А.Цогцэцэг: ДНБ-ийн 5-аас дээш хувийг эрүүл мэндийн салбарт хуваарилах ёстой

527-1481099620ETU_8512

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн оны байдлаар эрүүл мэндийн салбарт зарцуулах улсын нэгдсэн төсвийн зардал 9,2 хувь, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардал 2-3 хувь байна.
Гэтэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс гаргасан санхүүжилтийн стратегид улсын нэгдсэн төсвийн 10-12 хувь буюу ДНБ-ийн 5-аас дээш хувийг эрүүл мэнддээ хуваарилан зарцуулахыг гишүүн орнууддаа зөвлөсөн байдаг. Энэхүү зөвлөмжид хүрсэн үед олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах боломжтой” хэмээн онцоллоо.
Энэ үеэр нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар зэрэг салбарын бүх талын төлөөллүүд үгээ хэлсэн ба оролцогчдын зүгээс хүн амын дундах өвчлөл, нас баралтын зохих хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгааг онцолж байсан юм. Үүний зэрэгцээ агаарын болон хөрсний бохирдол, цэвэр усны хангамж зэрэг олон асуудал монгол хүний эрүүл мэндтэй яалтгүй уялдаж байгааг тэмдэглэсний зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн хүсч хүлээж буй хэрэгцээтэй нэг түвшинд авчрах шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
Өнөөдөр манай улсын хүн ам 3 саяд хүрсэн.
Түүний 45.7 хувь нь нийслэлдээ амьдардаг. Дундаж наслалт 2015 онд 69.89 буюу эмэгтэйчүүдийн хувьд 75.84, эрэгтэйчүүдийн хувьд 66.02 байгаа юм. Бүтцийн хувьд авч үзвэл нийт хүн амын 29.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 15-64 насны хүн ам 66.6 хувийг, 65-аас дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын төрөлт тогтвортой нэмэгдэж 2003 онд төрөлтийн нийлбэр коэффицент 2,0 байсан бол 2015 онд 3,1 болж нэмэгджээ. Гэтэл хүн амын нэмэгдэхийн хэрээр амьсгал, хоол боловсруулах болон зүрх судасны тогтолцооны өвчлөл улам нэмэгдэж байгаа аж.
Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, “Монгол Улсад нийт хорт хавдарын 65 хувь нь элэг, ходоод, умайн хүзүүний гэсэн гурван төрлийн хорт хавдар эзэлж байна. Шалтгаан нь тодорхой. Элэгний хавдар вирусээс, ходоодны хавдар хеликобактераас, умайн хүзүүний хавдар мөн вирусээс үүдэлтэй. Энэ гурван хавдрыг өнөө цагт хянах боломжтой. Өнөөдөр хорт хавдрын нас баралтын 80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна.
Тиймээс 5 болон түүнээс дээш жил амьдарч чадаж байгаа өвчтөний тоо 16 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн хорт хавдраар өвдлөө гэхэд таван жилийн дараа 16 хүн л үлдэнэ. Энэ бол аймшигтай тоо. Мастер төлөвлөгөөний гол зорилт бол хорт хавдрыг эрт илрүүлэх явдал юм. Тухайлбал, элэгний В, С вирустэй 600 гаруй мянган хүнээ хянаад явахад хавдрыг эрт илрүүлэх бололцоотой. Тиймээс эрт илрүүлэлтийг хийхэд зайлшгүй санхүүжилт шаардагдаж байна” гэж Ж.Чинбүрэн захирал ярьж байлаа.
Уг хэлэлцүүлэг нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах явцад болж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, тус салбарын урт хугацааны стратегийн баримт бичиг болох “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хугацаа энэ оноор дуусч байгаа тул төрөөс уг салбарыг бүхэлд нь хамруулсан бодлогын баримт бичиг боловсруулж баталгаажуулах зайлшгүй шаардлага үүссэн байна.
Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гарч байгаа бөгөөд зөвлөмжийг үндэслэн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026” баримт бичгийг боловсруулан гаргах юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Билэгт, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан, Ё.Баатарбилэг, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт нар оролцлоо.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

URL:

Нэр: irgen Огноо: 7 December 2016

Ажил хийх бодол энэ авгайд даанч байхгүй дэ. Албан тушаалын наймаа л хийсээр байгаад хагас жил өнгөрлөө. ЭМЯны сайдын томилгоотой танилцах уу? – төрийн захиргааны газрын дарга нь Ө. Энхтүвшин гишүүний дүү, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга нь эрчим хүчний дэд сайд Гантулгын нуудгай, эмнэлгийн тусламжийн газрын дарга нь ШШГЕГ-ын дэд дарга асан Батболдын эхнэр, мониторингийн газрын дарга нь гаалийн Баатарын эхнэр, технологийн газрын дарга нь анагаахын захирал асан наад сайдын багш Лхагвасүрэнгийн хүү, бодлогын газрын дарга нь сайд асан Нямдаваагийн садан, гадаад харилцааны хэлтсийн дарга нь Раднаасэд гишүүний эхнэр, шуурхай удирдлагын хэлтсийн дарга нь ХХБ-ны Мэдрээгийн дүү, хуулийн хэлтсийн дарга нь халдвартын дарга асан наад сйдын найз Алтанцэцэгийн хүү гээд л томилсон байгаам да

Сэтгэгдэл бичих