СЭЛБЭ ДЭД ТӨВД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу дэд төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ 50 айлын орон сууц бол дэд төвүүдийг байгуулахад болон гэр хорооллын хямд өртөг бүхий амины орон сууцыг бий болгоход иргэдэд дамжин өнгөрөх сууц болох юм. Өмнөх удирдлагуудын алдааг давтахгүйн тулд 50 блокоор хэсэгчилж уг ажлыг явуулахаар тооцож байгаа. Ирэх хавраас иргэдтэйгээ ярилцаад үнэхээр хүлээн зөвшөөрч газраа чөлөөлөхийг хүссэнийг нь түр суурьших 50 айлын орон сууцанд оруулна. Дэд төв байгуулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэхээс гадна залуучуудын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх кино театр зэргийг барина” гэлээ.
Дэд төвүүдийн инженерийн шугамын ажил амжилттай явж байгаа гэв
Харин гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, тохилог амины орон сууцтай болгох зорилгоор хийж буй ажлынхаа талаар Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч Б.Мөнхжаргал “Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг төвийн дулаанд холбох, дулааны цахилгаан станц барих, ариутгал, татуурга буюу бохир, цэвэр усны шугам тавих ажлыг хийж байна. Ерөнхийдөө бохир, цэврийн шугамын ажил дууссан. Баянхошуу дэд төвийг төвийн дулаантай холбох, Сэлбэ дэд төвд Дулааны цахилгаан станц барих ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Төсөлд 350 өрхийг хамруулж байгаа. Баянхошуу болон Сэлбэ дэд төвд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл маш олон иргэнийг хамруулах боломжтой төсөл юм” гэв.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой гэдгийг уг төслийн зохицуулагч Д.Авирмэд онцлон хэллээ. Тэрбээр төслийн нэгдүгээр үе шат буюу Баянхошуу, Сэлбэ төв болон хоёрдугаар шатанд хийгдэх Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дэд төвийн ажлыг Засаг даргад танилцуулсан юм.
Дэд төвийн ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот нэг төвөөс олон төвтэй хот болж өргөжинө. Энэ ажлын хамгийн эхнийх нь Сэлбэ, Баянхошуу дэд төв юм. Энэ ажил нэлээд амжилттай урагшилж байгаа. Одоогоор ариутгах татуургын шугамын ажлыг ерөнхийдөө дуусгаад байгаа юм байна. Ирэх жил дулааны станц барих асуудал бий. Ингээд дэд бүтцийн ажлыг дуусгасны дараа барилгажилтын ажлыг эхлүүлнэ. Дэд төвүүдийг ашиглалтад оруулснаар иргэдийн амьдрах боломж нөхцөл сайжирч, амьдрах тухтай, таатай орчин бүрдэх юм. Иргэдтэй мөн санал солилцож байна. Иргэдийн хувьд өнөө маргаашгүй нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: