Дээдсийн хүүхэд төлбөртэй эмнэлэгт тансаглаж, ард түмний үрс улсын эмнэлэгт шахцалдаж байна

Монголын  үрс  маш  олон болох болтугай гэсэн ерөөл биелэлээ олж байгаа ч бяцхан  үрсээ өлгийдөн  авах төрөх эмнэлэг маш цөөн байгаа нь бодит үнэн. I, II, III амаржих газар дээр Эх  нялхасын төвийг нэмээд л дөрөвхөн төрөх эмнэлэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг.  Зөвхөн нийслэл  ч гэхгүй Монгол Улсын хэмжээнд гэхэд ч болно. Гарын таван хуруунд ч багтахгүй төрөх эмнэлэг сая гаруй иргэнтэй нийслэл цаашлаад хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилдэг гэхээр чамлалттай байхаас ч яах билээ. 2007 оны “Алтан гахай” жилээс эхлэн төрөлт эрс нэмэгдэж, эл хульхан байсан төрөх эмнэлгүүд ачааллаа даахаа больж, сандралд орсон. “Баяжуулдаг” гэх хулгана жил ч чамгүй олон эмэгтэйг хүүхэд төрүүлэх хүсэлтэй болгосон. Өдөрт арван эх төрөхтэй үгүйтэй л ярьдаг байсан төрөх эмнэлгүүд 40-50-иараа тоологдох бяцхан үрс дуугаа хадаах болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I амаржих газарт өдөрт 30-40 эх төрдөг.

Ачааллын хувьд full хэмжээ гэж тус эмнэлгийнхэн ярьж байсан. Эх нялхасын эрүүл мэндийн төвд нэг хоногт 40-50 эх амарждаг байна. Эхний төрсөн эхчүүд өндөр орноос буух цаг болоогүй байхад л дараагийн ээжид өндөр орны хэрэгцээ шаардлага тулгарна. Ёстой л хэвт бос гэсэн командаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байгаа гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Одоогоос 10-аадхан жилийн өмнө хүүхдийн хүй цөглөтөл эхчүүдийг эмнэлгээс гаргадаггүй байсан. Хүй бохирдохоос сэргийлдэг эрүүл ахуйн шаардлагаас гадна эмнэлгүүдийн ачаалал бага байсантай холбоотой. Гэтэл өнөөдөр ямар нэг хүндрэлгүйгээр төрсөн бол маргааш нь шууд л эмнэлгээс гаргана.

Эмнэлгийнхний тайлбарлаж буйгаар ариун хавчаар гэх техникийн дэвшилтэт  зүйл гарснаар төрсөн эх, хүүхэд эмнэлэгт хоёр гурван хоногоор хэвтэх шаардлагагүй болсон гэнэ. Хүүхэд төрөнгүүд хүйг нь ариун хавчаараар хавчиж, 24 цагийн дараа авдаг. Ингээд хүүхдийн хүй асуудалгүй гэнэ.

Гэхдээ эвгүй үнэр орох вий анзаарч байгаарай гэж эхчүүдэд сануулдаг нь бас л нэгийг хэлээд байгаа юм. “Хүүхдийн хүйнээс эвгүй үнэртэй зүйл гараад байна” гээд эмч нарыг сураглаж явсан ээжийг “Өөрсдөө л та нар заваараад бохирдуулчихгүй юу, зүгээр л байна” гээд Эх нялхасын төвийн эмч загнаад гаргаж байсныг тодхон санаж байна. Энэ жишээ хүй цөглөөгүй байхад эх хүүхдийг эмнэлгээс гаргадаг нь зөв алхам биш гэдгийг харуулж байгаа юм. Ямар шалтгаанаар өнөөдөр төрсөн эхийг маргааш эмнэлгээс гаргах болов гэх асуулт эргээд эмнэлгүүдийн хүрэлцээ ачаалалтай холбогдоно. Улсын эмнэлгүүд ачааллаа даахгүй бараг шалан дээрээ тулаад байхад хувийн эмнэлэгт өдөрт 3-4 хүн л төрдөг гэнэ. Арга ч үгүй дээ, тэнгэрт хадсан төлбөрийг нь дийлэх чадал бидний монголчуудын цөөхөн хэсэгт бий шүү дээ. “Гурван гал” эмнэлэгт  гэхэд өдөрт дээд тал нь таван эх амарждаг.

Өөрөөрөө төрвөл 600-800 мянган төгрөг, хагалгаа хийлгэж төрвөл 1,2 сая төгрөгийг эмнэлгийн кассанд тушаах ёстой. Бас болоогүй ээ, ор, хоног, эмчилгээний хөлс тусдаа. Бид улсын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа гэж хувийн эмнэлгийнхэн өөрсдөдөө цаасан малгай өмсгөдөг. Гэтэл бодит байдал бахь байдгаараа л. Ид ачааллын дундуур эмч нарт сонгогдсон сайхан мэдээ нь Хан-Уул дүүрэгт 300 ортой IV эмнэлгийг барих байлаа. Эрүүл мэндийн салбарынхан сайд, Засгийн тэргүүнтэйгээ шавыг нь тавьсан энэ төрөх эмнэлэг ашиглалтад орох өдрийг манайхан тэсэн ядан хүлээж байгаа гэхэд болно.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд тэр дундаа эх нялхасын эрүүл мэндэд онцгой анхаарч байгаа. Тиймдээ ч С.Ламбаа сайд нэг ярилцлагадаа “асгийн гаар эх хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хамгийн их хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж байна. Өнгөрсөн жил I амаржих газрын их засварын ажилд шаардлагатай 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж, иж бүрэн засвар хийсэн.Түүнчлэн арван аймагт тус бүр 50 ортой төрөх эмнэлэг байгуулахаар төсөвлөснөөс Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийнх ашиглалтад ороод байгаа” хэмээн онцолж байсан. Төрөх эмнэлэг зөвхөн хотод асуудал болоод байгаа юм биш. Хөдөө орон нутагт ч толгойн өвчин болоод байгаа.  Хөдөө сумдын жирэмсэн эхчүүд заавал аймгийн төвд очиж төрөх “хуультай”.

Харин үүнийг салбарын сайд үгүйсгэдэг. Анхны эсвэл хүндрэлтэй гэсэн төрөлтийг л дээд шатны эмнэлэг рүү явуулах ёстой гэнэ. Энэ эрүүл мэндийн тэр дундаа төрөх эмнэлгүүдийн бас нэг гажуудал. Ачааллын хажуугаар иргэдэд тулгардаг бас нэг асуудал нь эмч нарын гарыг цайлгах. Хувийн эмнэлэг тарифаа  ил тодхон тавьсан байхад улсын эмнэлгийнхэн далд тарифтай. Энэ нарын хэлдгээр “хаагаа” хийх.

Томчуудын охин, эхнэр төрөхөд эмнэлэгтэй л “том”-д тооцогдох эмч нь орно. Мэдээж “том” эмчээр хүүхдээ эх бариулсан хүн чамгүй хэмжээгээр гарыг нь цайлгана шүү дээ. Хагалгаагаар төрөх бол эм тарианы мөнгө бас шаардлагатай. Уг нь эрүүл мэндийн даатгалаас эм тарианы мөнгө гарах ёстой. Ор олдохгүйн зовлон дээр гар цайлгах мөнгөний асуудал үүснэ. Уг нь Монгол Улс хүн амаа өсгөх бодлого барьж байгаа. Гэтэл хүн төрөх эмнэлэг  хүрэлцээгүй байгаа нь үндэстний эмгэнэл шүү дээ. Бодлоготой авцалдахгүй байгаа бодит байдлыг өөрчлөх цаг болсныг цаг тутам хорвоод мэндэлж буйгаа мэдэгдэн дуу хадаах бяцхан үрс маань сануулсаар байна.

Эх сурвалж: Улаанбаатар таймс    В.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих