Орон сууцаа хүлээгсэд жагсаал хийх гэж байна
“Хангай” хорооллын түрээсийн байранд орж чадалгүй олон сар хүлээж буй иргэд өнөөдөр 14:00 цагаас Барилга, хот байгуулалтын яамны гадна талбайд жагсаал хийх гэж байна.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах долдугаар хороололд 2800 айлын “Хангай” нэртэй хотхон боссон. Тус хорооллын гүйцэтгэгч компани нь “Бэрэн” констракшн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 248-р тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын долдугаар хорооллын “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн билээ.
Тус хорооллын байрнуудыг барьж дууссан ч түрээсийн байрандаа урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд орж чадалгүй олон сар болсон байна. Энэ асуудлаар ТОСК, ТӨҮГ-ын удирдлагууд санаачлан “Хангай” хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй энэ сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаарджээ. Түрээсийн орон сууцанд одоогоор 130 айл орох орон сууцаа хүлээж бухимдахдаа ийнхүү жагсахаар болжээ.
Тэд “Хангай” хотхоны түрээсийн орон сууцад орохоор өнгөрсөн наймдугаар сард урьдчилгаа 1 сая 600 мянган төгрөгөө тушаасан бөгөөд есдүгээр сарын 1-нд байрандаа орох гэрээтэй ч уг хугацааг 15 хоногоор сунгасаар техникийн комисс хүлээж аваагүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүрчээ. 130 айлын зарим иргэд давхар түрээсийн хашаа байшин, байраар хоног төөрүүлж байна. Ийнхүү хохирсон иргэд салбарын яамны үүдэнд “Тайван жагсаал” хийх юм байна.
Уг нь Барилга, хот байгуулалтын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн У.Оргилмаагийн ярьснаар ажлын хэсэг гарч эдгээр иргэдийг шинэ жилийн өмнө түрээсийн байранд нь оруулахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл ч байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: