Ж.Батзандан: АН-ын даргад нэр дэвших дэнчин 500 сая төгрөг болтлоо өсөж магадгүй
АН-ын даргын сунгаа явагдаж байна. АН-ын даргад нэр дэвших эрхмүүд эхлээд 250 сая төгрөгийг тушаах юм байна. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ талаар “АН-ын дотоод асуудлыг ярьлаа гэж зарим хүн уурлах байх. Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна. Дээрээс нь улсын сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгааг хэлье. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Үүнээс салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй” гэсэн юм.
URL: