С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төрийн аллага биш гэв үү
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурлын тов гарчээ. Мөрдөн шалгалт нь 18 жилийн турш дуншсан уг хэргийг маргааш дэнслэнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн найман зүйл ангиар буруутгажээ.
Дээрх зүйл ангиудад хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчилжээ.
Хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох бол шүүх хурлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүнэ. Өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцоно.
Шүүхээс гаргасан энэхүү товоос харахад С.Зориг агсны эхнэр Б.Булган ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байна. Ямартаа ч түүнийг өнгөрсөн жил барьж саатуулан яллагдагчаар татан байцаасан. Олон сар байцаасны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж буйг хуулийнхан тайлбарласан. Тэгвэл Б.Булган уг хэрэгт яллагдагчаар оролцохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин гэрчээр оролцож магадгүй гэнэ.
Хамгийн гол нь нэрт улстөрчийн амь насанд онц хэрцгийгээр хүрсэн хэрэг улс төрийн захиалгат гэдэг нь гарцаагүй. Чухам энэ хэргийн ард хэн байгаа вэ гэдэг асуулт 18 жилийн турш Монголын улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийт ард иргэдийн дунд хариулт нэхсэн хэвээр байсан. Тэгвэл шүүхээс танилцуулсан мэдээллээр бол захиалгат гэдэг нь тодорхой болсон ч улс төрийн аллага мөн эсэх нь эргэлзээтэй байна.
Өнгөрсөн хугацаанд захиалагчийн талаар олон таамаг дуулдаж байсан ч хэрэг шувтрах шатанд буюу хавтаст хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжих хүртэл энэ тухай ямар ч мэдээлэл гарсангүй. Зарим хуульчдын үзэж байгаагаар хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж байгаа юм. Олон жилийн турш дуулиантай байсаар ирсэн уг хэрэг улс төрийн оролцоогүй, малчин, ногоочин хоёр танхайн сэдлээр үйлдчихсэн гэсэн байдлаар дуусгах нь гэсэн таамаглалыг зарим эх сурвалж хэлж байна.
Хэргийг шүүх хурлын тов гарсантай холбогдуулан яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн нэг Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Л.Жавзмаа: ХҮҮГ МИНЬ ХИЛСЭЭР ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА
-Шүүх хурлын тов гарсныг мэдсэн үү?
-Өмгөөлөгчтэйгөө уулзахад шүүх хурлыг нээлттэй хийнэ гэж байсан. Гэтэл одоо хаалттай хийхээр болчихоод байна. Энэ хэргийг хаалттай шүүх болсон нь гэмгүй хүнд ял өгөх гээд байна уу гэсэн хардалт төрөөд хэцүү байна.
Хууль хүчний байгууллага яахаараа хоригдож байгаа хүний амаар явдаг билээ. Ийм байдалтай болгож байгаад үнэхээр харамсч байна. Хэрэв ял аваад таслагдвал би хаачих вэ. Үүний цаана өчнөөн хүн хохирлоо. Дөрвөн нялх хүүхэд нь байна, ядарсан эхнэр нь байна. Монгол Улсад шударга хууль, шүүх байсан бол энэ бүхнийг яагаад харгалздаггүй, хайрлаж өрөвддөггүй юм бэ.
Хэрэв хүүхэд маань хэрэг хийсэн бол ингэж явахгүй. “Хохино, яагаад хэрэг хийв” гэж л би хэлэх байсан. Тэгэхэд миний хүү ямар ч хэрэг хийгээгүй байхад ингэж барилаа. Үүний цаана дөрвөн эцэг, эх, олон бяцхан хүүхэд, амьдрал нь орвонгоороо эргэлээ.
-Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Хэрэг нь шүүхэд шилжих үед. Өнгөрсөн долоо хоногт.
-Хүү тань юу гэж байх юм?
-“Намайг хилсээр гүтгэж байна. Хийгээгүй хэргээ хүлээхгүй. Хавтаст хэргийг ч уншихгүй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт би гарах байх” гэж байгаа.
-Шүүх хурал хаалттай болохоор болсныг та юу гэж үзэж байна?
-Хаалттай болвол ямар болох бол гэж хардаж байна. Манайх фермерийн аж ахуйтай байсан. Эрдэнэтийнхэн мэднэ, манайхыг. Тэр үед хувьчлал болсон. Гэр бүлийн хүн бид хоёр малын мэргэжлийн хүмүүс. Хүү маань малд дуртай байсан учраас фермерийн аж ахуй байгуулъя гээд эхэлж байсан. Хадлан тэжээлээ татна гэсээр арваннэгдүгээр сар гартал ажилтай байдаг хүмүүс байлаа, бид. Тэр өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан юм. Аав нь өвсөн дээрээс унаад хүү маань “Аавыгаа алчихлаа” гэж орилоход аав нь “Би амьд байна аа” гээд босч ирсэн тухай ярилцаж байснаа би тод санаж байна. Тэр өдөр би хүүхдүүдээ цай хоолоор дайлж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээг дамжуулж, би хүүхдүүддээ ч дуулгаж байсан. Тэгж л бидний хажууд байсан хүүхэд хэдийдээ тийм хэрэг хийх вэ дээ.
-Ярилцлагын төгсгөлд юу ярих вэ?
-Хүүг маань яллахаар шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж залбирч сууна. Төр түмэн нүдтэй. Үнэн мөнөөрөө явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Ядарсан эх нь жил гаруй хөөцөлдөөд явж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр туслаач гэж хүсье.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зориг агсанд НЭР ХҮНДЭЭС ӨӨР ЮУ Ч БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ. Тэрийг нь тэгээд хэн дуртай нь алаад өөр дээрээ нааж болдоггүй биз дээ??? Тэр тусмаа хөдөө байсан малчин хүн???
ХҮНИЙГ ЁС БУСААР ЦААШ НЬ ХАРУУЛАХ СЭДЭЛ НЬ МАШ ТОМ БАЙХ ЁСТОЙ? НААД ЗАХ НЬ Зориг агсан маш их мөнгөтэй байх байх ёстой, бас маш царайлаг, маш том боовтой байх ёстой, бас маш их эрх мэдэлтэй байх ёстой, маш сайн чадварлаг мэргэжилтэн байх ёстой, бас маш муухай ааштай байх ёстой, эхнэр нь маш хөөрхөн байх ёстой, эргэн тойрны хүмүүстээ маш зэрлэг ханддаг байх ёстой, нийгэмд маш хор хөнөөлтэй гаж үйлдэл гаргасан байх ёстой, эдгэшгүй өвчтэй байх ёстой, архичин байх ёстой, … бас бас тамхи татдаг байх ёстой! ОДОО ТЭГЭЭД ТАМХИНЫ МӨНГӨНӨӨС БОЛООД Л ҮХСЭН БАЙНА Л ДАА НОВШ ГЭЖ….