МАН хэзээ тэсрэх вэ?

2dd72e74d0ffa8f79459f887c89bd612Ч.ҮЛ-ОЛДОХ

Парламентад 65 суудал авч “бүдүүн бүлэг” болсон МАН энэ хэвээр дөрвөн жилийг үдэхгүй. Наад захын жишээг 65 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулгандаа суухгүй бай­гаа­гаас харж болно. УИХ-ын даргыг “Ангийн дарга”-ын хэмжээнд ха­раад жишимгүй байлаа гэ­хэд М.Энхболд намын дарга нь шүү дээ.

Үл тоо­сон энэ байдлыг тэр ан­заарч л байгаа. Эсвэл аясаар нь байж байгаад  Ерөнхийлөгчид нэр дэв­шихээ бодоод шүд зууж  байж  болох.

Уг нь ялсан намын даргын хувьд тэр Ерөнхий сайд болох ёстой байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатад гүй­цэтгэх засаглалыг ат­гуулж, өөрөө УИХ-ын дар­га болсон. Намын даргын зүгээс 100 хувь дэмжиж Ерөнхий сайдаар томилуулсан болов уу гэтэл засгийн ажлыг дэмжих тал дээр огт хөдөлдөггүй Тухайлбал, эдийн засгийн хүнд­рэлийг туулахаар Зас­гийн газар, Ерөнхий сай­даас өнгөрсөн таван  сар гаруйн хугацаанд бас ч гэж цөөнгүй санал боловс­руулж шийдвэр­лүүлэхээр оролдсон.

УИХ, цаашилбал 65-ын бүлэг түүнийг нь шийдсэнгүй, хэрэгжүүлэх бололцоо  олгосонгүй. Гүйцэтгэх засаглал ийнхүү  хүчин мөхөсдсөнөөр  Ж.Эрдэнэбат л муу нэр зүүж, Засгийн газар нь арчаагүй, залхуу удаан гэж шүүмжлэл хүртсэн. Нэр бүхий дөрвөн сайдаас эхлээд байсхийгээд Засгийн газрын гишүүдийг өөрчлөх, солих, огцруулах асуудал сөхөгдөж байгаа нь ч санаандгүй зүйл биш.  Сайдын сургаар дээлээ сэгсэрч өмсөөд цаагуур, наагуур гүйж яваа  хүмүүс ч зөндөө.

М.Энхболдын Засгийн газарт аваачиж наасан бас нэг муухай зүйл нь томилгоо байв. Засаг л төрийн албаар тоглоод байгаа юм шиг нааш, цааш болгож халаа сэлгээ хийгээд байдаг. Ажил, алба авсан хүмүүс нь болохоор М.Энхболдын ураг садан голдуу. Ингээд Засгийн газрын 100 хоногийг дүгнэхэд төрлийн мод л ургаж нахиалаад байснаас түмний тусын тулд юу ч хийсэнгүй гэсэн дүгнэлтийг олон нийт өгч байв.  УИХ, Засгийн газар хоёр нийлэмжгүйдээ ч биш, нэг бол  дэвшүүлж унагах, эсвэл албан тушаал өгчихөөд ажилд нь саад тавьж нэрийг нь харлуулж нэгмөсөн огцруулах хорон санаа, муухай бодлогоор МАН дотроо “зодолдож” байна. Засгийн газарт  ямар ч эрх мэдэл алга. УИХ толгой дээр нь ийнхүү тонгочиж, хоёрдугаар ээлжийнхэн хоолоо хүлээн толхилцож байна.

65-ын бүлгийг задлаад үзэх юм бол “Оюутолгой”-хон, “Тавантолгой-Нүүрсчдийн нам”, “Сентерра Гоулд”-ын групп, Дархан-Эрдэнэтийн бүс, тэр бүү хэл АН-ын нөлөө бүхий улстөрчидтэй нийлэн  холимог шигшээ гэдэг шиг фракц үүсгэн улс төр, эдийн засгийн эрх ашгаар бүлэглэлийн тоглолт хийж байгаа нь ч нууц биш.

Ингэж бичихээр магадгүй МАН-ынхан “Биднийг жигтэйхэн сайн байж байтал хооронд яс хаяж муутгах гээд байна”  гэх  байх. Тэгвэл өнөөдөр төр, засгийн ажилд саад тотгор болох сөрөг хүчин байхгүй шүү дээ. АН-ын  бүлэг есхөн гишүүнтэй. Тэд чуулгандаа суухаасаа суухгүй нь олон. Тэгээд ч нам доторх талцал хэрүүлдээ татагдаж уначих шахаж байж  УИХ-ын дотор улсын амьдрал ярина гэж  юу байхав. Бие даагч гишүүн  С.Жавхлан ганц нэг үг хэлдэг.  Гэхдээ шинэхэн бас гэнэн байна.  Дээр нь өөрөө асуудлынхаа цаад наадыг судалж сайтар ойлгохгүй бол улс төрд хэлбэр хөөгөөд нэмэргүй. О.Баасанхүүгийн хувьд  хуучин гишүүн, хуульч хүн гэсэндээ бас ч гэж хааяа үндэслэлтэй зүйлүүд хэлдэг. Даанч “Ганц мод гал болдоггүй”  гэгч болоод өнгөрдөг. Тэгэхээр өнөөдөр улс төрийн гал тогоог захирч, бүх зүйлийг  ерөнхийлөн  эргүүлэх чадалтай  хүч нь МАН, энэ намын 65-ын бүлэг л юм.

 Түрүүнд өгүүлсэнчлэн Засгийн газар дээр байгаа  жишээ хот дээр ч бас харагдаад байгаа. Хотын удирдлагын ажлыг урагшлуулах, шийдэхэд хуруугаа ч хөдөлгөхгүй атлаа  араар нь хошуугаа ажиллуулж албан тушаа­лыг нь авах гэсэн санаархал хөндлөнгөөс яваад байдаг.

Эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл энэ намын  бүх шатанд байна. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороон дээр тус тойргоос УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүдийн гар хөл бологчид 20 гаруй үүрийг хууль бусаар хуралдуулж, өөрсдийгөө даргад батламжуулсан явдал шуугиан тарьсан. Шударга шүүмжлэл хэлсэн жирийн гишүүдээ зодож танхайрчихаад  хууль, шүүхийнхэнтэй нийлээд дарчихсан. Баянгол дүүрэгт “Оргил”-ын Ж.Ганбаатар  УИХ-ын гишүүнээр сонгогдонгуутаа  хуурамч тамга тэмдэг хийлгэж аваад дүүргийн намын хорооны удирдлагыг булаагаад авчихсан зэрэг үйл явдлууд хэл ам тасраагүй байна. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаст “Намын Бага хурлаар Их хурлын гишүүн, Аймгийн Засаг дарга болсон хүмүүсийг намын даргын ажлаа өг гэсэн шахалтыг зарим хүн оруулж ирлээ” гэсэн байсан. Баянгол, Сүхбаатар дүүрэгт болсон “ажиллагаа” хөдөө гарах гэж байгаа нь тэр байх.

Энэ мэт тэмцэл далд өрнөж буй бол ил цагаан үзэлцэж буй хоёр хүн энэ намд бий. Энэ бол М.Энхболд, Ц.Нямдорж нар. Тэдний дунд эрх ашгийн, эрх мэдлийн янз янзын зөрчил байгааг хэвлэлүүд шуугидаг.  Хамгийн том эрх ашиг нь ирэх онд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх тэмцэл гэдэгт олны ам нэг байгаа. 2012 оны сонгуулиар АН засаг барьснаас эхлэн ялсан намын дарга Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болж хууль зөрчин тоглоомын дүрмээ өөрчилсөн өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал намын даргыг дэвшүүлнэ гэсэн тогтсон дүрэм хэвээрээ гэж хатуу ойлгож бас болохгүй. Өнөөдөр АН дотор ч гэсэн намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр тусдаа ойлголт гэсэн санаа цухалзах болсон. МАН дотор бол тэмцэл хурц хэлбэрт, Ц.Нямдоржийн хэлсэнчлэн аль хэдийнэ “Газын зурвас”-т очоод байна. Тэрээр намын дарга М.Энхболдтойгоо  Палестин, Израйль хоёр шиг л байгаа хэмээн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо харилцаагаа нэгэнт тодорхойлсон. Энэ бүхний эцэст МАН хэзээ тэсрэх бол…

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих