С.Дэмбэрэл даргад ИЗН юу амлав?
Өнөөдөр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-ын отгон гишүүн болж намын даргаас нь батлахаа гардаж авав. Арван хоёр жил нэр хүндтэй, ашиг хонжоотой алба хашсан түүнийг яагаад ИЗН-ыг сонгох болов гэдэг дээр дооргүй олны сонирхлыг татаж байна. Өмнө нь С.Дэмбэрэл дарга С.Батболдыг МАН-ын дарга болоход бизнесийн түнш, сайн хамтрагчийн хувьд намд нь элсэх хүсэлтэй байсан. Гэсэн ч МАН-ын зарим гишүүн үүнд дургүйлхэж, унтууцсан учир элсэж чадаагүй аж. Харин ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлэх болсон бизнесийн түншийнхээ орон тооны бус зөвлөхөөр өдийг хүртэл ажиллаж байсан юм.
С.Дэмбэрэл дарга ИЗН-д орох болсон шалтгаан нь ирэх 2012 оны УИХ-ын сонгуультай гүн гүнзгий, бат бэх холбоотой гэж түүний ойрын эх сурвалж хэлж байна. МАН-д саяхан хаалга тогшиж орж ирсэн шинэ гишүүн байтугай хууччуулд нь тойрог олдохгүй байгаа тул эхнээсээ гомдоллоод эхэлчихсэн байгаа билээ. Зарим нь ч шинэ нам байгуулж, мөрөө хөөх болсон. Тиймээс С.Дэмбэрэлд МАН-д орох, МАН-аас тойрог авах боломж, боргоцой, бор шувуу ч байхгүй болсон хэрэг. Үүний хажуугаар түүний тэргүүлдэг МҮХАҮТ-ын цөөн хэдэн гишүүн С.Дэмбэрэлийг тус байгууллагын дүрмийг хууль бусаар бүртгүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх зэргээр хэл ам хийсээр байгаа билээ. С.Дэмбэрэл олон жил бизнесийн хүрээнд ажилласан шаггүй эдийн засагч бас удирдагч. Түүний хураасан мөнгө, туршлагад итгэж, найдвар тавих хүн цөөнгүй байдгийн нэг нь С.Оюун тэргүүтэн бололтой. Тэгээд ч С.Дэмбэрэл дарга ерөнхий сайдын зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгөөд ИЗН-д элсэж байгааг бодоход цаадуул нь нэлээн том зүйл амласан бололтой.
Б.Баяр
URL: