Нэр

15418355_1187289698020218_2398235686746646108_oТэр уг нь номын санд оръё гэж огт төлөвлөөгүй юм. Төлөвлөх байтугай ерөөсөө ийм санаа огт байгаагүй. Болзоонд явж байлаа. Их л чухал уулзалт. Уулзана, танилцана, нэрээ хэлнэ… Чухам энэ үед өөрийнхөө нэрийн талаар бодов. Ер нь уг гарлаар нь хөөвөл ямар утгатай нэр юм бол? Яг ингэж бодох агшинд хотын номын сангийн өмнүүр алхаж яваагаа анзаарчээ. Ингээд л номын сан руу орсон хэрэг. Толь бичгээс өөрийн нэрийн учрыг лавлах гэсэн хэрэг.

Хэд хэдэн толь бичиг аваад ширээнд суув. Гэвч тэндээс олсонгүй. Сонгосон номоо тавиурт нь эргүүлж тавиад дараагийн хэдэн толь бичиг шилснээ алсад буй ширээ энэ тавиур хоёрын хооронд ном тэврээд байн байн алхах нь төвөгтэй санагдав. Ингээд тавиурын дэргэд шалан дээр суугаад номнуудаа эргүүлж гарлаа.

Өөрийнхөө нэртэй төстэй үгийг өөр бусад хэлээр хайлаа. Үнэхээр ч төстэй байж магадгүй гол ус, улс орон, хот тосгон аль нэг хэлээр олдох авч яг өөрийнх нь мөн үү гэсэн асуултад хариу алга. Харин нэгэн домогт өгүүлэх нэр нэлээд ойролцоо ч юм шиг. Домогт өгүүлснээр уг нэр хотынх ба нэн эрт оршин байсан, харин газар хөдлөлтөөр юу ч үгүй нуран байхгүй болжээ. Үүнээс уламжлаад ойрын хэдэн мянган жилд тохиосон томоохон газар хөдлөлтийг судаллаа. Ерөөсөө газар хөдлөлтийн цаад шалтгааныг олохоор өөр олон ном тавцангаас цуглуулан уншиж гарав. Яагаад ч юм, нэг мэдсэн газар доороос гаран биосфер рүү оржээ. Хажуудаа овоолсон ном судар улам нэмэгдсээр. Нарны аймаг, цаашлаад Тэнгэрийн заадлын талаархи мань хүний судалгаа дэлхийгээс улам холдсоор байлаа.

Орчлонгийн үүслийн тухай таамгуудыг уншиж байхдаа бүх юмны цаад учир эгэл бөөмст байдаг, тэр нь цөмийн дотор буй, цөм бол атомын голд байдаг, атомууд нийлж байж молекул болдгийг усны томъёогоор жишээлэн тайлбарлагдах үед тэрээр эх дэлхийдээ эргэж ирэв. Усны молекулаа томруулан ДНХ хүрэхийн үед ойр хавьд овоолсон номон дундаас түүний толгой нь дөнгөж цухуйх аж.

Үдэш болж намын сан хаалгаа барьлаа. Хоёр цэвэрлэгч танхимд шүүр хувин барьсаар орж ирэв. Нэг нь:
-Тэрийг хараа!
-Алийг?
-Тэр дээр. Дээд давхарт.
-Аль?
-Нөгөө тийшээ хараач ээ. Тэр номын тавиуруудын тэнд.
-Пээ яанаа! Ямар амьтан нь ингээд хамаг ном овоолоод хаячихдаг байнаа?
Хоёр авгай шатаар өгсөн овоолсон номын тэнд хүрч очив.
-Дор нь хүн дарагдчихсан юм болов уу?
Нэг цэвэрлэгч нь шүүрний модоо номнуудын завсраар шургуулан төнхөж:
-Хүн байна уу?
Нөгөө нь:
-Тавиур нураад хэн нэгнийг нь дарчихсан байж магадгүй.
Эхний цэвэрлэгч эргэн тойрноо бүртгэн харснаа:
-Үгүй байхаа. Энд нурсан тавиур алга. Энэ номнуудыг янз бүрийн тавиураас авчирсан байна. Тэр хар даа, тэндээс өм цөм, эндээс өм цөм.

Бараг хоёр метр өндөр болтол нь овоолсон номнуудыг цэвэрлэгч нар хажуу тийш нь зөөж доод шалыг нь гарч иртэл ухав. Юутай ч номонд дарагдаж үхсэн хэн ч алга. Дараа нь номнуудыг ангилж янзалсангүй, хэсэг хэсгээр нь тэврэн тавиуруудын онгорхой зайнууд руу зөөн чихлээ. Хэдэн зуун номыг ингэж зөөхөд нэлээд хугацаа зарцуулснаас гадна хоёр авгай туйлдатлаа ядран амьсгааджээ. Цаг оройтсон учир тэд цэвэрлэгээ хийсэнгүй, танхимын чийдэнг унтраагаад хаалгыг тас хийтэл хаан гарч одов. Гэр рүүгээ яарав бололтой.

Номын сангийн тас харанхуй танхимд хэн нэгний хашгирч буй болов уу гэмээр дөнгөж сонсогдох төдий тун бүдэгхэн дуун гарна. Анир чимээгүй үед л энэ дуу бүдэгхээн сонстож магадгүй. Хүний гутлын чимээ, хувцас хавиран шар шир хийх, зөөлөн салхины исгэрээн гарах төдийд л энэ бүдэг хашгираан огт сонстомгүй. Аль нэг тавиурын, аль нэг номон завсраас:
-Авраарай, намайг эндээс гаргаачээ. Намайг Хомосапиэнс гэдэг. Энд хүн амьтан байна уу! Авраарай! Сонсч байна уу?!?

Тавиурын дундуур хулгана гүйлдэнэ. Тэд номны цаас мэрэн урж ноохой үүсгэнэ. Сайтар чагнавал харанхуй танхимд хулгана хааяа час хийх, цаас мэрэх чимээ тод сонстоно. Энд De humani corporis fabrica libri septem гэсэн их дээр үеийн маш хуучисан зузаан номыг шуурхайлан мэрж үртэс болгон ноохойлж буй хулгануудад саад болох, цочоох ямар ч анир алга. Хулганууд дураараа аашилж буй бололтой, тааваараа идээшлэнэ.

2016.12.5

https://www.facebook.com/baabaringejuguulev/photos/a.805443296204862.1073741827.723725597709966/1187289698020218/?type=3&theater


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих