Худалдааны гудмаар зорчсон тэмдэглэл

Бидний сонирхон ажиглаж байдаг эдийн засаг, бизнес, санхүүгийн амьдралд дуу алдам сонирхолтой цаг үе тулан ирээд байна. Сүр жавхлант Европ тэр чигээрээ хамуураад, салж чадалгүй, сая нэг эмнэлэгт очих шиг боллоо. Тус болох эсэхийг бүү мэд. Дэлхийн Сүпер-капиталист-хүчин энхийг сахиулж, толгой авч, энэ тэнд гал тавьж, цэргээ гаргаж байх зуур шударга бус байдлыг эсэргүүцсэн тэмцэл өрнөж, хүмүүс гудамж талбайд гарч нэг л биш байна гээд жагсаад эхлэв. Хоёр сар гаруйн өмнөөс эхэлсэн ‘Occupy Wall Street’ гэх хөдөлгөөн 1000 орчим хотод түгжээ. Тэд Цагаан ордон, Пентагон, Төв номын санг эсвэл Билл Гейтс, Уорен Баффетт мэтийн нөхдийн гэр орон, оффисыг эзлэхгүй заавал яагаад Уолл Стритийг эзлэх гээд нойр хоолоо хасаад, суугаад байдаг байна?

Нэг найз маань өөрийн цахим хуудаст “Би коллежид сурах гэж 17-тойгоосоо мөнгө хураасан. Одоо төлбөрөө төлөх гэж долоо хоногт 30 цаг ажиллах хэрэгтэй болдог. Хямдхан байшинд хөлсөөр сууж, сайхан зүйлсийг мөрөөдөлгүй, тэтгэлэг авахын тулд толгой өндийлгүй хичээл хийх хэрэгтэй болдог. Хүсээд байгаа Каптализм энэ” ухааны юм бичсэн байх юм.

Хөгжлийн цэцэрлэгрүү дайрч, эзлэх гээд байгаа учир энэ байх нь л дээ. Капитал, түүний үнэ цэнэтэй холбоотой ойлголтууд өрнийн сэтгэгчдийн бүтээлүүдэд “fair price” гэхчлэнгээр тусч, МЭӨ 2 дугаар зууны үед Ромын эзэнт гүрэн нийтийн сан бүрдүүлэхээр өрийн захыг байгуулж байсан ор мөр бий.

Германы засгийн газраас лоттоны тасалбар гаргаж, Францад 1540 онд анхны бирж хэлбэрийн байгууллага байгуулагдаж, далайн дээрэмчдээс олзоо хамгаалахаар баталгаа бичиг хэвлэж, Чарлис V “Аnnuity”-г сэдэж, засгийн газар нь гэрээ арилжаалах болсон. 16 дугаар зууны дунд үед Antwerp санхүүгийн төв болж, худалдаачид burges-ийн ойролцоо цуглаж худалдаа хийж, сүүлд нь түүнийгээ Hotel de bourses гэж нэрлэх болжээ. Спанийн түрэмгийллийн үед санхүүгийн төв Амстердамд шилжиж, 1609 онд Wisselbank байгуулагдаж, мөнгөний банк буюу “Вanco” гэж нэрлэх болж, 1611 онд Аmsterdam-д хөрөнгийн бирж нээгдэв. Засгийн газрын өрийн бичиг, төлбөрийн баримтуудыг ‘Stock’, Засгийн газрын ‘Stock’ гэж нэрлэх болжээ. Догшин Иваны гэсгээлтийг амсан байж 1533 онд Москву компани, 1609 онд Dutch East India компани байгуулагдсан нь хувь нийлүүлсэн компанийн төрхийг олох томоохон хувьсал болов.

1688 онд Англид Аж үйлдвэрийн хувьсгалтай зэрэгцэн санхүүгийн хувьсгал дэгдэж, парламентаас баталгаа гаргасан засгийн газрын өрийн бичиг бий болж, анхны хямралтай нүүр тулж, арилжааны мэдээлэл хэвлэгдэж, Лондон олон улсын хот болсон бөгөөд олон шинэ бизнес эхэлж, Европын өнцөг булан бүрээс Английг зорьсон, хөрөнгө оруулалт эрж хайсан эцэс төгсгөлгүй цуваа хөвөрлөө. 1724 онд Парист хөрөнгийн бирж байгуулж, Австрийн хөрөнгийн бирж 1771 онд Венн хотноо нээгдэв. Эрчээ авсан энэ хөдөлгөөн далай гэтлэн 1792 онд дилерүүд үд дунд Уолл Стрит-22 гэх газар уулзалдах болов. Энэ гудамжинд Данийн худалдаачид түрүүлж суурьшсан байсан бөгөөд мал, амьтан орж ирэх, Индианчуудын довтолгооноос хамгаалан хана барьж, гудамжаа “Wall Street” гэж нэрлэх болсон юм.

Хүн төрлөхөн, улс үндэсний зүрх тэнд зохиж, хөгжлийн ундарга тэрдээс оргин буй.

Тив, улс орон бүрийн цэцэрлэг өөр хоорондоо адилгүй, өөр өөр цэцэг цэцэглэж, жимс өгнө, бие биеэ дагаад гандана, хагдарна, газар нутаг, цаг уур гэх олон онцлогт чанар нөлөөлнө. Сайн цэцэрлэгч хэрэгтэй. Сингапурын эцэг Ли Кү Вэйний хэлсэнчлэн “Аль цөөрөмд сэлэх вэ?” гэдэг шийдэл хамгийн чухал. Хаана, хэний цэцэрлэгт, ямар мод тарих вэ?

Тэгээд ганц нэг сайхан цэцэрлэгээр саатаж, орж, гарах үедээ тэмдэглэж байснаа буулгалаа.

“Bull Rice” гэх олон орны хөрөнгийн биржийнхэн оролцсон арга хэмжээг Солонгосын бирж жил бүр зохион байгуулдаг. Тэндээс л эхэлсэн юм.

Солонгосын бирж 1953 онд байгуулагдсан. Одоо 1757 компани бүртгэлтэй, 1.1 их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй. Өрсөлдөөний үрээр дэгдсэн интеграцийн шуурга дунд Солонгосын үнэт цаасны бирж, Kosdaq, үүсмэл үнэт цаасны зах зээлийг нэгтгэсэн Азийн тэргүүлэх томоохон зах зээлийн нэг болж чадсан. Жижиг компаниас үндэстэн дамнасан том корпораци, бүтээн байгуулалт, эдийн засгийг хэрхэн бий болгохыг харуулсан тод жишээ.

Хятадын зах зээлрүү идэвхтэй ажиллаж байгаа тэдний KOSPI индекс багтаамж, далайц, хамрах хүрээгээ ч яахын аргагүй чухал индикатор болно.Үүсмэл үнэт цаасныхаа зах зээлээр дэлхийд 10-т орж байгаа тэд 2015 онд гэхэд дэлхийд тэргүүлэх биржийн нэг болох зорилт тавиар байгаа. 60 гаруй жил хөгжсөн тэдний хувьд Хөрөнгийн зах зээл одоо л сонгодог утгаар бий боллоо гэж ярих нь бий. Манай улсын 30 гаруй мэргэжилтэнг өөрсдийн зардлаар сургаж, жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулж ирсэн улсаа. Харин тэдний цаана Япон гэх том ертөнц бий.

Японы үсрэнгүй хөгжлийн үндэс нь 18-р зуунаас эхлэн залуусаа гадаадын олон оронд сургаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг боловсролыг эзэмшүүлэн, үндэсний чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж чадсантай холбоотой. 1870 онд Засгийн газраас төмөр замын сүлжээг байгуулах ажилд хөрөнгө татан төвлөрүүлэх зорилгоор анхны өрийн үнэт цаасыг хэвлэн гаргасан. Энэ үеэс хойш дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэр, үйлчилгээний олон салбарт анхдагч болж, 1873 оноос эхлэн “Токио Дайчи Үндэсний Банк” зэрэг анхны Хувьцаат компаниуд байгуулагдаж эхэлсэн түүхтэй.

1878 онд Токиогийн Хөрөнгийн Бирж /ТХБ/ байгуулагдсанаар Засгийн Газрын өрийн үнэт цаас, хувьцааг арилжих, хувьцаат компаниудыг бүртгэх зэрэг хөрөнгийн зах зээлийн олон төрлийн үйл ажиллагаа, харилцаа үүсэн бий болж Төмөр зам, Цахилгаан станцууд, үйлдвэрлэл технологийн олон бүтээн байгуулалт чухам хөрөнгийн зах зээлийн үр өгөөжөөр бий болгож, 1951 онд АНУ-ын систем дээр суурилсан маржин арилжааны системыг нэвтрүүлсэн.

Японд нийт зургаан бирж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1996 оноос хойш санхүүгийн системийн шинэчлэлийг явуулан нээлттэй, шударга, глобал зах зээлийг бий болгохын төлөө ажиллах болж, 2002 оноос “Үнэт цаасны зах зээлийн реформ”, “Санхүүгийн зах зээлд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Токиогийн Хөрөнгийн Бирж нь Ази, Номхон далайн бүс нутагтаа тэргүүлж, дэлхийд хоёрт, арилжааны дүнгээрээ дэлхийд дөрөвт орсон, Ази тивийн хэмжээнд тэргүүлэх, томоохон биржийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 2389 компани бүртгэгдэн үнэт цаасаа арилжиж байна.

1969 оноос эхлэн ТОРIX индексийг тооцож эхэлсэн ба 1985 онд засгийн газрын бондод суурилсан фьючерс, 1988 оноос ТОРIX индексүүдэд суурилсан фьючерс зэрэг үүсмэл үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Одоо зөвхөн Токиогийн хөрөнгийн бирж л гэхэд 150 гаруй индекс тооцож байх. Зах зээл дээрх нийт хөрөнгө оруулалтын 62 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид, 19 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид хийдэг. 98 хөрөнгө оруулалтын сан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхий нийтийн нэгдэх үйл явцыг Япончууд л хойно сөрсөн л байдаг. Эдогийн эриний Японы эдийн засгийн төв Осака хотод 1878 онд бирж байгуулагдсан. Никкей 225 индекс дээр суурилсан олон үүсмэл үнэт цаас, за дэлхийн тэргүүлэх индексүүд, Jasdaq, үндэсний томоохон индекс, дээр суурилсан үүсмэл үнэт цаасыг арилжидгаараа алдартай.

2007 оноос Токио, Лондонгийн хөрөнгийн биржүүд шинэ зах зээл бий болгох төслийг хамтран хэрэгжүүлж үнэт цаасны 7 дахь Хөрөнгийн бирж байгуулагдан, 2009 оны 06 дугаар сарын 01-ээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байлаа. Тэд Тайланд, Индонез, Бангладеш, Бетьнам, Филлипини, Монгол зэрэг хэдэн орны нөхдүүд туршлага судалж байлаа.

“Silver future” гэх шинэ фьючерс гэрээ зах дээр зарагдах эхний өдөр Тайландын хөрөнгийн бирж дээр очиж таарсан юм. Тэндэхийн үүсмэл үнэт цаас хариуцсан мэргэжилтэн нь Токиогийн хөрөнгийн бирж дээр цуг байсан нөхөр байх, биржээ, бас шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, зах зээлийн талаар сайхан яриа өрнүүлж билээ. Сонин содоороо гайхагдсан үйлдвэрийн улсын зах зээл гойд өвөрмөц онцлогтой. 1961 онд Тайландын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж 1962 онд анхны бирж байгуулагдаж байсан бөгөөд 1970 аад оны үндэсний хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн орчин боловсронгуй болж 1972 онд бирж байгуулсан түүхтэй. 1975 оны 4 дүгээр сарын 30-нд анхны арилжаагаа эхлүүлсэн тус бирж 1991 онд албан ёсоор Тайландын хөрөнгийн бирж гэж нэрлэгдэх болсон. 530 гаруй компани бүртгэлтэй 197 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй. Жил гаруйн өмнө улаан цамцатны хөдөлгөөн бас л биржрүү нь дайрч доод давхрыг нь шатаасан юм билээ.

Чарат нөхөр маань манай бирж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг, Тайланд бол үйлдвэрлэлийн орон, потенциал их бий гэх аястай давуу талаа, Зүүн Азийн зах зээлийн онцлогийн талаар танилцуулав. Би ч Монголын хөрөнгийн зах зээлд болж буй өөрчлөлтийн талаар ярихад хувьцаа, бонд ч яахав үүсмэл үнэт цаасны зах зээлээ хөгжүүлэхдээ, арилжааны системийг нь хийхдээ их анхаараарай. Өөрсдийн онцлогийг тусгаж хийх хэрэгтэй талаар санал хэлэв.

Ер нь хөрөнгийн зах зээлүүд бие биенээсээ хамааралтай хөгждөг, олон хүчин зүйлийн бүрдэл дээр сая нэг өндийдөг. 90-ээд оны дундаас эрчээ алдахгүйн тулд бие биеэ худалдаж авах, нэгдэх, том зах болох уралдаан хаа сайгүй өрнөсөн. Мэдээжээр энэ хавийн луугар нь яах аргагүй Сингапурын бирж. Ер нь Сингапур, Малайзын зах зээлээс бусдыг хөгжиж буй зах зээлийн ангилалд оруулаад байгаа юм.  За Камбожууд энэ жил арилжаа хийж эхэлж байгаа. Бусад нь бол өөрсдийнхөө хэрээр хол алхчихсан улс.

Сигапурын биржийг Азируу нэвтрэх үүд гэж нэрлэнэ. Тэд олон цөөрөмд сэлдэг. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гайхалтай, нягт зохион байгуулалтай. Хэл, эрх зүйн тогтолцоо, орчин гээд олон давуу талтай. Ер л Англи үнэр нэвт үнэртэнэ. 2000 оны 11 дүгээр сард Австралийн хөрөнгийн бирж дээр өөрсдийн хувьцааг гаргасан. Зүүн Азийн орнуудын төдийгүй, Энэтхэг, Токиогийн биржийн тодорхой хувийг эзэмшдэг. 774 Компани бүртгэлтэй, 650 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй лут том зах. Манчестер Юнайтедын хувьцааг арилжих гэнэ гэсэн мэдээг уншаад хөрөнгийн зах зээлийг овоо ойлгох нэг нь хүртэл “Хөл бөмбөгийн баг хүртэл хувьцаа гаргаж болдог юм уу ?” гэх гайхшралд орно. Сонин содон юм их бий. Өдөрт 1.5 тэрбумын арилжаа хийчихдэг. Үнэт цааснаас гадна  металл, түүхий эдийн том зах зээлтэй. Энд бүртгэлтэй олон компани одоо Монголд үйл ажиллагаа явуулах болжээ. Гэхдээ л томчууд нь ажсаар л байна. Тэнд явах зуур Шинэ Зеландад олон жил амьдарсан гэх нэг эртэй санаандгүй яриа өрнүүлдэг юм байна. Монголын тухай асуухаар нь хөгжиж байгаа талаар, уул уурхайн баялагтаа ашиглаж эхэлж байгаа талаар сонирхуулав. Ер нь манай талаар овоо мэдээлэлтэй. Тэр “Бүгдийг нь нэг дор хэрэглэж болохгүй. Ээлжлэх хэрэгтэй шүү” гээд өөрийн үзэж харсан жишээнээс хуваалцаж билээ.

Зах зээл болгон өөрийн онцлогтойгоор хөгжиж, оршин тогтнож байдаг. Өгөөжтэй байхын тулд өөрийн төрхийг олох ёстой. Тэгэхгүй бол дамжин өнгөруулэх болчихдог юм шиг байгаа юм. Юу л бол юу зарж болно. Манайтай хамгийн дөхүү нь Прагийн бирж байгаа юм. 1871 онд Чех улсад анхны бирж байгуулагдаж, 1931 оныг хүртэл ажиллаад өөр өмчийн харилцаанд шилжсэн. Тэгээд бидэнтэй л адил өөрчлөлт болоод 1993 онд бирж дахин нээгдсэн. Европын биржүүдийн холбооны жинхэнэ гишүүн, Дэлхийн хөрөнгийн биржүүдийн холбооны албан ёсны түнш, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн албан ёсны гэрээт зах зээл гээд ер нь зохион байгуулалт, хүчин чадал нь манай биржтэй их адил ч хамаагүй тэнхээтэй.

Чех улсын болон Европын холбооны хосолмол зохицуулалтын тогтолцоотой. Зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэлгээ дээд төвшинд хараахан хүрч  ханаагүй байгаа нь давуу тал болдог. Одоо тэтгэвэр, тэтгэмжийн сангуудын хөрөнгийг хөрөнгийн захад төвлөрүүлэхээр Чех улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж байна. Дотоодын жижиг хөрөнгө оруулагчдаа хамгийн чухал хөрөнгө оруулагч гэж онцлох бөгөөд тэдгээрийн тоо жил ирэх тусам олширч байна гэх. Энэ нь хөлгүй далайд хөвж яваа тэдний хувьд эдийн засгаа хамгаалах гол арга нь гэнэ. Прага, Венн, Будапешт, Лжувлжанагийн Хөрөнгийн Биржүүд нэгдээд CEE бүлэглэлийг үүсгэсэн бөгөөд энэ нь Төв Европын санхүүгийн зах зээлийн хамгийн том нэгдэл болж чадсан.

25 орчим брокерын компанитай байх агаад дандаа Европ, Далхийн томчууд, 30 орчим IPO-тэй боловч зах зээлийн үнэлгээ нь аль хэдийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд хүрч чаджээ. Тэд олон юм зардаггүй. Бусдаас харин цахилгаан зардгаараа онцлогтой. Эрчим хүчний үнэ тогтох бодит орчин нөхцөл бүрдүүлэх, хөгжүүлэх зорилготой энэ зах нь шинээр үүсч байгаа бөгөөд эрчим хүчийг Чех, Словак, Унгар, зэрэг улсад худалддаг. /Жил, сар, өдөр гэх мэт хүссэн хугацааны гэрээ/ Эрчим хүчний үүсмэл үнэт цаасыг, цагийн хэлбэлзэлтэй гэрээнүүдийг арилждаг байх жишээтэй.

Мэдээж гудамж болгон л өөрийн онцлогтой, нууцтай. Тэнд алив зүйл өөр өөрийн замаар урагшилна. “Аль цөөрөмд сэлж, юутай үлдэх вэ ?” гэдэг сонголтыг зөв хийх ёстой. Энэ сонголт удахгүй тулан ирнэ.

2011.10.29

1010mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих