сайд гэдгээ харуулж байна. Чухал хэрэгтэй гэж үзсэн хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Шилэн эрүүл мэнд” төслийг эхлүүлнэ.

Энэ төслийн хүрээнд эмнэлгүүдийн цаг авалт, оочер дараалал нийтэд ил тод шилэн болохоос гадна өвчтөн, эмч болон ар гэрийнхэнийг хооронд нь онлайнаар уулзуулах, өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх боломжууд бүрдэх ажээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хоёр том жишиг эмнэлэг барьж өгөхөөр болжээ. Түүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг барих тендер явагдаж байгаа бөгөөд дараагийн ээлжинд Чингэлтэй дүүрэгт эмнэлэг барина. Мөн дөрвөн өрхийн эмнэлэг болон зургаан суманд эмнэлэг баригдаж, Ховд аймагт бүсийн оношилгоо эмчилгээний төв баригдана. Эдгээр эмнэлгүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болжээ. Энэ бүгдээс харахад эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд урагшаа явж байгаа болохоос биш уруудаж хойшоо ухарсан зүйл алга. За яах вэ, салбараас шалтгаалахгүйгээр төсөв мөнгөний асуудлаас болж “төрж” чадахгүй байгаа томоохон эмнэлэгүүд байгаа. Тухайлбал, Яармагт барилгын ажил нь царцсан 300 ортой нэгдсэн төрөх эмнэлэг, Түлэнхийн төв гээд бий.

Салбарын сайдын ярьснаар бол “Эдгээр эмнэлгүүдийн барилгын асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Одоогоор олон хувилбар явж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг эцэслээгүй Концессийн гэрээгээр байх уу, эсвэл буцалтгүй тусламж орж ирэхээр бариулах уу гээд шийдэх зүйл бий. Түүнээс улсын төсвөөс дээрх 2 барилгад 27 тэрбум төгрөг гаргаад барих бололцоо байхгүй. Барилга баригдахгүй байгаад байхаар тоногдоод, өртөг нь улам нэмэгдээд байдаг. Тэгэхээр богино хугацаанд хурдан шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ ондоо багтаж барилгыг барьж дуусгаж ашиглалтад оруулчих байх” гэж ярьжээ.

О.Сайхан

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих