Дахин онгоц осолдож, 47 хүн амиа алдлаа
Дахин нэг онгоц осолдож, олон хүн амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Онгоцны бас нэг сүйрлийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдлаа. Пакистаны “Pakistan International Airlines” /PIA/ компанийн “PK661” дугаартай “ATR 42” онгоц өчигдөр осолдсон байна. Уг онгоцонд нийт 42 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явжээ. Ослын улмаас бүх зорчигчид амиа алдсан болохыг /PIA/ компанийн гүйцэтгэх захирал Мухаммед Азам Сайгол баталж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Онгоц өчигдөр орон нутгийн цагаар 16.42 цагт Исламабад хотоос хөөрөөд удалгүй Хибер Пахтунхва мужийн уулархаг бүсэд осолдсон байна. Хуваарийн дагуу онгоц нийслэл Катмунда хотноо очих байжээ. Онгоц нисэх зурвасаас хөөрөөд удалгүй ахмад төв станцтайгаа холбоо тогтоосон аж. Ахмад “Нэг мотор ажиллахгүй байна” хэмээн мэдэгдэж, удалгүй удирдлагын хэсэгтэй холбоо тасарсан гэнэ.
Харин техникийн доголдлоос болж онгоц сүйрсэн гэх мэдээллийг ноён Сайгол үгүйсгэж “ATR 42” онгоц техникийн үзлэгт тогтмол орж ирсэн. 500 цаг ниссэн онгоц бүрээс авдаг техникийн үзлэгээр үргэлж, +А үнэлгээ авч байсан. Хамгийн сүүлд аравдугаар сард техникийн бүрэн үзлэгт хамрагдсан. Ахмад 1200 цаг ниссэн, туршлагатай нисгэгч. Манай компанийн нүүр царай болсон шилдэг ажилчин байсан. Мөн онгоцны багийнхан хамгийн багадаа таваас дээшгүй жил ажилласан ажилчид. Ослын шалтгааныг тодруулахын тулд олон улсаас тусламж авч, хамтран ажиллах болно” гэж хэлжээ.
Ослын газар 500 гаруй аврагч, цэрэг, эмч болон сувилагч нар ажиллаж байна. Шуурхай мэдээгээр аврагчид 40 цогцсыг олж, ослын газраас холгүй байрлах “Абботтабадын Аюүб” гэх эрүүл мэндийн хүрээлэн рүү шилжүүлжээ. Цогцсуудыг таних ажиллагаа удаж магадгүй байгаа талаар Засгийн газрын төлөөлөгч “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна. Учир нь онгоц осолдох үедээ дэлбэрсэн учир цогцсууд бүгд шатжээ. ДНК-ийнх нь тусламжтай амиа алдагсдын хэн болохыг нь тогтооно гэв. Онгоц осолдохоосоо өмнө шатаж байсан талаар орон нутгийн иргэд хэвлэлийнхэнд ярьжээ. Уг мэдээллийг албаныхан нягталж, ослын жинхэнэ шалтгааныг тайлах хар хайрцагны бичлэгүүдийг эрэн хайж эхэлжээ. Ослын улмаас онгоцны эх бие хэдэн хэсэг болж тасарчээ. Онгоцонд Австри болон БНХАУ-ын нэг нэг иргэн зорчиж явсан байна.
Мөн тус онгоцонд Пакистаны супер од, поп дуучин Жунайд Жамшэд эхнэрийнхээ хамтаар зорчиж явжээ. Тэрээр 1990 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Пакистаны хамгийн алдартай эрхэм юм. Түүний фэйсбүүк хуудсыг 2.8 сая хүн дагадаг аж. Ослын мэдээллийн дараа нийслэл хотноо дуучны шүтэн бишрэгчид цугларч, эмгэнэл илэрхийлжээ. Бүх орон нутгийн хэвлэл, радиогоор түүний дуунууд явах болсон байна.
Дуучин эр онгоцонд суухаасаа өмнө твиттер хуудастаа “Тэнгэрийн Читрал хот. Аллах бидний нислэгийг ивээг” гэж жиргэжээ. Тэрээр нийслэл хотноо нэвтрүүлэгт оролцохоор явж байсан гэнэ.
Тус улсын түүхэнд хэд хэдэн удаа онгоцны осол болж, олон зуун хүн амиа алдсан билээ.
1965 оны тавдугаар сард онгоцны ослоор 124 хүн амиа алдсан бол, 1970 оны наймдугаар сард /PIA/ компанийн онгоц осолдож, 30 хүн амиа алджээ. Уг ослоос хоёр жилийн дараа мөн онгоцны ослоор 29 хүн амиа алдсан бол, 1979 онд онгоцны ослоор 156 хүн, 1986 онд болсон онгоцны ослоор 56 хүн амиа алджээ. 1988 онд 30 хүн, 1989 онд 54 хүн, 1992 онд 133 хүн, 2003 онд 13 хүн, 2006 онд 41 хүн, 2010 онд 21 хүн, 2011 онд 12 хүн, 2012 онд 130 хүн, 2015 онд найман хүн онгоцны ослоор амь үрэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/content/read/476825.htm
URL: