АН “гоо сайхны мэс засал”-д орж, шинэ хүлээлт үүсгэв

15190vbsk5q081ohglr544ceed_bГишүүдийнхээ есөн жилийн хүлээлтийг тайлсан АН-ын VI их хурал хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Эрх баригчаас хүч муутайхан сөрөг хүчин болтлоо ялагдсан шалтгаанаа олж, намаа шинэчлэх нь энэ хурлын зорилго гэж ойлгож байв. Харин бодит байдал, хүлээлт хоёрт багагүй зөрүү гарлаа.

Их хурлын бэлтгэл, дэглэлт, зохион байгуулалт, намын дарга З.Энхболдын илтгэл зэргээс энэ их хурлаас онцгой үр дүн, эрс шинэчлэл хүлээгээд хэрэггүй нь тодорхой болсон. Ялангуяа намын дарга З.Энхболдын илтгэл “Ялагдалдаа дүгнэлт хийж, шинэчлэл ярихаар цугларсан намын их хурлаар бусад намын ажлыг шүүмжлэхээс өөр хийх ажил алга уу” гэсэн шүүмжлэл сонсох үүдийг нээснээс өөр ид шид үзүүлсэнгүй.

З.Энхболд “Манай нам сонгуульд ялж засгийн эрх барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. 1997-1998 онд биднийг засаг барих үед Азийн болон Оросын хямрал таарсан бол 2012 оноос хойш дэлхийн зах зээл дэх эрдэс баялаг, түүхий эдийн үнэ огцом унасан. Үүнээс улбаалан Монголын экспортын гол зах зээл болох хоёр хөршийн эдийн засгийн өсөлт саарснаар манай эдийн засагт хүндхэн цохилт ирсэн.

Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдэл нь “царцааны нүүдэл”. Тухайлсан тойрогт сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор олноор нь нүүлгэн шилжүүлдэг уг үзэгдэл Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт АН-ын нэр дэвшигчдийг унагаахад нөлөөлсөн нь баримтаар нотлогдож буй” хэмээн нам ялагдсаны бурууг дотроос бус гаднаас хайгаад, МАН-ын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн. Намаа хагаралдуулж, хүчийг нь сарниулсан, фракцын зөрчлийг гааруулсан хэргийн эзнээр тодроод буй З.Энхболд шинэчлэлийн их хуралд ийм илтгэл тавьсан нь “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах”-ын үлгэр болов.

ХААЛТТАЙ ХУРЛЫН НЭЭЛТТЭЙ ЧИМЭЭ

Намын даргын илтгэл нэг биш төлөөлөгчийн эгдүүг хүргэсэн. Төрийн шагналт Д.Сосорбарам “2000 онд Монголын ардчилал дууссан. 2012 онд нам ялсан нь сайн хэрэг. Гэхдээ тэр тахир дутуу ялалт байсан. Эвсэж Засгийн газар байгуулснаараа далимдуулан идэх завшихын дон шүглэж, хоорондоо эвлэж зохицохгүй хэрүүл уруул хийн албан тушаалаа булаацалдсан. З.Энхболд даргын намын дүрэмд тусгаж буй саналд “Намаа сонгуульд ялагдуулсан дарга өчиггүй огцорч, дараагийн дөрвөн жилд намд албан тушаал хашихгүй” гэсэн авууштай ганц л заалт байна. Үүнийгээ дагаж мөрдөөрэй.

З.Энхболд дарга илтгэлдээ МАН-ынхныг ах, дүү, хамаатан садангаа томиллоо гэлээ. Манайхан ч тэгсэн шүү дээ. Тэгж яривал МАН манайхаас сурсан шүү. ҮЗХ-ны гишүүд гэж дарга нарыг тойрон хүрээлж, зусардсан, цүнхийг нь барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаатгасан хүмүүс болж. Энэ их хурлаар ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг тарааж, оронд нь 21 аймгийн намын даргыг оруулсан, цомхон, чадварлаг Намын зөвлөл байгуулан ажиллавал хамаагүй хялбар, оновчтой болно.

Гэтэл одоо ҮЗХ-г 380 гишүүнтэй болгох талаар ярьж байна. Энэ нь нөгөө л дарга байх, цүнхээ хүнээр бариулах өвчнөөсөө салж чадахгүй байгаагийн илрэл. Энэ өвчнөөсөө салаарай, АН-ын дарга нар аа. Одоо та нарын зайгаа тавьж өгөх цаг болсон. Байгаа байдлыг чинь харахад энэ нам шинэчлэгдэх царай алга. Шинэчлэe гэвэл цоо шинэ үзэл баримтлал, үүнийгээ дагасан заавал биeлдэг зөв дүрэмтэй болж, юуг, хэрхэн хийх арга замаа тодорхойлох ёстой.

Намын нэрийг ч солих хэрэгтэй. Манай нам хуучирсан байна. Зүгээр нэг цэцэрхээд шинэчлэгдэхгүй. Миний хувьд АН үүрд баяртай. Би шинэ нам байгуулах үзэл баримтлалтай хүнийг дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд Сосорбарам АН-аас гарсан” хэмээгээд хурлыг орхисон.

Их хурлын төлөөлөгчид Н.Алтанхуягийн илтгэлийг “Гишүүдээ хуурах гэж сайхан үгээр алдаагаа хулдаагүй, бодит байдлыг үнэнээр хэлж, хэлэлцэж, залруулах боломжийг олгосон” хэмээн үнэлж байна. Н.Алтанхуяг АН-ын ялагдлын гол шалтгаанаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан явдлыг нэрлэж, “Засгийн газрыг огцруулсан гишүүдийг буруутгахгүй, харин үүнийг зохион байгуулсан хүмүүстэй бол ярина. З.Энхболд дарга энд байна уу. Энэ талаар ярих ёстой шүү.

Өмнө нь юу болсноо мэдэхгүйгээр, агаарын юм яриад хол явахгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулдаг юм байж, яах гэж МАНАН-гийн Засгийн газар байгуулсан юм бэ. Сонгууль болох гэж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрыг яагаад Статистикийн хороотой нийлүүлсэн юм бэ. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдангуутаа ТЕГ, ЦЕГ-ын даргыг сольсон. АН-ын Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр солигдоход тэр хүмүүсийг өөрчилсөн хэрнээ АН-аас МАН засаг авахад солихгүй байгаа юм даа. Энэ юу гэсэн үг вэ.

Ялагдлын хоёр дахь шалтгаан нь, АН-ынхан хоорондоо хэрэлдэж, хэмлэлдээд ажлаа явуулдаггүй, Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хэрэлдэж байгаа гэсэн мессеж хүчтэй явсан.

Ард түмний хүлээлгэсэн итгэлийг хэдхэн хүн зохион байгуулалттайгаар нураасан. 2012 онд намаа ялуулчихаад баярлаад явж байхад намайг Ерөнхий сайд болгохгүй гэсэн. Ерөнхий сайд болсны дараа одоо намын даргын ажлаа өг гэсэн. Тэгэхэд нь “АН олон түмний итгэлийг авчихаад байна. Би АН-ын даргын ажлыг Ерөнхий сайдын албатай давхар хашаад 2-3 жил явмаар байна” гэж хэлсэн. 2014 онд дахиад “Энэ онд багтааж намын даргын суудлаа өг” гэж шахсан.

Би ингэж хоёрдмол удирдлага бий болгохыг хүсээгүй. “Үгүй” гэж хэлэхээр булаагаад авдаг юм байна. АН, МАН аль алиных нь нам гэдэг утгыг алдагдуулах ажлыг хэдхэн хүн хийж байгаа. Аль ч нам ялсан нөгөө хэд л хожиж байдаг нам дамжсан бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл Тавантолгой, Оюутолгой гэх мэт олон зүйлээр намайг шахсан. Үүнийг нь эсэргүүцэхээр хашраах оролдлого хийж байна.

Захиалгаар зохиомол хэрэг үүсгэн шоронд хийж, дарамталдаг, өөрийн гэсэн мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй, дээд шүүхийн шүүгч, АТГ-ын дарга нь хүртэл оролцдог хонгил бий болж. Үүнийг Ц.Элбэгдорж, МАН-ынхантай хамтарч хийсэн. Бид олон юмыг засаж, сөрж, тэмцэж болох байсан. Даанч чадаагүй. Ардчиллынханд зориг дутдаг. Бид Монголын нийгмийг дахиад өөрчилж болохгүй юм уу. Одоо бүгдээрээ тэмцье, ялъя” гэжээ. АН-ын их хурлаас сонсогдсон онцлох үгс энэ байлаа. Бусдаар бол таамаглаж байсан шиг гал гарсан ширүүн, шинэчлэл хийсэн ажил хэрэгч их хурал болсонгүй.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ, ОНЦЫН ӨӨРЧЛӨЛТГҮЙ ШИНЭЧЛЭЛ

АН VI их хурлаараа Үндсэн дүрэм, үзэл баримтлалаа шинэчилнэ хэмээн мэдэгдэж байв. Харин их хурал эхлэхэд, Үндсэн дүрмийн шинэ төсөл бус нэмэлт өөрчлөлтийн төсөл оруулж ирсэн. Бэлэн болсон хэмээн мэдэгдэж байсан үзэл баримтлалын төсөл бүр сураггүй болжээ. Үндсэн дүрэмд оруулсан өөрчлөлт нь олон нийтийн сэтгэл зүйд тааруулсан, харагдах байдлаа сайжруулах төдий “гоо сайхны мэс засал” төдийгөөс хэтэрсэнгүй.

Тодруулбал, намын даргаа сунгаагаар тодруулах, ҮЗХ-ны гишүүдийн тоог 100-гаар нэмэгдүүлж, үүний 76 суудлыг 35 хүртэлх насны залууст, 76-г нь эмэгтэйчүүдэд “өмчлүүлэх” гэх мэтийн гишүүдийн нэхэж, шаардаад буй заалтуудыг дүрэмд оруулан, “гал унтраах” байдлаар хандахын хажуугаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэх заалт шургуулахаа мартсангүй. Дүрмийн төсөлд “Намын даргад нэр дэвшигч сонгуульт албан тушаалд 10 жил ажилласан байх” гэсэн заалт оруулж ирсэн нь төрийн албаны шалгаруулалт хийхдээ авах хүндээ тааруулж шаардлага тавьдагтай агаар нэг юм.

АН-ын дараагийн дарга нь 10-аас дээш жил сонгуульт ажил хийсэн хүн байна гэхээр нөгөө хэдийн нэг л байна гэсэн үг. АН-ын хагарал, хүчгүйдлийн шалтгаан болсон фракцуудыг тараах гишүүдийн шаардлагад “Явцуу эрх ашгийн фракцыг хориглоно, бодлогын фракцыг зөвшөөрнө” гэсэн хариу өглөө. ҮЗХ-ны гишүүдийн татварыг гурав дахин (нэг сая төгрөг байсныг гурван сая болгож), жирийн гишүүдийн татварыг арав дахин (1200 төгрөг байсныг 12 мянга болгож) нэмэх, бүртгэлийн системээ сайжруулж, гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулах гэх мэтийн аар саар заалтыг асар их хүлээлт үүсгэн байж, есөн жилийн дараа хуралдсан их хурлаараа хэлэлцэх асуудалгүй суухгүйн тулд л оруулж ирээгүй байгаасай. Ямартай ч VI их хурал санасанд хүрсэнгүй. Тэд их шинэчлэлээ эхлүүллээ, дараагийн алхмуудаа удахгүй хийнэ хэмээн мэдэгдэж, ээлжит хүлээлт үүсгээд их хурлаа өндөрлүүлэв.

Х.Уянга

http://www.everyday.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих