Ш.Сайхансамбуу сурталчилгааны самбарыг нь гэмтээсэн 16-тай хөвгүүдийг уучлаач…
Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу ТТЭН-аас төрсөн нутаг Завхан аймгийнхаа 18-т тойрогт нэр дэвшээд унасан. Тэр тойрогт төрсөн дүү нь ч нэр дэвшээд бас л унасан. Сонгуульд өвдөг шороодогсодын хувьд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгч болдог л биз. Яван явсаар 16-17 настай хүүхдүүд сурталчилгааны самбарыг нь чулуугаар цохиж гэмтээснээс болж байгаа бололтой. Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өдгөө энэ хэрэг шүүхээр явж байна. Шүүхээс Г.Шихихутаг, О.Намжилдорж нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож, нөгөө хоёрт нь захиргааны арга хэмжээ авахаас татгалзжээ. Торгуульсан хоёр нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон, мөн ар гэр нь хөдөө малладаг тул торгуулийн хэмжээг бууруулж өгөхийг л шүүхээс хүсэж байна. Сурталчилгааны самбарыг нь чулуугаар цохиж цоолсноос болж Ш.Сайхансамбуу сонгуульд ялагдаагүй. Хэрэв ялах байсан бол гэмтсэн сурталчилгааны самбартай байтугай л ялах байсан. Иймд Дональд Трамптай олон зүйлээрээ адил Нарантуулын босс болчимгүй хөвгүүдийг уучилбал тэдний торгуулийн хэмжээ багасах юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Чулуугаар шидүүлсэн цаад хүнээ хэлчихвэл болох байлгүй дээ.