ЗУРГААН НАС СУРГУУЛЬД ОРОХ НАС МӨН ҮҮ?

15400956_1176209692426414_2690570715999615880_nЗургаан настай сургуульд орох нь монгол хүүхдэд хэр зохимжтой вэ” гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татсаар байна. Монгол улсын боловсролын талаархи хууль тогтоомж, баримт бичгүүдийг дурьдахаасаа өмнө зургаан настай хүүхдийг сургуульд оруулах нь хэр шинжлэх ухааны үндэслэлтэй болон манай хүүхдүүдийн бие, бялдар, оюуны хөгжил, байгаль, цаг уур, ёс заншил гээд олон асуудалтай хэр уялдаж байгаагаас гадна дэлхий нийтийн жишиг ямар байгаа тал дээр мэдээлэл өгөе гэж бодлоо. Дэлхийн ихэнх улс орнуудын сургуульд орох албан ёсны нас 6 нас байна. Өнөөгийн даяаршлын нийгэмд, тухайн орны засгийн газар сургуульд орох насны талаар хэлцэж, зөвлөлдөхөд хүрвэл зөвхөн 4-5 нас, хамгийн оройтлоо гэхэд 6-7 насны асуудал л яригдаж байна. Түүнээс 8 настай сургуульд орох асуудал аль ч орны хувьд яригдахгүй асуудал болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 2010 онд ЮНЕСКО-гийн Статистикийн Институтаас /UIS/сургуульд орох нас, нийт сурах хугацааг газар нутгийн байршлалаар нь 204 орны хэмжээнд гаргасан судалгаанд гуравны хоёр нь буюу 136 орон 6 настай хүүхдээ сургуульд өгч байна. Үлдсэн гуравны нэг буюу 68 орон 4,5,7 настайд нь сургуульд оруулж байна. Ганцхан Монгол улс л хүүхдээ 8 настай, Ирланд 4 настай сургуульд өгч байна гэж мэдээлсэн байдаг. Өнөөгийн даяаршлын, дэлхий дахинд өрнөж буй дээд боловсролын өрсөлдөөний эринд Монгол улс нь хүүхдийг хэт хожуу сургуульд оруулснаас үүдэлтэй хувь хүн болон улс орны эдийн засагт алсдаа гарах хохирлыг зохицуулж чадахгүй бөгөөд энэ нь хойч үедээ асар их сөрөг үр дагавар авчрах юм гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. 2011 оны “Global Education Digest”ийн дэлхийн 207 улс орнуудын боловсролын харьцуулсан статистик үзүүлэлтээс харахад 10 жилийн бүрэн дунд боловсрол зэмшүүлж байгаа 5 орон, 11 жилийн боловсрол эзэмшүүлдэг 33 орон, 12 жилийн боловсрол эзэмшүүлдэг 118 орон, 13 жилийн боловсрол эзэмшүүлдэг 50 орон, 14 жилийн боловсрол эзэмшүүлдэг 1 орон тус тус байдаг юм байна. 10 жилийн боловсрол эзэмшүүлж байгаа 5 орны тоонд Армени, Туркменистан, Филиппин, Гибралтар, БНАСАУ орж байна. Аравхан жил сурах юм чинь гээд тэд хүүхдүүдээ наймтай, естэй сургуульд оруулсангүй. Гибралтар 5 настай, Армени, Туркменистан 7 настай, БНАСАУ, Филиппин тус тус 6 настай хүүхдээ сургуульд өгч байна. Гэтэл 8 настай хүүхдээ сургуульд оруулдаг ганцхан орны тоонд Монгол орон 2014 он хүртэл орж байсан нь монгол хүүхдийн бие бялдар, уураг тархиний хөгжил бусад орны хүүхдүүдээс 1-2 жилээр хоцрогдож байна гэх дүгнэлтэнд хүргэхээр байлаа. 2014 онооос 12 жилийн боловсрол руу бүрэн шилжиж 6 настай сургуульд ордог систем руу орсон нь дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах дэвшил болсон юм. Сургуульд орох насыг тухайн хүүхдийн бие бялдрын хөгжил, танин мэдэхүйн хөгжил, нийгэмд дасан зохицох чадамж, бүтээлч байдал, сэтгэл хөдлөлийн төлөвийг хүн судлалын, бие бялдрын, тархи судлалын, боловсролын талаас нь олон жилийн турш судласны үндсэн дээр тогтоодог.

Бие бялдрын хөгжлийн хувьд монгол хүүхэд нь бусад улс орны хүүхдүүдээс огт ялгаагүй, харин зарим нэг үзүүлэлтээрээ илүү байгааг судлаачид гаргасан байдаг. АШУҮИС-ийн эрдэмтэд М.Мөнхзаяа, О.Чимэдсүрэн. Н,Хүдэрчулуун нар “Монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн төлөв, акцелераци, децелераци” сэдэвт судалгаандаа монгол хүүхдийн өсөлт хөгжлийн төлөв байдлыг ДЭМБ-ын стандарттай харьцуулан судлаж монгол эрэгтэй хүүхдүүдийн биеийн өндрийн дундаж хэмжээ 10,14 насандаа ДЭМБ-ын стандарттай ижил, ойролцоо, 6-9 насандаа ДЭМБ-ын стандартаас илүү үзүүлэлттэй, 7-16 насны Монгол охидын дундаж өндөр ДЭМБ-ын дундаж стандарттай ижил төстэй байгааг тогтоосон байна. Харин Улаанбаатар хот болон хөдөөгийн хүүхдүүдийн бие бялдрын өсөлтийн гол ялгаа нь 9-13 насны хүүхдүүдийн өндөрт байна гэсэн дүгнэлт гарсан нь ямар нэгэн хүчин зүйлд бус, харин хүн амын материаллаг болон соёлын амьдралын түвшнээс тодорхой хэмжээнд хамаарч буй.

Хэлний хөгжлийн хувьд хүүхэд сургуульд анх ороод дунджаар 5,7 үг оролцуулсан бүтэн өгүүлбэр хэлэх чадамжтай болж жилээс жилд хэлний дүрэм, хэллэг нь хөгждөг. Зургаан настай монгол хүүхэд нь бусад орны хүүхдүүдийн адил нэгэн зэрэг 3 командыг гүйцэтгэх чадвартай байдаг. Зургаан наснаас хүүхдүүд нийгмийн тодорхой бүлэгт хамаарагдах, найз нартай болох гэсэн нийгэмд биеэ авч явах суурь нь тавигддаг. Энэ насанд үерхэл маш чухал байр суурийг эзэлдэг. Ихэнх хүүхдүүд энэ насанд худал ярих, хулгайлах зэрэг үйлдлүүдийг хийж үзэх гэж оролддог талаар хүүхдийн сэтгэл судлаач нар бичсэн байдаг. Иймд, эцэг эхчүүд анхааралтай байж зөв бурууг нь тайлбарлаж өгөх маш чухал. Өөрсдөө үлгэр дуураальгүй, хэлсэн амандаа хүрэхгүй байх, “аав, ээж нь уравлаа” гэсэн байдлыг харуулбал ингэж болдог юм байна гэсэн ойлголтыг авч, цаашид хүүхдийн хүмүүжилд маш хүндээр тусдаг. Яг энэ үед аюулгүй байдлын талаархи ойлголтын үндэс суурь тавигддаг. Өглөө эрт сэрж сурах, машинаас болгоомжлох гэсэн ойлголтууд ухамсартайгаар төвөлшиж эхэлдэг энэ үед нь л зааж, сургаж, сургуулийн хөтөлбөрт оруулж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тархинд нь мэдлэг болгон суулгаж өгөх чухал. Зургаан насанд хүүхдийн хэр бүтээлч байх төлөв байдлын суурь бий болдог учир эцэг, эх, багш, хүүхдийн гурвалсан харьцааг үүсгэж, дэжих, урамшуулж, идэвхитэй байлгахад түлхүү анхаарах хэрэгтэй.

Хэрэв анхнаасаа идвэхигүй байлгаад сургачихвал бүх насаараа идэвхигүй болдог. Зургаан насанд хүүхэд бие бялдар, оюун санаа, физиологийнхоо хувьд нийгмийн харилцаанд ороход бэлэн болсон энэ үед нь сургуулиар дамжуулан амьдралын болон шинжлэх ухааны мэдлэгийг олгох чухал юм. Нэгэнт манай улс 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоонд шилжсэн тул, бид бусад улс орнууд болон дэлхий нийтийн боловсролын талаар баримтлах чиг хандлагын дагуу хүүхдүүдээ зургаан настай сургуульд оруулах учиртай. Гагцхүү бяцхан хүүхдүүдийнхээ сурах орчин, олох мэдлэгийг стандартын хэм хэмжээнд байлгах төрийн тогтвортой бодлого, мөн хүүхдүүддээ сурах боломжоор нь хангах гэр бүлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Харин эцэг, эхчүүд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ үр хүүхдүүдийнхээ төлөө зориулж, төрийн хариуцлагыг өндөржүүлэх дээр иргэний хяналтаа тавих нь зөв болов уу. Ямар ч уужуу ухаантай монгол хүн ирээдүйд мэдлэг оюунаараа өрсөлдөн Монгол хүний чадамжийг харуулж, Монгол улсын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх хойч үеийнхээ бусадтай хөл нийлүүлэн алхах боломжийг алдагдуулж, өөрсдийн амьдралаа зөв зохион байгуулж чадаагүйн улмаас зөвхөн өнөөдрийг харж ирээдүйд тэднийгээ хохироох бодолгүй бас тийм эрх хэнд ч байхгүй гэж бодож байна.

Нэгэнт хүүхэд маань сургуульд ороход бүрэн бэлтгэгдсэн гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон байхад бидний хөдөө, хотод амьдрах, хүүхдээ дагаж эхнэр нь явснаас гэр бүл салах гэх мэт асуудал хүүхдэд огт хамаагүй юм. Бусад улс орны ижил настангууд сургуульд орж, номын дуу сонсож, эрт ажилд орж, амьдралаа авч явах чадамжтай болж байхад Монголын хөдөө нутагт төрснөөрөө эсхүл Монголын иргэн болсноороо 8 настай сургуульд орж, 19,20 настай харчуул, хүүхнүүд 16,17 настай хүүхдүүдтэй нэг ширээний ард суух, үндсэн хуулиараа олгогдсон аав, ээж болох эрхийг нь сургуульд сурч байгаагаар нь боймлож хорих, эсхүл нэгэнт ээж, аав болсон байхад нь сургуулиас үүгээр нь үндэслэн завсардуулах явдал гаргахгүйн төлөө бид одооноос сайтар тунгаан бодох учиртай.

Иймд аль талаас нь ч бодсон хүүхдүүд нас насаараа байж, нас насандаа авах мэдлэгийг стандартын дагуу авах ёстой. АШУҮИС-ын судлаач Б.Оюунсүрэн С.Болормаа, Ч.Цолмон нар “Сурагчдын биеийн жин, цүнхний жингийн хамаарал” судалгаа хийж манай бага ангийн хүүхдүүдийн цүнхний жин биеийн жингийн 13,9 3,5% эзлэж байгааг тогтоосон нь ДЭМБ-аас гаргаж буй цүнхний жин тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэх ёсгүй гэсэн зөвлөмжийг зөрчиж байна.

Цүнхний жин илүү байх нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж, бага ангийн хүүхдүүдийн 74,6 хувьд нуруу нугалмайн яс булчин, хүзүү, мөр, сээрэнд зовиур илэрсэн судалгаа байна. Сурагчдын булчингийн тогтолцоонд илэрч буй зовиур нь цүнхээ үүрч явах хугацаатай статистик ач холбогдол бүхий хамааралтай, бага ангийн нийт хүүхдүүдийн 56 хувь нь 21 минутээс дээш явган явж байгаатай холбоотой юм. Иймд бага ангийн хүүхдийн гэрээсээ сургууль хүртэлх зай 15 минуутаас хэтрэхгүй явган явах зайнд байрлавал зохистой. Биеийн жингийн 10 хувиас илүү хүнд цүнх үүрч явах нь энерги зарцуулалтыг ихэсгэж, бие урагшаа бөхийх байдал бий болсноос уушигны амьдралын багтаамжийг бууруулдаг. Цүнхний дээд ирмэг хүүхдийн мөрнөөс 2,5-5 см зайтай байх нь тохиромжтой гэж судлаачид үзэж байна. Манай бага ангийн хүүхдүүдийн 91 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг үүрч байна.

Иймд, хүүхдүүдээ сурч боловсрох, дасан зохицох, өвчин эмгэг авахгүй байх, бие бялдрын зөв хөгжил, хүүмүүжил олох тал дээр эцэг, эхчүүд бид өөрсдөө мэдлэгтэй, оролцоотой байх шаардлагатай.

 

Ж.ЦОЛМОН, А/У-ны доктор, профессор

https://www.facebook.com/jtsolmon.mn/photos/a.334650766582315.75421.334054029975322/1176209692426414/?type=3


URL:

Нэр: зочин Огноо: 7 December 2016

Цолмон сайд минь ээ, бусадтай харьцуулахад оройтсон мэт боловч 6 настай хүүхдээ одоогийн ийм байдалтай сургуульд өгөхөд үнэхээр хэцүү байна аа. Нэг ангид дэндүү олноороо суух, олон хүүхэдтэй тулж ядарсан багшийн гарт орох, дэндүү хүнд хичээл үзэх гээд их олон хэцүү байна

Сэтгэгдэл бичих