2017 онд юанийн ханш унаж нэлээд асуудал үүсгэнэ

7e8f1b395a7dd444bigДэлхийн хамгийн нөлөө бүхий консалтингийн компани “Nomura Research Institute” нь 2017 онд дэлхийн эдийн засагт тулгарч болзошгүй гол асуудлуудыг тодорхойлон бичжээ. Брексит, юанийн ханшийн уналт, олон улсын тавцанд Оросын гүйцэтгэх нөлөө нэмэгдэх гээд хамгийн чухал хэмээн онцолсныг уншигч танд хүргэе.

Долларын ханшийн өсөлт

АНУ-ын долларын ханш чангарч байгаа нь 2017 оноос жинхэнэ асуудал болж хувирна гэж “Nomura Research Institute”-ийн шинжээчид үзжээ. Америк доллараар үнэтэй зээл авах нь хөрөнгө оруулагчдад ашиггүй тул хөрөнгийн урсгал Америкаас гадагш чигтэй болно. Үүний дээр АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүү нэмэгдсэнээр 2016 онд 0,8 хувь байсан инфляцыг 2 хувь болтол өсгөх нь жирийн америкчуудын худалдан авах чадвар багасахад хүргэнэ.

Европын холбоондоо үлдэх боломжтой

Их Британи нь Европын холбооноос гарах бус харин үлдэх боломжтой болох аж. Их Британийг Европын холбооноос гарах сонголт хийсний дараа фунт стерлингийн ханш 1985 оны үеийнх хүртэл огцом унасан. Европын холбооноос гарч байгаа сургаар зөвхөн сүүлийн хэдэн сарын дотор 82 сая тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч чадаагүй. Их Британи ба Европын холбооны эдийн засаг дэндүү нягт хэлхээ холбоотой тул Брекситийг хэрэгжүүлэх бараг боломжгүй гэж болно. Европын холбооноос гарах явц 2-3 жил үргэлжилнэ гэж буй. Ийнхүү гарах явц удаашрах тусам Британийн эрх баригчид эцсийн дүнд Брекситийг хэрэгжүүлэхгүй байсан нь дээр гэсэн шийдвэр гаргахад хүрнэ.

Юанийн ханш

Юанийн ханшийн уналт 2017 онд ч үргэлжилнэ гэдэгт “Nomura Research Institute” итгэлтэй байна. 2016 оны есөн сард ам.доллартай харьцах юанийн ханш найман жилийн хамгийн доод хэмжээндээ хүрч 1 ам.доллар 6,9 юань болсон. Хятадын төв банк зөвхөн сүүлийн хоёр жилийн дотор үндэсний валютаа дэмжихэд 1 их наяд орчим ам.доллар зарцуулсан гэнэ. Харин 2017 онд Хятадын Төвбанк ингэж дэмжлэг үзүүлэхээ болино. Ийнхүү юанийн ханшийн уналтаас болж Хятадын гадаад валютын нөөц 2017 оны дунд үе гэхэд 3 их наяд ам.доллар хүртэл багасч болзошгүй.

Хятадаас гадна дэлхийн  хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг болох Япон ч хүнд байдалд байгаа. Йенийн ам.доллартай харьцах ханш улам унасан, үйлдвэрлэл буурсан, байгалийн гамшиг дайрсан гээд олон бэрхшээл тулгарсан. 2017 онд энэ бүхэн дээр улам бүр өсөн нэмэгдэж буй газрын үнэ ба йенийн ханш хоорондын хамаарал ч нэмэгдэх аж. Газрын тосны үнэ бага байхад Япон эдийн засгаа тогтвортой авч явж чадаж байсан бол ОПЕК ба ОПЕК-ийн гишүүн бус улсууд олборлолтоо багасгах замаар газрын тосны үнийг өсгөхөөр тохиролцсон нь йенийн хан­шид сөргөөр нөлөөлөх аж.

Өсөн нэмэгдэх Оросын нөлөө

2017 онд Оросын улс төрийн нөлөө улам нэмэг­дэхийг дагаад арил­жааны боломжит түншүүдийн тоо ч өснө. Улмаар Орос нь Азийн бүс нутагт шинэ зах зээл нээх замаар экспортоо 8-12 хувиар өсгөж магадгүй аж. Өнгөрсөн аравдугаар сард Оросын үйлдвэрлэлийн салбарын ажил хэргийн идэвхийн индекс 53,6 пункт болсон нь 2011 оны гуравдугаар сарын дээд амжилтаас давсан үзүүлэлт. Мөн үйлдвэрлэлийн шинэ захиалгын өсөлт 2013 оны нэгдүгээр сараас хойш хамгийн дээд цэгтээ хүрсэн. Энэ бүхний нөлөөгөөр 2017 онд Оросын ДНБ-ийн өсөлт 1,5 хувь болно.
Эх сурвалж: www.assa.mn

Б.БАДРАЛ


URL:

Сэтгэгдэл бичих