“Цонх хагалах” хүсэл буюу онгон охидын эрлэгүүд
Ариухан, анхны цас шиг охидоор зугаагаа гаргадаг улстөрч, бизнесийнхэн байдаг гэхэд итгэх үү. Тэр насанд хүрээгүй нялх охидын нэг нь миний охин гээд бодоод үзээрэй. Ямар их харуусал гуниг, гутрал төрөх бол. Сонин хэвлэлээр бага насны охидыг уруу татдаг эрхмүүд байдаг тухай яриа явдаг. Энэ яриаг мухарлах үүднээс Эрэн сурвалжлах, тоймчдын албанаас ээлжит цуврал нийтлэлээ хүргэхэд бэлэн боллоо.
Энэ нийгэмд бугласан идээ бээрийг шахах нь сэтгүүлч бидний хүлээсэн үүрэг учраас ямар нэг дарамт, шахалтаас айж эмээлгүйгээр бага насны охидоор зугаагаа гаргадаг эрхмүүдийн талаар өгүүлэх болно. Улаанбаатар зочид буудал, “Ард” кино театр, “Саппоро” хавиар, энд тэндхийн саун, массажистын газар биеэ үнэлдэг хүүхнүүдийн тухай өгүүлэхгүй.
Цэцэг цэврүү шиг охид хэрхэн биеэ үнэлдэг, үнэ ханш нь ямар байдаг талаар бичих болно. Сүүлийн үеийн биеэ үнэлэлт залуужиж 12-17 настай охид зах зээлд үнэд орж байна. Амьдрал ядуугаас болоод биеэ үнэлдэг гэсэн ойлголт хөдөөд сумын ядууралтайгаа үлдэж ашиг хонжоо олох гэсэн ядмаг арга тэнүүчлэх болжээ. Онгон биеэ дуудлага худалдаанд оруулж, нэгэн бизнесмен эр хоёр сая төгрөгөөр авсан мэдээлэл яригдаж байгаа билээ. Ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх өч төчнөөн байгууллага байхад хэвлэлийн юу ч билээ гэж болох. Бид л энэ талаар дуугарахгүй бол, бичихгүй бол нийгэм “өвчиндөө” баригдсаар байх болов уу.
Манай эрэн сурвалжлах, тоймчдын албанд 20 гаруй охидын утас, нэр хаяг байна. Аль ч утас руу нь залгасан “Хаанахын зочид буудал юм бэ, мөнгө нь бэлэн үү. Эхлээд тооцоо хийнэ шүү” гэсэн үг сонсогдоно. “Нас чинь хэд вэ” гэхэд “15 настай” гэж хариулна. Ингээд Хулан гэдэг 16 настай охинтой “Enjoy” гэдэг зоогийн газар уулзахаар болов.
170 см өндөр болов уу гэмээр гунхсан охин ороод ирлээ. Манай сурвалжлах хэсэг нүд салгалгүй харж, цонхны цаанаас зураг авч байсан юм. Хулан сэрэмжтэйгээр ийш тийш сэжиглэнгүйгээр хараад янжуур асаагаад суулаа.
-Батхүү захирал явуулсан юм. Дөрвөн охин хэрэгтэй байна?
-Дөрвөн охин асуудалгүй л дээ. Насаар гайгүй. Нэг нь их хөөрхөн. …….лицей сургуулийн 11 дүгээр ангийн охин. Арай үнэтэй.
-Яг хэд юм бэ?
-Цэлмүүний ханш 200 ам.доллар. Бусад нь 150 ам.доллар шүү.
-Чи төлбөрийг нь авах юм уу?
-Би юу боллоо гэж авах юм бэ. Тэд нар чинь өөрсдөө мөнгөө авна. Та нар хэдүүлээ юм бэ?
-Дөрвөн гадаадын хүн авна гээд байгаа юм. Онгон охин байна уу?
-Гадаадын хүмүүс юм уу, Тэгвэл үнээ бага зэрэг нэмэхгүй юу. Гадаадын нөхдүүд “Цонх хагалах” гээд байгаа юм уу. Тэгвэл үнэ ханш нь өсөөд явчихна. Яг үнэнийг хэлэхэд онгон охин олдохгүй байна. Хамгийн багадаа л 500 ам.доллараас ярина. Цэлмүүн ердөө хоёрхон хүнтэй л унтсан. Яг хүүхэлдэй шиг гоё охин.
-Ийм жаахан охид биеэ үнэлдэг гэхэд итгэхгүй юм?
-Бүгдэд маань мөнгө хэрэгтэй байна гэж ярилаа.
Эдгээр охид орон сууцанд амьдарч долларын төлбөртэй дунд сургуульд сурна. Хулан хэдхэн хормын дотор дөрвөн охин утсаар дуудаад ирсэн юм. Тэдгээр охидыг харахад хэн ч биеэ үнэлдэг гэж харахгүй. Гэхдээ бүгд тамхи татаж байгаа нь содон. Хулан өөрөө дунд сургуулийн сурагч хэдий ч аль хэдийнэ зуучлагч болоод амжжээ. Бусдын дарамт шахалтаас бус амар хялбар аргаар мөнгө олох хүсэл эдгээр охидыг ийм ажил хийлгэдэг бололтой.
Насанд хүрээгүй охидоор гадаадынхан болон улс төр, бизнесийнхэн зугаагаа гаргадаг. Тэгэхдээ мөнгө хайрладаггүй учраас охид энэ бизнест уруу татагдан орсон байх юм. Эдгээр охидыг цуглуулдаг, байрлуулдаг цэнгээний газрууд бий. Хамгийн эрэлт хэрэгцээтэй “бараа” бол онгон охин. Ийм “барааг” захын гэр хорооллоос бус боломжийн айлын хүүхдүүд сурдаг сургуулиас олно.
Баячуул гэр хорооллын “халтар”-уудаас цэрвэдэг учраас “бараа”-ны удам, чанар чансааг шалгадаг гэнэ. “Энэ охид чинь секс хийж чадах уу” гэхэд Хулан “Бүгдээрээ чадна. Төлбөрөө хийвэл бүгдийг хийнэ” гэдэг байгаа. Охидууд өглөө хичээлтэй учраас хонуутаар Тэрэлж явахгүй гэсэн учир салж одсон юм.
Гадаад, дотоодын бизнесменүүд бусдад авлига маягаар бяцхан охидыг өгдөг болжээ. Тэр ч бүү хэл охидыг зарж бизнес хийдэг этгээдүүд ч байгаа юм. Үнэтэй утас, гутал зэргээр хуурч байгаад онгон биеийг үнэ хүргэсэн тохиолдол ч сонсогдсон.
Өнөөдрийн сурвалжлагаа бие халаалт маягаар өндөрлөх нь зүйтэй болов уу. Дараа дараагийн нийтлэлдээ онгон охидоор бизнес хийхийг хүсэгч эрэлчид, хүсэл тачаалаа бяцхан охидоор тайлдаг эрлэгүүд, мөнгөний төлөө ирээдүйгээ баллагч охидын тухай илүү нухацтай, баримт дэлгэх болно.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТОЙМЧДЫН АЛБА
Зохиогчийн эрх:
Өдрийн сонин
URL: