Утаагаа устгаж чадахгүй юм бол ядаж маскаар хангачих
Монгол Улсын Үндсэн хуульд “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амын ихэнх нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна. Ийнхүү нийслэлийн агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд уушгины хавдраас эхлээд өөр олон төрлийн өвчин тусах нь ихэссэн. Учир нь утааны хор хөнөөл хүний удамшилд нөлөөлөх, эрэгтэйчүүд нөхөн үржихүйн өвчлөлтэй болох, эмэгтэйчүүд удамшлын эмгэг, өндгөвчний үрэвсэлтэй болох, бага насны хүүхдүүд уушгины хорт хавдраар өвчлөх, дархлаа султай болох гээд бүх эд эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй.
Уг нь дарга нар яриад байгаа шигээ хийж, бүтээж чаддаг байсан бол бид аль хэдийнэ цэвэр агаараар амьсгалаад эхэлчихсэн байх учиртай. Гэтэл утааны асуудал өдрөөс өдөрт улам л уруудсаар байна. Одоо бүр гадуур гараад 20 минут алхах төдийд л хоолой хорсч, нүд аргаж, дотор муухайрч байх жишээтэй. Арга ч үгүй биз. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон улсын стандартаас 10-20 дахин их байна гэсэн судалгаа гарчихсан байна. Энэ нь нийслэлийн нэг иргэн бүр нялх хүүхэд хүртэл өдөртөө 4-5 хайрцаг тамхи татсантай ижил хорыг агаараас авдаг гэсэн үг.
Энэ утаатай үзэгдэл өглөө, оройдоо бүр гаарч байгаа. Яг энэхүү агаар бохирдлын оргил үеэр сургууль, цэцэрлэг, ажил тардаг үе тохиож буй. Тиймээс агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхдүүд болж байгаа. Учир нь хүүхдүүд насанд хүрсэн хүнээс хэд дахин илүү утаанд хорддог.
Нэн ялангуяа хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд утаа, агаарын бохирдол илүүтэй нөлөөлдөг гэдгийг Нобелийн шагналт Кирк Смит гэдэг хүн нотолчихсон байгаа юм. Тэрбээр агаарын бохирдолттой хотод амьдардаг жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чипийг биед нь зүүлгэж туршилт хийсэн байна. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоогджээ.
Улмаар агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогдсон байгаа юм. Тэгвэл манай улсын ирээдүй болсон хүүхдүүд ид хөгжиж буй насандаа агаарын бохирдлоороо дэлхийд толгойд цохиж яваа Улаанбаатар хотод амьдарч байгаа гээд бодохоор Монгол Улсын ирээдүй сааралтсан утаа шиг ээ бүрхэг болж байна гэсэн үг.
Тиймээс төр засаг агаарын бохирдлыг бууруулж чадах хүртлээ ядаж бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалах хэрэгтэй байна. Ямар сайндаа хүүхдүүддээ санаа нь зовсон зарим багш нар сурагчдаа шүүлтүүртэй маск зүүхийг шаардаж эхэлсэн гэнэ. Мэдээж багш нар хэчнээн санаагаа чилээж байгаа ч бүх сурагчдаа маскаар хангаж чадахгүй нь ойлгомжтой.
Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, агаарын бохирдлын эсрэг дорвитой алхам хийж чадахгүй байгаа төр засаг энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Уг нь Монголын компани стандартын шаардлага хангасан агаарын бохирдлоос хамгаалах маск үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд эхэлчихсэн гэнэ билээ. Ажилтнуудынхаа 80 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр бүрдүүлсэн гэх “Эрбу” компанийн үйлдвэрлэж буй маск нь дөрвөн давхарга бүхий нарийн ширхэгт тоосонцор, утаа үнэрээс хамгаалагчтай гэсэн.
Одоогоор ОХУ-д мөрдөгддөг стандартыг ханган ажиллаж байгаа юм билээ. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчтэй тохиролцоод, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй утааны маскаар хангаж яагаад болохгүй гэж. Энэ мэтээр ядаж улс орны ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадахгүй юм бол энэ төр засгийн шүүхэд өгсөн ч яах вэ дээ.
mminfo.mn
URL: