Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг уу эсвэл МАН-ын бизнес бүлэглэл үү

10mnnv1vtq5Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн алдагдлыг нөхөх болон ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг зайлшгүй хувьчилах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр 159.6 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан юм. Энэ нь эдийн засгийн хямрал нэрээр хийдүүлэн төрийн өмчийг үнгүйдүүлэх зорилго агуулж байна хэмээн олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан юм.

Дээрх асуудлаас хамгийн их шуугиан дагуулсан “Монгол Шуудан” ХХК-ийн 66 хувийг 20 тэрбумаар хувьчлах асуудал юм. Тус компани Монгол Улсын 21 аймаг 330 гаруй сумдад барилга байгууламж, объект болон машинтай. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажилладаг төрийн эзэмшлийн томоохон компани юм. Үүний 20-хон тэрбумаар хувьчилна гэдэг бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, хэн нэгний ашиг сонирхолын хүрүүнд өрнөж буй арга техник гэхэд хэлсдэхгүй биз.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бизнес бүлэглэлд ширүүн тэмцэл өрнөх боллоо хэмээн ордон дотор шуугих болсон гэнэ.

Угтаа бол жилд 10 тэрбумын ашигтай ажиллаж байгаа тус компанийг хувьчлах шаардлагагүй гэж олон нийт хийгээд улстөрчид мөн тус салбарынхан үзэж байгаа. Эрх баригчид яагаад тус газрыг яаран сандран хувьчлахаар ийнхүү зүтгэх болов гэдэг нь мэдээж нууц. Уг нь хувьчлахыг хэн ч эсэргүүцээгүй. Зөвхөн яагаад ийнхүү 20 тэрбум төгрөгөөр хувьчлах гээд байгаа юм бэ гэдэг дээр л асуудал үүсч, хувьчлах тогтоолын төслийг санаачлагчид нь буцааж хуульд нийцүүлэх талаар санал хүргүүлэх шийдвэрт хүрчихээд буй билээ. Түүнчлэн төрийн мэдлийн хувьцааг худалдах УИХ-ын тогтоол хуульд нийцсэн үү гэдгийг Үндсэн хуулийн Цэц ч шалгахаар болсон тухайг эх сурвалжууд хэлж байв.

Одоогоор тус компанийн 34 хувийг өнгөрсөн засгийн газрын үед хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан ч гэлээ 66 хувийг 20 тэрбум төгрөгөөр үнэлэхдээ хувьчлах үнийг бодитоор хийгээгүй, урьдчилсан тооцоо судалгаа гаргаагүй, ашигтай ажиллаж байгаа төрийн мэдлийн компаниудыг хувьчлах нь тохиромжгүй, хувьчлал нэрийн доор хуумгай зүйл хийж байна хэмээн үзэх болсон юм.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Хөрөнгийн биржийг 25 жил ажилуулахдаа хөрөнгийн болоод үнэт цаасны зах зээл огт хөгжөөгүй. Тийм учраас олон улсын стратегичдэд хувьчлах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлж байсан юм. Ямартай ч одоогоор тус хувьчлалын асуудал олон нийтийн дунд нам гүм байгаа ч, улстөрчдийн хүрээнд хүчтэй яригдсан хэвээр байгаа аж. Бид өнгөрсөн сард энэхүү хувчьлалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ нэгэн УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүнийг хувьчлалд оролцоотой байж болзошгүй тухайг мэдээлж байсан. Энэхүү мэдээлэл гарсны дараа тус намын нөхдүүд дээрх этгээдийг хувьчлалд хамгийн оролцоотой хэмээн цахим хуудсаар ч мэдээлж байсан билээ. Ямартай ч тус компанийн 66 хувийг Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг авахаар болсон нь нэгэнт ил болсон. Учир нь тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед 34 хувийг нь биржээр дамжуулан хувьчлахаар болсон. Тиймээс тэрбээр 34 хувийг нь авчихсан юм чинь 66 хувийг нь 20-хон тэрбум төгрөгөөр авахаар нэр бүхий УИХ-ын гишүүдээр лобби хийлгүүлж үнэгүй шахам авах гээд байна гэсэн хардлага улстөрийн хүрээнд яригдах болсон юм. Түүнчлэн энэ талаараа Ч.Ганхуяг Монгол HD телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийн байр сууриа тод томруунаар илэрхийлж байсан юм. Хэрвээ тус газрыг үнэхээр 20-хон тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байгаа бол хувьчлалд олон нийтийг оролцуулах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьчлалыг аль болох олон хүнд нээлттэй зарласнаар үнэлгээ нь бодитой болох, цаашлаад итгэл үнэмшил төрөх нь дамжиггүй. Түүнээс өвөр түрийндээ наймаалцаж хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр төрийн томоохон өмчийг үнэгүйдүүлж авах гэж улайрч байгаа нь бусармаг үйлдэл гэж харж байна. Эцэст нь хэлэхэд шууданг бүх нийтийн гэдэг утгаар нь байлгахын тулд гарах зардлыг яах вэ гэдгийг хувьчлахаас өмнө нэн тэргүүнд бодох ёстой гэдгийг учир мэдэх хүн хэлж байсан юм.

Б.Учрал

BreakingNews.MN


URL:

Сэтгэгдэл бичих