Эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтчихээд байна, Сайд аа

olloo_mn_1481587892_erulmbdНуруундаа хагалгаа хийлгэхээр алс холын Америк орныг зорьж буй баян эрээс Монголдоо яагаад эмчилгээ хийлгэж болохгүй байгааг асуухад “Тэгж үхээд яах вэ” хэмээн хариулж билээ. Шинэ баян цээж өвчтэйг харууллаа хэмээн шоглож болох ч нөгөө талаас манай эрүүл мэндийн салбарын үнэн төрх нь энэ юм. Эмчид итгэснээс эмээдээ итгэ, жор мэдэхгүй отчоос зовлон үзсэн чавганц дээр гэх мэт ёгт үг зүгээр ч нэг яригдаагүй гэдгийг энд нурших нь илүүц биз.Эрүүл мэндийн салбар уналтад орж, мөнгөтэй хүн л амьд явдаг болсон талаар олон ч удаа хөндөж бичлээ. Хэвлэл мэдээлэл болгон энэ талаар шүүмжилдэг, гэсэн ч үр дүн өнөө хэр гарсангүй. Эрүүл шүүмжлэлийг тусгаж авах гэхээс илүүтэй бидний алдааг түрүүлж олж харлаа, хэвлэл мэдээлэл эмч нарт өстэй юм, эмчийг, эрүүл мэндийн салбарыг доромжиллоо гэх мэтээр таагүй хандах нь бий. Худал хэлсэн хүнд эмчид үзүүлэхдээ сэтгүүлч гэж мэргэжлээ хэлэхээс ч эмээдгээ нуух юун. Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гэхээс илүүтэй улстөрждөг, албан тушаалд хүрэхийн төлөө өрсөлддөг, цэвэр бизнес хийдэг салбар болж хувирчээ.

Сайд дарга нар нь тендерээ хулгайлдаг, эмч нар нь тоног төхөөрөмжөө “хулгайлдаг”, сувилагч, асрагч нь бусдын халаас руу өнгийдөг буруу тогтолцоо хэдийнэ амь бөхтэй оршиж байна
Гэтэл үүнийг өөрчлөх бус сайдаасаа эхлээд өнөөх л болохгүй бүтэхгүй, мөнгөгүйн зовлонгоо тоочсоор сууна. Сумын хэмжээнд ашиглах түргэний машины төсөв шийдчих эрх мэдэлгүй сайдтай салбараас өөрчлөлт хүлээх нь илүүц биз. Эрүүл мэндийн салбарын төсөв санасан хэмжээнд төсөвлөгддөггүй, тоног төхөөрөмж нь хуучирчихсан гэх мэтээр асуудал бишгүй олон байгаа. Энэ нь худлаа биш.Гэвч эрүүл мэндийн салбарт хулгай нүүрлэчихсэн учраас өөд нар харахгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз дээ, сайд аа. Сайд дарга нар нь тендерээ хулгайлдаг, эмч нар нь тоног төхөөрөмжөө “хулгайлдаг”, сувилагч, асрагч нь бусдын халаас руу өнгийдөг буруу тогтолцоо хэдийнэ амь бөхтэй оршиж байна.

Улсын эмнэлэгт тун цөөхөн байдаг хүүхдийн зулайн эхоны аппаратад хүүхдээ үзүүлэх гэсэн ээжүүд багтах зайгүй чихэлдэж, өглөөнөөс үдэш болтол цаг аван оочерлодог. Хэдэн өдрөөр ч оочерлох тохиолдол олон байгаа. Гэтэл тухайн эмнэлгийн эмчийн хувийн эмнэлэгт энэ аппарат нь цоо шинээрээ байх жишээтэй. Өдөр нь улсын эмнэлэгт цөөхөн хэдхэн хүүхэд үзчихээд үдшийн цагаар өнөөх аппаратаараа хувийн эмнэлэг дээрээ 20 мянган төгрөгөөр зулайн эхо хардаг эмчтэй өөрийн биеэр таарч л явлаа. Энэ мэтээр мөнгөтэй холбоотой асуудал эрүүл мэндийн салбараас хэзээ ч арилахгүй гэдэг нь тодорхой байна. Салбарын сайд нь мөнгөгүйн зовлон тоочиж суусаар өөрчлөлт шинэчлэлт ч гарахгүй бололтой.Уг нь энэ салбарт мөнгөгүйгээр шийдэж болох түм буман асуудал бий. Цахим орчин хөгжчихсөн өнөө цагт цаг, мөнгө гарздахгүйгээр шийдээд явчих асуудал олон харагдах юм. Хамгийн наад зах нь жирэмсэн ээжүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээ бий болгоход тэрбум төгрөг хэрэг болохгүй. Сайн менежмент хийхэд л болох зүйл. Дүүргийн хэдэн эмнэлэг дамжуулж, долоон өдөр очерлодог биш, өрхийн эмнэлэгт шинжилгээг нь бүрэн авчихдаг, эс бөгөөс дүүргийн нэг эмнэлэгт энэ бүхнийг төвлөрүүлчихвэл болчих асуудал. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл анх хөндөхөд А.Цогцэцэг сайд амархан шийднэ хэмээн хариулж билээ.

Гэвч ажлаа авснаас нь хойш бүтэн дөрвөн cap өнгөрчихөөд байхад тулгар гэдэстэй ээжүүд хэдэн шинжилгээ өгөх гэж хотын төвийг хоёр гурван өдөр бүтэн тойрдог нь хэвээрээ л байна. А.Цогцэцэг сайд аа, эрүүл мэндийн салбарыг арай ухаалаг болгож өгөөч. Ганцхан эм бичүүлэхийн тулд бүтэн өдрөөр оочерлодог гажиг тогтолцоог өөрчилмөөр байна. Гарц гаргалгаа ч хангалттай байгааг танд дуулгая.

ХҮҮХДИЙН ӨВЧИН МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛЖЭЭ

Сүүлийн гурван сарын байдлаас харахад улс, хувийн бүх эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрч, хүүхдийн өвчлөл чинээндээ тулчихаад байна. Вирусын гаралтай, огцом халуурдаг ханиад хэдийнэ эрчимтэй тархсанаас улс, хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс эхчүүд коридорт хүртэл хэвтэн эмчлүүлж буй зураг цахим орчноор дүүрэн байна.Хүүхэд томчуудыг бодвол маш амархан өвчилдөг. Дархлаа сул, амьдарч буй орчин бохир зэргээс үүдэж хамрын шуухинаа, хатгаа, суулгах өвчнөөр өвчлөх нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд энэ бүхнээс гадна төрөл бүрийн харшлын өвчин эрчимтэй нэмэгдэж буйг салбарын эмч нар хэлж буй юм. Энэ бүх өвчинтэй тулгарах бүрийд эцэг эхчүүд хүүхдээ эмч рүү аваад л гүйдэг. Хоёрдугаар шатны эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг чухалчилдгаас үүдэж, Эх нялхас, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчихээд байгаа.

Хуучин цагт байшин болгоны буланд баар, цэнгээний газар байсан бол одоо булан болгонд хүүхдийн эмнэлэг байгуулагдаж байна. Нэг сандал, зүү тариур, чагнуур, хүүхдийн өвчлөлийн тухай хэдэн зурагт хуудас өлгөөд л түүнийгээ хувийн эмнэлэг гээд нэрлэчихнэ. Чадвартай, чадваргүйг нь хэн ч мэдэхгүй.
Тэгвэл энэ байдлыг овжин ашиглаж бизнес хийж байгаа газрууд бол хүүхдийн хувийн эмнэлэг. Хуучин цагт байшин болгоны буланд баар, цэнгээний газар байсан бол одоо булан болгонд хүүхдийн эмнэлэг байгуулагдаж байна. Нэг сандал, зүү тариур, чагнуур, хүүхдийн өвчлөлийн тухай хэдэн зурагт хуудас өлгөөд л түүнийгээ хувийн эмнэлэг гээд нэрлэчихнэ. Чадвартай, чадваргүйг нь хэн ч мэдэхгүй. Улсын эмнэлгийн оочер, дарааллаас залхсан ээж, аавууд хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр сонголтгүй болдог. Хүүхдийн чинь гэдэс хямарчихаж, ус сайн уулга гэсэн хоёрхон өгүүлбэр хэлүүлэхийн тулд 20 мянган төгрөг үзлэгт төлөх нь энүүхэнд. Хамрын шуухинаа хүрсэн төдийд л хэдэн арван антибиотикоор бөмбөгдүүлнэ. Эмч бичиж өгсөн учраас уулгах ёстой гэсэн мухар сохор итгэлээс үүдэж антибиотикийн хордлогоор өвчлөх хүүхдийн тoo ч нэмэгдэж байгаа аж. Улсын эмнэлэгт өдөржин оочерлож, цаг дууссан хэмээн үзүүлж чадаагүй эмч маань хувийн эмнэлэгтээ 20 мянгаар оочергүй үзэж өгнө хэмээн даапаалж суух жишээтэй. Бодит байдал ийм л байна.Тууралттай хүүхдэд уулгаж болох, болохгүй эмээ ч ялгаж чадахгүй л эмч нар түмний үрсийн эрүүл мэндээр бизнес хийж байна, сайд аа. Энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй юм гэхэд ачаалал бууруулж болох гарц өдий төдий харагдах юм. Эх хүүхдийн өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг тусгай дугаарыг эмнэлэг бүрт бий болгох боломж байгаа. Өдөр бүр энэ дугаар дээр нарийн мэргэжлийн эмч суулгаж зөвлөгөө өгдөг болгочихвол аштай юу. Үнэхээр л хүндэрчихсэн хүүхэд биш бол гэрийн нөхцөлд хэрхэн хүүхдээ асрах, ямар төрлийн эмчилгээ, асаргаа хийх талаар утсаар ч гэсэн зөвлөгөө өгчихдөг бол улсын эмнэлгийн ачаалал бага ч гэсэн буурах бус уу. Ус сайн уулга, дулаан хувцасла гэсэн зөвлөгөө авахын тулд 20 мянган төгрөг төлж хувийн эмнэлэг хэсэх, эс бөгөөс улсын эмнэлэгт дугаарлаж бухимдал үүсгэхгүй биз дээ.

Цаашлаад цахим орчинг ч ашиглаж болмоор санагдана. Нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан долоо хоногийн нэг өдөр тогтсон цагт онлайнаар зөвлөгөө мэдээлэл өгдөг, хүүхдэд нь ямар шинж тэмдэг илэрч байгааг сонсоод эмчид хандах эсэх талаар зөвлөгөө өгчихдөг бол ээж болгон хүүхдээ чирээд эмнэлгийн эрэлд гарахгүй. Гэвч тийм сэтгэл алга. Өдрийн цагаар цөөхөн хэдхэн хүүхдэд үнэгүй зөвлөгөө өгчихөөд оройн цагаар хэдэн зуун хүүхдэд төлбөртэй зөвлөгөө өгч байна, манай улсын эмнэлгийн эмч нар.

Улсын эмнэлэгт хүртэл төлбөртэй үзлэгийн цаг бий болчихож. Ахлах зэргийн эмч 5000-аар эхэлж, доктор профессор бол 20000 төгрөг хүртэл үнэлгээтэй. Бүтэн өдөржин зогсоод барааг нь олж хараагүй эмч маань төлбөртэй үйлчилгээ үзүүлэхээр инээгээд зогсч байдаг нь эрүүл үзэгдэл мөн үү. Ганцхан хүүхэд ч биш, эмэгтэйчүүд, эрчүүд, ахмад настан гээд бүх насныхны хувьд энэ тулгамдсан асуудал болчихоод байна.

ЭЭЖҮҮД НЭГЭНДЭЭ БУРУУ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

Эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг 103 дугаарт нэгэн залуухан ээж хандаж хөхүүл байхад сарын тэмдэг ирчихсэн, хэрхэн жирэмслэлтээс хамгаалах тухай асуужээ. Гэтэл өнөөх эмч нь ийм зүйл асуухаасаа ичээч, чиний гэр бүлийн бэлгийн амьдрал надад ямар хамаатай юм хэмээн загнажээ. Энэ бол болсон явдал. Инээдэмтэй юм шиг санагдавч эмгэнэл гэхэд болно. Эрүүл мэндийн энэ мэт “жижигхэн” асуудлаар зөвлөгөө авахын тулд заавал дугаар авч, дараалалд зогсох шаардлагагүй баймаар. Хувийн үнэтэй эмнэлгийн эмч нар энэ мэт зөвлөгөөг сайн дурын үндсэн дээр онлайнаар, эсвэл үнэтэй тусгай дугаараар өгч болоод байхад улсын эмнэлэг яагаад болохгүй байна вэ. Тусгай дугаарын утасны төлбөрөө өндөр тооцоод ч болов энэ мэт зөвлөгөөг өгч болмоорсон.
Дандаа буруу зөвлөгөө нэгэндээ өгдгөөс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь энүүхэнд. Нүүрээр нь тууралт гарчихсан хүүхэддээ хүртэл ямар эмчилгээ хийх талаар ээжүүд нэг нэгнээсээ зөвлөгөө авч байна
Зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ дутуу, дулимаг байгаагаас цахим орчинд ээжүүд сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан болчихоод байна. Хагалгаагаар төрсөн ээж хэрхэн өтгөн хаталтаас ангижрах талаар зөвлөгөө авахыг хүсэхэд байцаа ид, чавга ид, үзэмний шүүс уу, клизм тавь гэх мэт зөвлөгөөг нэг нэгэндээ өгнө. Зөвлөсөн бүхнийг нь хэрэглэсний дараа нялх хүүхэд нь чацга алдах, гэдэс нь эвгүйрч, өөрөө ч ядаргаанд орох жишээтэй. Дандаа буруу зөвлөгөө нэгэндээ өгдгөөс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь энүүхэнд. Нүүрээр нь тууралт гарчихсан хүүхэддээ хүртэл ямар эмчилгээ хийх талаар ээжүүд нэг нэгнээсээ зөвлөгөө авч байна. Энэ бол жижиг асуудал хэрхэвч биш. Гоо сайхан, эрүүл мэндийнхээ талаар ямар ч мэдлэггүй, өөр мэргэжилтэй гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжээс зөвлөгөө авч байгаа асуудлыг зүгээр хараад сууж боломгүй байгаа юм.Хэрвээ тэдэнд мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авах боломж байсан бол ийм зүйл нэгнээсээ асуугаад суух байсан уу гэдэг нь бодох л ёстой юм. Цахим орчинд нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг ээжүүдийн хэдэн арван цахим хуудас байна. Дур мэдэж эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн, ямар эм хэрэглэх талаар, яаж эмчлэх тухай хүртэл зөвлөгөө өгөх аж. Энэ асуудлыг яам анхааралдаа авахгүй бол газар авах шинжтэй. Буруу эмчилгээ, буруу зөвлөгөө ямар үр дүн дагуулахыг ч таах аргагүй.

Тиймээс тусгай дугаар, онлайн зөвлөгөө, сургалт мэдээлэлдээ түлхүү анхаараач гэж салбарын сайдаас аминчлан хүсье. Хүний амь тоглоом биш. Тэр тусмаа бизнес хийдэг зүйл огтхон ч биш. Эмч хүн хувьдаа ажиллана уу, хувьсгалдаа ажиллана уу бидэнд хамаагүй ч улсын аппаратыг хувьдаа ашиглаж байгаа эсэхийг анхаарч үзээч, сайд аа. Хүүхдээр бизнес хийсэн зах замбараагүй үйлдэлд жаахан хязгаар тавьж үзээч. Төрийн үйлчилгээг арай ухаалаг хэлбэрт шилжүүлье. Энэ бүхэнд тэрбумын төсөв огтхон ч хэрэггүй. Эрхэм сайд таны чин сэтгэл гаргах л асуудал.

Монголын мэдээ
Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих