ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө нууцлав

“Таван толгой”-н орд газрын лицензийг эзэмших төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” компанийн ТУЗ-ийн есөн гишүүн хэдийнэ сонгогдсон гэх боловч нэрсийг нийтэд хараахан зарлаагүй байгаа. Гэтэл өчигдрийн зарим сонин хэвлэлд “Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирлаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТУЗ-ийн даргаар ТӨХ-ны дарга Д.Сугар, гишүүдэд ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дэд дарга А.Эрдэнэпүрэв, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн газрын дэд дарга Д.Энхбат, иргэний хөдөлгөөнийг төлөөлж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дэд дарга Ж.Батзандан болон АНУ-ын санхүүгийн үйлчилгээний “Морган Стейнли” пүүсийн төлөөлөл болон Их Британи улсын иргэн байгаа тухай мэдээлжээ.

Эдгээр гишүүдийн ТУЗ-д томилогдсон эсэх талаар лавлахаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн газрын дэд дарга Д.Энхбат болон Ж.Батзандан нартай холбогдоход “Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн сонин хэвлэлээс л энэ тухай мэдлээ” хэмээсэн юм. Энэ талаар толгой компани болох “Эрдэнэс МГЛ-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодруулахад дээрх нэрс үнэн болохыг батлав. Харин ТУЗ-д байгаа гадаадын иргэдээс нэг хүн нь бий гэнэ. Энэ нь АНУ-ын “Морган Стейнли” банкны уул уурхай, металл хариуцсан захирал Петер Баккус аж. Түүнийг сонгосон шалтгаан нь “Морган Стейнли” нь дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк учраас гэнэ.

Үлдсэн нэг гишүүний хувьд мэргэжлийн холбоог төлөөлж байгаа бөгөөд ШУТИС-ийн зөвлөх профессор, доктор, Монголын Маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондов багтсан байна.

“Эрдэнэс МГЛ”-ээс ТУЗ-ийнхөө гишүүдийг зарласаар байтал зарим гишүүд ТУЗ-д орсныг албан ёсоор мэдээлээгүй хэмээж байгаа нь тун хачирхалтай байна. Тэд үнэхээр ТУЗ-д орсноо мэдээгүй байгаа юм уу, эсвэл өөрсдийнх нь ТУЗ-д орсон нь тийм нууц байх ёстой юм болов уу.

Ямартаа ч монголчуудыг тэжээх “Таван толгой”-н ордыг ашиглах эрхтэй “Эрдэнэс-Таван толгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний нэрс тодорхой боллоо. Одоо тэдэнд гүйцэтгэх захирлаа томилох үүрэг ногдож буй. Тэд энэ долоо хоногт багтаан хуралдаж, удирдлагаа сонгох юм байна.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих