Жаргалтай хотыг улс төрчид бус иргэд бүтээнэ
Манай хот жаргалтай болтлоо их ч асуудлыг шийдэж байж тэр “жаргаж” байгаа тухайд хүрэх байх.
Хот жаргалтай болохын тулд хамгийн түрүүнд иргэд аюулгүй орчинд амьдардаг болох хэрэгтэй. Нэг үгээр утаагүй, уцааргүй, замын бөглөрөлгүй, хүнсний аюулгүй байдал алдагдаагүй, цэвэр усны нөөц хангалттай, эрүүл мэндийн үйлчилгээ сайн, боловсролын салбар тивдээ үнэлэгдэх, цэрэг армийн салбар хангалуун, эрдэмтэн мэргэдийнхээ бүтээлийг үнэлдэг чадвартай, авлига хээль хахууль арилсан, төрийн үйлчилгээ чанартай хүртээмжтэй, төрийн албаныхан ааш зан сайтай, хүнд сурталгүй, нийтийн тээвэр хүртээмжтэй гэх мэт маш олон тал бүрт тулгамдаад байгаа асуудлыг цэгцэлсний дараа л жинхэнэ аз жаргал гэгчийг мэдрэх гээд эхлэх байх. Одоогийн байдлаар энэ нэршил хүртэл ирггэдийг тавласан мэт сонсогдож байгааг нуухгүй.
Хамгийн наад зах нь хотод хамгийн ихээр байгаа хаягдал гялгар уут, тамхины иш зэргийг ашиглаж ямар нэгэн ашигтай бүтээгдэхүүн хийдэг баймаар байна. Шил, лааз, хуванцар, хаягдал цаас зэргийг түүж тушааж байгаа ч яг байгалд хортой хог болох тамхины иш болон гялгар уутаар бүтээгдэхүүн хийх арга байгаа эсэхийг судалмаар байна. Олон улсад гялгар уутыг барилгын материал ашиглаж байгаа.
Хаягдал гялгар уут нь хөрсөнд 200-250 жил /зузаан нимгэнээсээ шалтгаална/ болж шингэдэг гэх, тамхины иш нь харин никотиныг “алдаж” байдаг гэх. Хортой гэх хогны энэ хоёр төрлийг боловсруулж, хэрэгцээтэй гадна сандал, хуванцар хоолой, хашаа хашлага/гэр хорооллын айлын хашааг хөнгөн, өнгө үзэмжтэй, бат бөх аргаар хийж болно/, гэх мэт дараагийн “дамжлагын” үйлдвэрийн зүйлсийг хийчихмээр, санаачилмаар эрдэмтэн энэ улсад байхгүй гэж үү. Эрдэмтэн, докторууд, шинийг санаачлагчдаа дэмжихгүй төрийн бодлогын үрээр хэн ч шинийг эрэлхийлэхээ больсоны үр дүн.
Зохион бүтээгчдэд “хэрэгцээг” нь хэлж аль болох үнэгүй түүхий идээр бүтээж болох тухай уралдаан зарлаж түүнийхээ шилдэг бүтээлийг шалгаруулж, өндөр шагнал өгч байвал хоггүй болох бүрэн боломжтой.
Энэ мэт хэрэгцээ, шаардлагаа харж жижиг ч болов зүйл үйлдвэрлэж байж бид хөгжинө. Бэлэн хоол, төрийн тэтгэмж хүсээд сургасан иргэдийгээ одоо “хөдөлгөх” хөшүүргийг ашиглах нь зүйтэй байх.
Б.Саран
URL: