“Сант” сургуулийн барилга нурах эрсдэлтэй
“Бүрэн цутгамал” ХХК Сант сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн төлбөрөө авч чадалгүй явсаар гурван жилийн нүүрийг үзээд байгаа юм байна. Тус компани нь 2013 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулжээ. Ингээд нөгөөдөр нь барилгын ажлаа эхлүүлсэн юм байна. Харин энэ хооронд “Сант” сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа гэнэтхэн өөр компанид хариуцуулсан байжээ. Ингээд барилгын ажил явагдаж байхад буюу гэрээ байгуулсныхаа нэг сарын дараа гэрээгээ цуцалья, өөр компаниар барилгаа бариулна гэжээ. Мөн барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулжээ.
Ингээд тус компани “Сант” сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилт авсан аж. Гэтэл тус компанийн ажлын зардалд 1.6 тэрбум гаруй төгрөг оржээ. Ийм маргаантай байсан учраас тус компани барилгын алаа дутуу гүйцэтгээд орхисон аж. Ингээд өөр, өөр компаниудаар бариулж, дутуу хазгай босгосон барилгадаа “Сант” сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Харин дээрх компанитай холбоотой асуудал шүүхээр шалгагдаж байгаа гэнэ. Хамгийн гол нь тус барилгын өргөтгөл нь чанарын шаардлага хангаагүй, барилгын тухай хуулиудыг зөрчсөн учраас МХГ-аас акт тавьсан аж. Гэтэл уг сургуулийн захирлууд мэргэжлийн хүмүүсийн шийдвэрийг үл тоон хүүхдүүдээ тус сургуульдаа хичээллүүлсээр байгаа ажээ. Хамгийн гол нь ойрын хугацаанд нийслэлд томоохон газар хөдлөлт болно гэх тооцоо судалгаа бий. Тэгвэл газар хөдөллөө гэхэд хамгийн түрүүнд нурах эрсдэлтэй барилгын тэргүүн эгнээнд Сант сургуулийн өргөтгөлийн барилга байна. Тэнгэхээр тус сургуульд суралцдаг хүүхдүүдийн эрүүл мэнд амь нас яах бэ.
Г.Наран
URL: