С.Зориг агсны хэргийн шүүх хурал “захиалгат жүжиг” үү
18 жилийн турш ужгирч, хэд хэдэн сонгууль дамнан улстөрийн шоу болж хувираад байсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг өнөөдөр хорих 461-р ангийн байранд хаалттай шүүх хурлаар шийдвэрлэх байсан хэдий ч хойшилчихов. Өнгөрөгч жил гаруйн хугацаанд уг хэрэгтэй холбоотой сэжигтнүүд болон талийгаачийн эхнэр Б.Булган нарыг хорьж шалгасны эцэст хэрэг нь шүүхэд шилжээд шийдвэрлэгдэх шатандаа орсон билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргав. Ингээд шүүх хурал 12-р сарын 21-ний 11.00 цагаас Хорих 461-р ангид болохоор тогтлоо. Шүүх хурал хойшлогдох болсон шалтгаан нь: өмгөөлөгчид “Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа” гэсэн, мөн шүүгдэгчид болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргасан аж.
Энэхүү гэмт хэрэгт сэжигтнээр татагдаад буй Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн энэ сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийн, “Энэ бүхэн С.Зоригийн хэргийг илрүүлэх бус эсрэгээрээ хэн нэг ядарсан хүмүүсийг ашиглаж, хэргийг хаах гэж буй үйлдэл” хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Мөн олон нийтийн дунд ч ийм хандлага түгээмэл байгаа юм.
Хэрэг гарсан тухайн үед буюу 1998 онд 16-хан настай, хот хүрээ ч орж үзээгүй байсан нусгай бацаан хавь ойрын хөрш, хамаатантайгаа нийлээд Улаанбаатар орж, зүгээр нэг хүн ч биш, бүр төрийн том түшмэлийн амь насыг хөнөөчихсөн гэхэд нэг л итгэл үнэмшил муутай санагдана. Хэрэв үнэн байлаа гэхэд, энэ олон жилийн туршид хэн нэгэнд ам алдахгүй яваад байж чадах хүн мөн үү. Тэгээд ч энэ хүмүүс мөн бишийг амьд гэрч Булган маш сайн мэдэх ёстой баймаар. Үнэхээр тийм 16 настай хүүхэд байсан уу гэдгийг тэр л сайн мэдэх учиртай. Эд нар хэргийг үйлдсэн байлаа гэж бодоход, хэн нэгэн этгээд цаана нь захиалгаар гүйцэтгүүлсэн байж таарна. Түүнийг л илрүүлж яллах ёстой.
Хамгийн сонирхолтой нь, өнөөдрийн энэ шүүх хуралд гэрч Б.Булган, хилсээр гүтгүүлэгч Э.Бат-Үүл, хохирогчийн талын С.Оюун гэх мэт хамааралтай хүмүүс ирж оролцоогүй, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг оруулахгүй байсан зэрэг нь гайхалтай. Ямартай ч, энэ шүүх хурал стандарт бус, гаж мэт сэтгэгдэл төрүүлж байсан.
Долоо хоногийн дараа хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Хэрэв эдгээр сэжигтнүүд ял аваад өндөрлөвөл Монголд шударга ёс гэж байдаг эсэхэд үнэхээр эргэлзмээр. Мөн шоронгийн “хадаас” болох нь ойлгомжтой болчихсон хэн нэгэн алуурчин этгээд өөрт хамааралгүй хэргийг үүрэн, хажуу хавиргаар нь хувийн өш хонзонтой хүмүүсээ чирж оруулаад байдаг гаж үзэгдэл цаашид “цэцэглэн хөгжих” вий гэсэн битүүхэн айдас төрөхөөр. Гэвч хөх тэнгэрийн дор хуультай тусгаар улсын хувьд асуудлыг бас ч ханатай шийдвэрлэх биз ээ гэсэн гэгээн хүсэл сүүмэлзсээр…
Д.Чингүн
Эх сурвалж: ZONE.MN
URL: