Даварсан компаниудад даруулга хэрэгтэй байна

mongolГадаа хүйтэрч, гол ус хөлдсөн ч, цагийн жамаар эргээд л гэсэж, ундардаг. Гэтэл хүйтэн сэтгэлтэй хүний үйлдлээс үүдэж, байгаль дэлхий сүйдэн гол мөрөн хэзээ ч дахиж гэсэж ундрахгүйгээр үүрд “хөлддөг” цөвүүн цаг иржээ. Үүний тод жишээ бол Орхон гол. Тус голын эх дээр алтны компаниуд эзэгнэн сууж, урсгалыг нь тасалж, ундаргыг нь үгүй хийж буй тухай урьд нь зөндөө л сонсож байсан. Хууль хяналтынхан ч энэ байдлыг тоохоо байж, улаандаа гарсан алт олборлогчдыг улам давраах болжээ. Ирэх хавар Орхон гол эхээсээ ундарч урсахад хүнд болсон, хэсэг,хэсгээрээ урсгал нь тасарч хөлдсөн байдалтай байгааг нутгийн иргэд учирлаж байна. Монгол орныхоо 54 сум, суурин газрыг дайран 1124 км замыг туулан урссан Орхон голын эх ай сав Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог. Тус сумын уугуул, Орхон багийн малчин Э.Баасанбат бидэнд хандсан юм. Тэрбээр “Орхон голын эх буюу Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон”  гэж ярьсан юм. Мөн эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ. Ундаалж буй ус нь бохирлоор дүүрсэн нэгэн жишээг одоо өгүүлье. Э.Баасанбат Орхон голын уснаас хувинд хийгээд хонуулахад хуруу хэртэй шороо тунадаг тухай өгүүлсэн юм.

“Монгол газар” нэг га газрыг жижиг компанид 50-100 сая төгрөгөөр зардаг

Орхон голыг одоогийн ийм эмгэнэлд хүргээд байгаа гол эзэн нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр. Энэ талаар Э.Баасанбат “Тус компани нь лицензтэй талбайдаа хууль бусаар, хулгайгаар 50 гаруй уул уурхайн үйл ажиллагаа явуулах чадамжгүй жижиг компани оруулсан. Үүний улмаас Орхон гол маш их бохирдсон. Тус компанид Архангай аймгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. БОНХАЖЯ-наас хоёр ч ажлын хэсэг томилогдон шалгалт хийсэн боловч нааштай үр дүн гарсангүй. Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс  50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Орхон голын усан дотор “драг” хэмээх машин ажиллуулан, дээд зэргээр бохирдуулдаг. Өөрөөр хэлбэл, Орхон голын гольдрол дотор уул уурхайн үйл ажиллагаа  явуулж байна гэсэн үг. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Хууль баталсан УИХ, тогтоол гаргасан Засгийн газар энэ хууль зөрчсөн ёс бус үйлдлийг таслан зогсоогооч ээ  Түүгээр зогсохгүй “Монгол газар” нэг га газрыг жижиг компанид 50-100 сая төгрөгөөр зардаг гэж байгаа. Энэ компанийн лицензийг яагаад цуцалж болдоггүй юм. Удахгүй хавар болно. Дулааны улирал ирэхтэй зэрэгцээд даварсан компаниудын үйлдэл хэрээс хэтрэх нь тодорхой” гэв.

Орхоныг сүйдлэсэн  Ц.Мянганбаярын заль

Image result for Монгол газар дампуурлааУг нь  “Монгол газар” компанийг   2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан. Гэтэл тус компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурчихсан гэх компани  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулсаар байгаатай хэн  одоо хариуцла га тооцож дийлэх вэ?

“Монгол газар” ХХК  нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхлэхэд  төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдснийг эргэн нэг сануулахад гэмгүй байх.  2015 оны нэгдүтээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг  шүүх  шүтогтоосон. Улмаар  тус  компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн байдаг.

Ямар ч чадамжгүй болсон Монгол газар үйл ажиллагаагаа зальдаж явуулах аргыг олсон байсан нь өдгөө үйлдлээс нь харагдаж байгаа юм.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээгээд, өөрсдөдөө бол элдэв юм юу ч наахгүй үлдчих гэсэн санаа төлөвлөгөө болж харагдаж байгаа юм. Ийнхүү Орхон голын амийг таслахад хүргэсэн Монгол газар, Алтан дорнод Монгол зэрэг даварсан компаниудад даруулга хэрэгтэй байгааг дахин, дахин сануулах үүднээс үүнийг сийрүүллээ.

С.Баяр

Эх сурвалж: Criminnal.mn


URL:

Сэтгэгдэл бичих