Бөхчүүд “ялагдсан” намын ойг үл тоов

Монгол бөх ард түмнийг цэнгүүлэх, баясгах уран барилдааныг үзүүлж байсан түүхтэй. Гэтэл эртнээс л “ноёны бөх”, ”давж болдоггүй бөх”, “найрааны бөх” гэх мэтээр бөхийн түүхийг “элдэвлэх” юм.  Орчин цагт бөхчүүд хамгийн муу муухай үйлийн л эзэд мэтээр дуулдах байх. Хар тамхитай орооцолдож, зодоон цохионд холбогдож, хоорондоо муудалцаж, цолыг үнэлдэг болж, Улсын Их Хурлын гишүүн болж “бэлэг тэмдэг” болсон гэх мэтээр чих дэлсэх юм.

Монголчууд бөхчүүдээсээ юуг хүсдэг вэ? Мэдээж уран барилдаан, залуу хүний эр бяр, эрэлхэг дайчин чанар зэргийг харж сэтгэл оюунаа баясгадаг. Гэтэл одоогийн бөхчүүд шоудаж гэнэ, архидаж гэнэ, допинг хэрэглэжээ, хүүхнүүдийг …, иргэдийг дарамталж гэнэ, зодоон хийж гэнэ,  ёс жудаггүй загнаж гэнэ гэсэн мэдээллүүд өдөр бүр л “урсах” юм.

Эр биеийн бярыг гайхуулан барилдах залуус уг нь үе тэнгийнхэндээ үлгэр жишээ, хийсэн бүтээсэн түүхтэй, ард иргэдээ өмөөрөх сэтгэлтэй, бөхийн түүхийг ариун байлгах үүрэгтэй баймаарсан.

Өчигдөр л гэхэд Ардчилсан хувьсгал ялсны 27 жилийн ойн бөх Монгол бөхийн өргөөнөө эхэлсэн. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг Монгол түмэн уран сайхан барилдааныг үзэж сэтгэл оюунаа баясгана хэмээн хүлээсэн ч талаар болов. Учир нь энэхүү барилдаанд хүч үзэх эрхэм дотор аварга, арслан, гарьд, заан цолтнууд зодоглосонгүй. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын харцага Ш.Уламбаяр,  баруун жигүүрийг Улсын харцага А.Цацабшир магнайлан барилдаж байна.

“Ардчилсан нам төр барьж байхад аварга, арслангууд бүгд шахуу зодоглодог байлаа. Манай бөхчүүд ч аргагүй нам фракцийн хараат юм даа…” гэх шүүмжлэлийг 40 мянга гаруй гишүүнтэй “Монгол бөх” фэйсбүүк грүппт аль хэдийнэ өрнүүлээд амжжээ.

Нөгөө талаас бөхчүүдийн гаргасан энэхүү үйлдэлд иргэд Ардчилсан нам мөнгөгүй болсон учир бөхчүүдэд “унц муутай” байгаа юу хэмээн егөөдөв. Бөх хүний эр бяр насны хэмжээтэй, залуу цойлгон байгаа дээрээ “мөнгө унц” харахгүйгээр иргэдээ бясгаж чадахгүй бол “зодог тайл” хэмээн бухимдах иргэд ч цөөнгүй байгаа юм. Уг нь бөх хүн мөнгөөр бус, эр бяраараа барилдаж бөхийн түүхэндээ цагаан мөртэй л үлдвэл зүгээр санагдах юм.

Ямартай ч Монгол бөх улс төрийн нөлөөнд орж зохион байгуулалттайгаар ийнхүү ард түмнээ гонсойлгож байгаад иргэд цахим ертөнцөөр ихээхэн дургүйцлээ ирэлхийлээд байна. Бөх нь бөх шиг, улс төр нь улс төр шиг байх цагийг хүлээн байна гэх иргэд ч олон байна.

Б.Саран

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих