Б.БАТДЭЛГЭР: “САНТ” СУРГУУЛИЙНХАН АНХНААСАА БИДНИЙГ ЗАЛИЛАН МЭХЛЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Бүрэн цутгамал” ХХК энэ ажлынхаа санхүүжилтийг авч чадалгүй явсаар гурван жилийн нүүрийг үзээд байна. Энэ хооронд талуудын хооронд маргаан үүсэж, улмаар шүүхийн хаалга татаад байгаа юм. Тэгвэл асуудал юунаас болж үүссэн асуудлаар бид “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.
-“Сант” сургууль болоод танай компанийн хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулж өгнө үү? Нэлээн удаан үргэлжилж байна.
- 2013 оны зургаадугаар сарын 6-ны өдөр манай “Бүрэн цутгамал” компани “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгөөр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Өөрөөр хэлбэл бид “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барихаар болсон. Ингээд бид 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. Харин энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагын зүгээс тус сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа манай компанид мэдэгдэлгүйгээр өөр компанид хариуцуулсан асуудал гарсан.Үүнд бид хүлээцтэй хандаж барилгын ажлаа үргэлжлүүлсэн ч одоог хүртэл ажлын хөлсөө авч чадаагүйгээр барахгүй, шүүх цагдаагийн байгууллагад оччихсон нөхцөл байдал үүсээд байна. Ер нь бол “Сант” сургуультай хийсэн гэрээний ажил эхлэхдээ л хэл амтай байсан.
-Тодруулбал?
-Биднийг ажлаа эхлүүлэхэд өргөтгөл барих газрын маргаан намжаагүй, оршин суугчдын хэл ам, гомдол тасраагүй байсан Ингээд бид газар шорооны ажлаа эхлүүлсэн. Үүнээс гадна тус сургуулийн талбайн зохион байгуулалт барилгын ажил хийхэд бэрхшээлтэй байсан. Өргөтгөл барих эзэмшлийн нийт талбай 600 гаруйкв.метр байсны 500 гаруйд нь өргөтгөл бариулсан. Тэнд ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, тоног төхөөрөмжөө байрлуулах боломжгүй гээд асуудал нэлээд байсан. Гэсэн ч бид ажлаа үргэлжлүүлж, зоорийн давхрууд болон нэгдүгээр давхраа маш богино хугацаанд цутгасан.
Энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагууд бидэнд мэдэгдэлгүйгээр өргөтгөлийн сантехникийн ажлыг өөр компаниар хийлгэхээр гэрээ хийчихсэн байсан. Бид гэрээний заалтаа бариад, “Яагаад гэрээгээ зөрччихөв өө, бид бүх ажлыг хийхээр гэрээ хийсэн шүү дээ” гэхэд асуудлыг хүлээж аваагүй. Тухайн үед бид нэгэнт ийм юм болчихсон юм чинь хийх ажлаа үргэлжлүүлье гээд ажилдаа орсон. Ингэж байтал долдугаар сарын 23-ны өдөр намайг “Сант” сургуулийн удирдлагууд дуудаж “Манайх спорт заал буюу 4-5 дугаар давхраа бариулахаа болилоо гэсэн.
Анхнаасаа бүх юм төлөвлөгдсөн, зураг төсөл нь гарчихсан зүйлийг хугаслана, болино гэдэг өөрөө их асуудал. Иймээс зураг төслийг дахин боловсруулж гаргах ажил ундрах тул эдгээрийг шийдэж өгнө үү гэсэн албан бичгийг бид “Сант” сургуулийн удирдлагуудад өгсөн.
Гэтэл бидний албан бичгийг авч хэлэлцээгүй. Харин “Ажлаа яаралтай үргэлжлүүлээд гурван давхар болгоод өг” гэсэн. Бид дахин хуралдаад дээрх асуудлуудыг шийдэж өгөөч гэсэн албан бичиг дахин өгсөн. Мөн манай компанид олгох санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бид долдугаар сарын 31-нээс ажлаа зогсооно гэсэн.
Анхнаасаа санхүүжилтүүдийг дандаа дутуу өгч байсан. Бид өгсөн санхүүжилтэд тааруулан шаардлагатай материалаа авч, ажлаа урагшлуулж байсан. Үүнийг бид асуудал болготол Сант сургуулийн удирдлагуудын зүгээс “Та нар шаардлагатай бараа материалаа эхлээд авчирч тавиад юмаа хий. Тэр үед бид үе шатны санхүүжилтийн 50 хувийг өгнө. Үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг өгнө” гэсэн. Гэрээнд ийм зүйл байгаагүй ч бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд барилгын материалыг компаниудаас зээлээр авсан.
-Та бүхний өгсөн албан бичигт ямар хариу өгсөн бэ?
-Бидэнд ямар ч хариу ирүүлээгүй.Тэгээд бид наймдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн. Ингээд 12-ны өдөр гуравдугаар давхрын цутгалт эхэлсэн. Ингээд байж байтал Сант сургууль дахиад л гэрээгээ зөрчсөн. Салхивчны компани авчирч, салхивчуудыг хийлгэхээр болсон байсан. Уг нь бол гэрээгээр манай компани хариуцах ёстой. Бид ахиад л “Та нар гэрээгээ зөрчиж байна, бид салхивчийг өөрсдийн туслан гүйцэтгэгчээр хийлгэнэ” гэхэд Сантынхан “Тэгвэл гэрээгээ цуцал, явцгаа” гэсэн. Бид нэгэнт эхлүүлсэн учраас ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулж, 11-р сарын 15-нд өргөтгөлийн бүх ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн гэрээ байгуулъя гэсэн ч Сант сургуулийн зүгээс хариу өгөөгүй.
-Барилгын ажил хийгдэх хугацаанд хэчнээн төгрөгийн зардал гарч, түүнээс хэдэн төгрөгийг нь Сантаас гаргуулж авсан бэ?
-Манай компани “Сант” сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 500 гаруй сая төгрөгийн зөрүүг авах ёстой. Иймээс энэ дүнгээр гүйцэтгэлээ авахаар “Сант” сургуулиас гаргуулж авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин над руу яриад “Манайх гэрээгээ цуцаллаа. Та нартай хамтран ажиллах боломжгүй. Маргаашаас харуул хамгаалалтаа солино. Асуудал байвал шүүхэд ханд” гэсэн.
-Ямар учраас хамтран ажиллах боломжгүй гэсэн юм бол?
-Манай зүгээс “Манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж ав, ажлаа хүлээлгэж өгье” гэсэн боловч тус сургуулиас ямар ч албан ёсны хариу өгөөгүй. “Гэрээгээ дүгнэе” гэхэд бас ямар хариу өгөөгүй. Энэ бүгдээс харахад тус сургуулийн удирдлагууд анхнаасаа манайхыг залилан мэхлэх зорилготой байжээ. Гэтэл “Сант” сургуулийнхан яагаад өөрсдөө тэр чанаргүй барилгадаа хүүхдүүд сургаад, тэр чанаргүй барилгаа ашиглаж байна вэ гэдэг асуудал гарч ирж байна.
-Яагаад чанаргүй барилга гэж?
- Тэр чанаргүй гэх барилгадаа үйл ажиллагаа явуулж байгааг юугаар баталж байгаа вэ гэхээр Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ нь 2016 оны 3 сард гарсан дүгнэлт. Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн акт тавиулсан. Гэтэл энэ актын биелэлтээ мэргэжлийн хяналт хангуулж чадахгүй одоо болтол “Сант” сургууль чанаргүй гэх барилгаа ашиглаад л яваад байгаа. Мөн дээрээс нь “Сант” сургууль улсаас хувьсах зардал авдаг юм билээ. Хууль бус барилгад хүүхдүүд сургаж, улсаас тодорхой хэмжээний хувьсах зардал авсаар байна.
-Та нарыг явахад барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан бэ?
-Бидний үнэлгээгээр бол 85 хувийн гүйцэтгэлтэй байсан. Жаахан шавар, будаг, хаалга угсрах зэрэг ажил үлдээд байсан. Сант сургуулийн удирдлага гэрээгээ удаа дараа зөрчихөөс гадна манай компанийн ИТА болон ажилчид, гэрээт туслан гүйцэтгэгчдийг барилгын талбайгаас хөөх, ажиллуулахгүй байх зэрэг компанийн дотоод хэрэгт байнга оролцдог байсан. Мөн санхүүжилтээ бүрэн өгөхгүй мөртлөө ажлаа хий гэж шаарддаг байсан нь манай компанийнхныг дарамтанд оруулж, өөрсдийг нь явуулах эсвэл хөөх шалтаг гаргах зорилготой байсан юм болов уу гэж одоо л бодох юм даа.
Ярилцсанд баярлалаа
URL: