Хүнсний аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохиогдож УИХ, Засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл болон олон нийтийн төлөөлөл оролцов. 2010 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой заалтууд орсон бөгөөд тэдгээрийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг удирдсан бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан нар хүнсний аюулгүй байдлын тухай өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Дараа нь “Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдвээр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ч.Энх-Амгалан, “Хүнсний бүтээгдэхүүнд үлдэх ба шилжих химийн хорт бодисын судалгаа” сээдвээр УИХ-ын судалгааны төвийн ахлах референт судлаач, Хүнс судлалын академийн тэргүүн Р.Батсүх, “Монгол Улсын хүнсний салбарт мөрдөгдөж байгаа стандартуудын өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага” сэдвээр ШУТИС, Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн дэд захирал, доктор М.Пүрэвжав, “Хүнсний үйлдвэрлэлийн салбарын эрсдэлд суурилсан хүнсний хяналт” сэдвээр МХЕГ-ын ХХААҮҮ-ний хяналтын газрын хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан улсын ахлах байцаагч Б.Батчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцсон иргэд санал солилцсон юм.
URL: