Оффшор бүсэд бүртгэлтэй “ММС” Тавантолгойг авах нь

5510-768x461Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговьд ажиллаж байгаа энэ үед “Mongolian Mining corporation” Тавантолгойн ордыг ашиглахаар болсон тухай яриа гарав. Засгийн газарт томоохон төслүүдийг хөдөлгөж, гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх шаардлага бий. Энэ нь ханшийн өсөлтийг барьж, эдийн засгийг сайжруулах нэг алхам болох учраас Засгийн газар үүнд анхаарал хандуулж буй. Том төслийг хөдөлгөөнд оруулах нэрийдлээр Тавантолгойг тавьж туух вий гэсэн болгоомжлол хэн хүнд бий. Ялангуяа оффшор бүсэд бүртгэлтэй “ММС” Тавантолгойг ашиглахаар болсон тухай яриа гарсан энэ үед анхаарч бичихгүй байхын аргагүй.

Өнгөрсөн жилийн өдийд “Mongolian Mining corporation” буюу “ММС” Тавантолгойн ордыг авахыг санаархсан. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд “Оффшор бүсэд данстай, Хонконгийн хөрөнгийн биржид байдаг “ММС” гэх компани Тавантолгойн хувьцааны тал хувийг авч, өөрсдийн төлж чадаагүй их хэмжээний нүүрсний өрөө Монгол Улсын Тавантолгойгоор хийхээр зэхэж байна” гэсэн нь олны анхаарлыг Тавантолгой улмаар “ММС” руу хандуулсан. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж, “ММС”-д өгөх гэж байсныг УИХ-аар хэлэлцүүлэхээр болгож чадсан. Өөрөөр хэлбэл, ард түмний өмчийг ард түмнээс сонгогдсон гишүүд тунгаан хэлэлцэж, нэгдсэн шийдвэр хүрэх ёстой гэж Их хурал үзсэн юм. Үүний хүчинд оффшор бүсэд бүртгэлтэй, өөрсдийн өрөө дарахын тулд Тавантолгойг ашиглах гэсэн явуургүй арга сэдэгчдийн хүслийг таслан зогсоож чадсан билээ.

Оффшор буюу “эргийн гадна” гэсэн үг нь Кайманы аралд байгуулагдсан “Mongolian Mining corporation”-ийг Монгол Улсын хуульд захирагдаж ажиллахгүй гэдгийг нь илтгэж байгаа юм. Татвараас бултаж оффшор бүсэд очсон компани манай улсын хууль тогтоомжийн дагуу ажиллаж, татвараа төлж, Тавантолгойг харилцан ашигтайгаар ажиллана гэж байх уу. Үүгээр ч зогсохгүй Тавантолгойн ордыг ашиглах тендерт ороогүй атлаа шүү дээ. 2010 онд зарлагдсан тендерт “Шинхуа энержи” компани хамтрагч болох “Энержи ресурс”-тэй консорциум болж орсон. Харин “Энержи ресурс”-ийн ард “ММС” байж, улмаар “Шинхуа”-тай тохиролцсноор Тавантолгойг авахаар “дайрч” эхэлсэн нь энэ. “Энержи ресурс” 1.3 тэрбум ам.долларын өрөнд орчихсон дампуурах дээрээ тулчихсан гэсэн мэдээлэл жилийн өмнө цацагдаж байсан. Тавантолгойн төслийг авахтай зэрэгцээд цацагдаж байсан учир тэднийг өрөө дарахын тулд Тавантолгойг барьцаанд тавих гэж байна гэх хардлагыг төрүүлсэн юм. Магадгүй үүнийг нь Их хурлын даргаасаа авахуулаад гишүүд хэлж байсан учир тэдэнд итгэх итгэл суларсан. Ард түмний өмч болсон Тавантолгойн ордыг хэн нэг компани өрөө дарахын тулд ашиглана гэдэг байж болохгүй асуудал.

Шинэ Засгийн газар төвхнөж, Тавантолгойн төслийг ярьж эхлэхтэй зэрэгцээд “ММС” Тавантолгойг авах тухай ярьж эхэллээ. Магадгүй уг асуудлаар Засгийн газартай ярьж явааг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энержи ресурс”, Тавантолгойд ажиллаж байгаа нь тэдэнд том завшаан тохиож буй биз. Энэ Засгийн газар том төслүүдийг хөдөлгөх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ “ММС”-д өгөх үү, үгүй юу гэдгээ сайн бодож тунгаахгүй бол энэ бүгдийн ард нийт ард түмний эрх ашиг бий шүү. Ерөнхий сайдын хувьд “Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа орон нутагт ажиллах үеэрээ илэрхийлсэн. Түүний энэ байр суурь аливаа нэг лоббинд орчихгүй бол Тавантолгойн ордыг ашиглах эрхийг “ММС”-д өгөхгүй байлгүй дээ гэж харж суух хүмүүс олон байгаа шүү, Ерөнхий сайд аа.

М.Болор

Tsenzurgui.m


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 December 2016

ЖЕНКО ЗИ-н тархи угаагчид бас л үмхий самхаигаа ханхлуулаад эхэллээ?НОВШ ГЭЖ?

Сэтгэгдэл бичих