ҮШ Богд Жибзундамба Монгол Улсад орчин цагийн боловсролын суурийг тавьсан хэмээн онцлов
Богд хаан бол тухайн үеийн Монголын их соён гэгээрүүлэгч юм. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг сүүлийн үед илүү бодитой өнцгөөс харж үнэлдэг болсныг өнөөдөр болсон “Богд хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид онцлов.
Тус хурлыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.
Хуралд эрдэмтэн судлаачид Богд хааны намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв Богд хаант Монгол улсын нийгэм, шашин соёл, Богд хааны ордон музейн түүх, холбогдох үзмэрийн талаар нарийвчлан судлах зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Богд хаан шинжлэх ухааны ололт амжилтыг сонирхон дэмждэг хүн байсан учир боловсролын салбарт ач холбогдлыг нь нэвтрүүлэхийг зорьж байжээ. Энэ талаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан хэлэхдээ, “1912 оны гуравдугаар сарын 24-нд Богд хааны зарлигаар сэргэн мандсан Монгол Улсын Нийслэл хүрээнд иргэний анхны бага сургууль байгуулж, Халхын дөрвөн аймаг, шавь таван газраас хамгийн ухаан сэргэлэн 47 хүүхдийг цуглуулсан. Дэлхийн гадаад улсуудад бага, дунд, дээд гэсэн 3 шаттай сургууль байдаг. Монгол Улсад энэ боловсролын системийг бүрдүүлэх ёстой гэж эрдэмтэн Цэвээн Жамсрановын өргөн мэдүүлсний дагуу Богдын зарлиг гарсан. Ингээд Монгол Улсын нутаг даяар 60 гаруй бага сургууль, дараа нь дунд сургууь байгуулагдаж байсан” гэв.
“МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор З.Лонжид: Богд хаан XX зууны Монголын түүхэнд гурван удаа төрийн тэргүүнээр өргөмжлөгдсөн, Монголын түүхэнд хэзээ ч мартахааргүй үүрэг гүйцэтгэсэн. Монголын нууц товчоо, Юань Улсын судар зэрэг олон сурвалж бичгийг түүний зарлигаар монголчилсон байдаг. Мөн Монгол үндэстэн хятадад уусахаас сэргийлж 1913 онд “Монголын ноёд тайж нар Хятад хүнтэй ураг холбохгүй байх ёстой. Үүнийг үүрд хоригло” гэсэн зарлиг ч буулгаж байжээ. Тухайн үед бүх хүнийг Хятад хүнтэй ураг холбохыг хориглох боломжгүй байсан учраас ухамсартай, төр улсын хэргийг авч явах ноёд тайж нарыг Хятад хүнтэй ураг холбож болохгүй гэдгийг зааж хэрэгжүүлж байсан. Мөн монголчууд гэр бүл болохдоо өөр овгийн хүнтэй гэр бүл болох ёстой гэдгийг зарлиглаж, үүнийг мөн тайж нараас эхлэх ёстой гэж хэмээсэн байдаг. Энэ нь эртнээс Монголчуудын эрхэмлэдэг ёс боловч Манж Чин улсын үед мартагдсан байсныг Богдын зарлигаар дахин сэргээсэн түүхтэй” гэв.
Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан “1924 онд VIII Богд Жибзундамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гарснаас хойш 90 жил өнгөрчээ. Богд хаан өөрөө маш баялаг цуглуулгатай байсны дотор шувуу амьтны чихмэл нь тухайн үедээ танин мэдэхүйн ач холбогдолтой байсан. Богдын өв хөрөнгийг гурав хувааж яам, байгууллагуудад тараасан мэдээ бий. Манай музейд Богдын багадаа тоглож байсан зааны ясан сийлбэр, монгол гэр, таван настайдаа зурж байсан зураг гэх мэт ховор эд зүйлс хадгалагдаж байна” гэсэн юм.
Тус музейгээс цаашид Богд хаант Монгол Улсын үеийн түүхийг судлах, сурталчлах, шинэ шинэ мэдээ баримтыг дэлгэх, энэ үеийн түүхийн судалгааны ажлыг тогтмол явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
VIII Богд Жибзундамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсанбуу 1869 онд Төвдийн далай ламын сангийн түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ. Түүнийг 5 настайд нь 1874 онд Монголын шашны тэргүүн VIII Богд Жибзундамба хутагтад өргөмжилсөн. Тэрбээр төвд, монгол бичгээс гадна шашны гүн ухаан, зан үйлд шамдан суралцаж зэгсэн сайн боловсрол эзэмшжээ.
Богд 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст хаанаар, хатан Дондогдулам нь Улсын эх дагинад тус тус өргөмжлөгдсөн юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр МОНЦАМЭ
URL: