АН “попчид”-оор л дутаж гэнэ
Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотой асуудлууд ар араасаа цуварч, хурлаас гарах шийдвэрийг олон нийт хүлээсээр байсан юм.
Харин өдгөө тэрхүү өөрчлөлтийг хийж үзүүлэх гэж буй АН-ынхан хөлөө жийлцээд, намын Их хурлаа арайхийн зохион байгуулсан ч дорвитой шийдэлд ч хүрч чадаагүй. Тэр байтугай эзэнгүй айлд эзэн суухыг хүсэгчид ч энэ тэрүүгээр олон байгаа нь сүүлийн өдрүүдэд ил цагаандаа гарав бололтой.
Уг нь АН-ынхан саяхан болсон VI Их хурлаараа төлөөлөгчид нь “шинэтгэлийг нэг, хоёр удаагийн уулзалтаар хийж амжихгүй” хэмээсэн тул хойш тавьсан. Түүгээр ч зогсохгүй гол зорилго болсон дүрмээ ч баталж амжилгүй ердөө л намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад, дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад VII Их хурлаар батлахаар болсон. Мөн гишүүнчлэлийн бүртгэлээ ч нэлээд чамбайруулахаар болсон бөгөөд 180 мянган гишүүн нь цахимаар бүртгүүлэхээр журам батлагджээ. Харин намын даргын асуудлаа ирэх сарын 29-нд шийдэхээр товлосон. Улс төрийн томоохон хүчин хэмээгддэг АН-ынхан Их хурлаараа ердөө л дээрхийг шийдсэн.
Мэдээж шийдэлд хүрээгүй гол агуулга нь нөгөө л хэл амаа ололцож чаддаггүй фракциудын өрсөлдөөн. Олон фракцийнхаа “буянаар” үнэндээ намын даргаа ч сонгож чадахгүй, баахан хүн дарга болохоор нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Түүнчлэн дотроосоо даргаа тодруулж чадахгүйг нь мэдэж байгаа зарим хүн элсэж ороод дарга болох “мөрөөдөлтэй” яваагаа ч дуулгаад амжсан. Тус намын VI Их хуралд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байсан. Тэрбээр хуралд оролцох болсон шалтгаанаа “Би АН-ын гишүүн. Гишүүнчлэлийнхээ эрхийг сэргээх асуудлыг ярих гэж байгаа” гэж тайлбарласан.
Мөн “Ардчилсан намыг байгуулж болсон юм чинь намын дарга нь болоод энэ намыг орох оромжтой, оочих аягатай болгож болно. Энэ айлыг ажил хэрэгч, хариуцлагатай болгож болно шүү дээ. Тийм туршлага надад байна. Хоёр намд харьяалалтай байсан ч яадаг юм. Хорин намд ч байсан яадаг юм. 40 гаруй намд орж, улс орноо удирдаад явдаг хүмүүс цаана чинь байна. Хүн үзэл бодлоо өглөө босоод шинэчилж болно шүү дээ” хэмээгээд амжсан. Өнгөц харахад БНН-ын дарга АН-ын хуралд оролцсон нь сонин үзэгдэл мэт боловч үнэн хэрэгтээ Б.Жаргалсайхан тус намын нүүр царайг шулуухан хэлчихсэн хэрэг.
Өөрөөр хэлбэл, бодлого байтугай байр ч үгүй нам. Байртай болно гэсэн ч балгас байсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Одоо дээрээс нь намын лидерүүд нь дотоод зөрчлөө ил гаргаж, бараг л “цусгүй дайн” зарлах болсон.
Түүн дээр нь түүдэгт цучил нэмэх гэсэн шиг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай АН-д элсэхээр өргөдлөө өгсөн. Тэрбээр “АН бол миний анхны хайр, намаа ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэдгээ илэрхийлэв. Түүний хувьд анхны хайр нь болсон АН-даа хэд ч орж, хэд ч гарах санаатай юм бэ. Юутай ч шинэ намын нэрээр сонгуульд нэр дэвшээд хол явахгүйгээ мэдэрсний хойно парламентад суудалтайгаар нь ашиглах боломжтой гэж үзэн бүр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхсэн хэрэг.
Ёстой л боорлох сонирхолтой хүн бүр ноцох шиг лидерүүд нь урагшгүй байхын хэрээр улс төрийн томоохон нам гэдэг гуншинг нь ашиглахыг хүсэгчид ийн захаас аван хүсэл, сонирхолоо илэрхийлсээр байгаа нь ардчилагчид гэж цээжээ дэлддэ хүмүүст хэр таатай байдаг бол доо.
Уг нь улс төрийн намд бодлого тодохойлогчид байж гэмээнэ өнгөө засч сэлбэхэд хэрэгтэй баймаар. Харин улс төрд зөвхөн намын нэрийг ашиглах “поп”-чидод бол тухайн нам ямар бодлоготой байх нь хамаагүй бололтой.
Б.Учрал
BreakingNews.MN
URL: