Сард 5 сая цэнхэр улавч байгальд хог болдог

7c5d39208b43c931greatТа хүүхдээ цэцэрлэгт өгч, авахдаа гялгар уутан улавч хэрэглэдэг үү? Хүүхэд нь цэцэрлэгт явдаг хүн бүр тийм гэж хариулах биз ээ.

Улсын хэмжээнд 225 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. Тэдний эцэг эх өдөрт 100 төгрөгөөр гялгар уутан улавч авдаг гэж үзвэл сардаа (ажлын 22 өдрөөр бодоход) таван сая ширхэг улавчинд 496 сая төгрөг зарцуулдаг байх нь. Үүнийг нэг хичээлийн жилийн есөн сарын хугацаагаар үржүүлэн тооцвол 4.5 тэрбум төгрөг гялгар уутан улавч болоод хаягдаж байна гэсэн тооцоог “Технож бизнес инкубатор” төвөөс гаргажээ.

Ганцхан цэцэрлэг гэлтгүй эмнэлэг, үйлдвэр, зарим үйлчилгээний байгууллага, айлууд ч цэнхэр улавчийг ашигладаг. Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг бол хаягдсан гялгар уут 100-500 жилийн турш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг байна. Гялгар уутны хор хөнөөлийг зөвхөн эдийн засгийн хохирлоор хэмжишгүй.

Улсын хэмжээнд 225 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. Тэдний эцэг эх өдөрт 100 төгрөгөөр гялгар уутан улавч авдаг гэж үзвэл сардаа (ажлын 22 өдрөөр бодоход) таван сая ширхэг улавчинд 496 сая төгрөг зарцуулдаг байх нь.
Гялгар уут нь хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэсэн мэдээллийг та бид олонтаа сонссон. Хуванцар болон гялгар уутнаас татгалзвал 57 төрлийн хавдраас хол байх боломжтой гэсэн зөвлөгөөг эрүүл мэндийн салбарынхан гаргасан нь бий. Тиймээс “Гялгар уутнаас татгалзах өдөр”-тэй болох санаачлагыг Технож бизнес инкубатор төв болон “Ногоон дэлхий” клубээс гаргаж байгаа ажээ.

Гялгар уутнаас татгалзаж, даавуун уут, даавуун улавч хэрэглэх санаачлагыг залуучууд гаргаж, даавуун улавч, уут үйлдвэрлэх ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан, тэднийг дэмжих боломж байгааг олон нийтэд дуулгаж байна. Технож бизнес инкубатор төв нь “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга, хөдөлгөөнийг Канад сангийн санхүүжилтээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд айл өрхүүд, сонсголын бэрхшээлтэй иргэдийг сургаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангаж, даавуун уут, улавч үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих