НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш тангаргаа өргөлөө

bfb02442222aae44bigНҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Антонио Гуттереш өчигдөр  НҮБ-ын төв байранд тангаргаа өргөлөө. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблей ажлаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж буй Бан Ги Мүнд талархсанаа илэрхийлж, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэснээр Антонио Гутерреш ирэх оны эхний өдрөөс буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээн авч, таван жилийн хугацаанд НҮБ-ыг удирдахаар болж байна. Харин НҮБ-ын дүрмийн дагуу ирэх сарын 1-нийг хүртэл Бан Ги Мүн одоогийн албан үүргээ гүйцэтгэх юм.

Өнгөрсөн жил 70 жилийн ойгоо тэмдэглэж, ирэх арван жилийн төлөвлөгөөгөө баталсан НҮБ-ын гол асуудал нь дүрвэгсдийн асуудал болоод байгаа энэ үед НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан ерөнхий комиссараар ажиллаж байсан туршлагатай Антонио Гутерреш НҮБ-ын тэргүүн болж байгаа юм. Тэрээр Кофи Ананыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхад дүрвэгсдийн асуудал хариуцсан ерөнхий комиссараар сонгогдож, түүнээс хойш Зүүн Тимор, Өмнөд Судан, Йемен, Афганистан, Сири, Төв Африкийн бүгд найрамдах улс гээд дайн тулаантай холбоотой дүрвэгсэд, цагаач нарын талаар хамгийн хүнд асуудлыг шийдэхэд оролцож байсан туршлагатай нэгэн. Тиймээс НҮБ-аас дүрвэгсдийн асуудлыг дэлхийн хамгийн гол сэдэв гэж зарлаж байгаа энэ үед түүний томилгоо нүдээ олсон шийдвэр боллоо хэмээн олон улсын шинжээчид тэмдэглэж байгаа юм.

НҮБ нь дэлхийн улс орнууд тулгамдсан асуудлаа шийдэж тохиролцоонд хү­рэх боломжтой хамгийн нө­лөө бүхий хамгийн том бай­гууллага. Тус байгуул­лагаар батлагдах тогтоол шийд­вэр дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус байгууллагын ерөн­­хий менежер, аж­­­­­­­­лыг зохицуулагчийн хувьд Аюулгүйн зөвлөл, Ассемблейн, хуралдаанаар ямар асуудалд голлон анхаарах, юуг хоёрдугаарт тавих, хэнд түрүүлж ярих эрх олгох гэх мэт зүйлсэд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадна. Тиймээс дэлхийн томоохон улс, гүрнүүд энэ албан тушаалд өөрийн хүнээ томилуулах сонирхолтой байдаг нь нууц биш. Аливаа нэг улс эсвэл эвслийн байр суурийг давуу баримталдаг хүн гарч ирвэл НҮБ-ын чуулга уулзалт, хуралдаанд хэлэлцэх асуудал зэрэгт өөрийн талд илүү таатай бөгөөд давуу орчин бүрдүүлж, тэдний талд ашигтай шийдвэр, тогтоол гаргах магадлал эрс нэмэгдэнэ. Үр дүнд нь аль нэг гишүүн орныг НҮБ-ын тогтоолыг дагахгүй байна гэж буруутган эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авах тухай санаачлага гаргах боломжтой болно.

Түүнчлэн НҮБ нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улс байгууллага гэгддэг ч бодит байдал дээр дэлхийн улс орнуудын тогтолцоог тодорхойлж, дайн тулааныг бодитоор зогсоож чаддаг байгууллага биш гэж болно. Тэгэхээр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь дэлхийн хэмжээний эрх мэдэл, нөлөөтэй биш. Өөрөөр хэлбэл, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн төрийн тэргүүн нарын дэргэд нөлөө багатай. Тухайлбал, 2003 онд АНУ-ын Ерөнхийлөгчийг Ирак руу цэргийн хүч хэрэглэхээр шийдэхэд НҮБ яаж ч шийдвэр гаргаад, ерөнхий нарийн бичгийн дарга нь яаж ч хориглоод дийлээгүй. Гүрж, Осетийн дайнд Орос цэргийн хүч хэрэглэсэн, Крымийн хойгт санал асуулга явуулан Украинаас салгасан хэрэг явдалтай холбоотой НҮБ, түүний нарийн бичгийн дарга бас юу ч хийж чадаагүй. Түүнчлэн БНАСАУ-ыг удаа дараа цөмийн болон пуужингийн туршилт явуулахад дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байгаа. Тиймээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь олон улсын дарга гэхээсээ илүүтэй НҮБ гэх байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг албан тушаал гэж болно.

Эх сурвалж: www.assa.mn

Б.СУВД


URL:

Сэтгэгдэл бичих